Английн ханхүү Чарльз гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт захидал илгээсэн тухайн тэрбээр өмнөх ярилцлагадаа дурдаж байсан. Өнөөдөр болох "Монгол сонгодог 2" тоглолтод нь оролцохоор ирсэн ОХУ-ын ардын жүжигчин Дарим Линховойн багш нь энэ захидлыг дайж ирсэн бөгөөд өнөө өглөө дуучин залуу захидлаа олон нийтийн сүлжээгээр дэлгэв.
Ханхүү өмнө нь түүний дуулсан "Гилбэрийн хатан" дуурийн Елецкийн ариг шимтэн сонссоноо дурдаад түүний дуурийн од болох гайхамшигтай ирээдүй хүлээж буйг ч тодруулсан байна. Мөн ОХУ-ын Мариинский театрт түүнийг дуурьт дуулахад нь үзэхээр очно гэдгээ ч бичсэн байна.
Английн хатан хааны урилгаар нь ордонд нь очиж дуулсан монгол залууг ирэх жил АНУ-ын Метрополитан театрын тайз хүлээж буй. Алдартай театруудын урилга Г.Ариунбаатарт хаяглан ар араасаа хөвөрч байгаа ч тэрбээр нутаг руугаа яаран, эх орон ард түмэндээ ая дуугаа өргөхөөр ирээд буй.
Өнөөдөр орой 19.00 цагт "Монгол сонгодог 2" тоглолт үзэгчдийн хүртээл болно.