Т.ГАЛСАН
Ардын уран зохиолч
- Зочид буудлаас утасдаж байна.
- Юу гээ вэ?
- Түргэн ирж туслаач!
- Юу болоо вэ?
-Төвөөс нэг аймшигт амьтан ирсэн нь тодорхой. Ёстой л урьдынхаар бол хувилгаан, одооныхоор бол хулигаан бололтой.
- Яана гэнээ?
- Маанийн номтой үед бол чөтгөр
Маршал Чойбалсангийн үед бол “эсэргүү” манай аймагт иржээ.
- Тэр гайхал юу мундаргаж байна?
- Буудлыг буулгахын даваан дээр байна.
-Буу зэвсэгтэй юм уу? Дэлбэрдэг.., тэсэрдэг бөмбөгтэй юм уу?
-Ил харагдах их буу, гунан буу алга. Гранат... гар буугаа одоохондоо хэрэглээгүй байна...
- Буудлыг аль талаас нь яаж сүйтгэж байна?
-Өвлөөс өрсөөд битүүлж наасан цонхнуудыг зад зад татаж, цаас, хөвөнг цасан хунгар шиг хөглөрүүлж... чанга чанга хашгирч байна.
- Юунаас болоод тэгэх шиг болов?
-Аймгийн “малгүй нэгдэл” буюу залуу зохиолчдын нэгдлийн халуун нь дэндсэн багачуул сэм сэм ирээд л... шивнэлдэн шивнэлдэн ороод л, гараад л байсан...
- Тэгээд?
- Тэд л тэр гайхлын галзуу дээр нь гал охь нэмчихэв бололтой.
- Яаж мэдээв? Эд мөрийн баримт? Юу байна?
- Гайхалтай нь нэг ч лонх алга. Доторхийг нь уугаад гадуурхийг нь идчихдэг ид шидтэй гайхал бололтой.
- Өөр яаж байна?
- Олон мянгын үнэтэй төгөлдөр хуурыг хоёрдугаар түүхий эд болгов бололтой.
- Юугаар? Сүхээр үү?
- Үгүй ээ. Улаан гараараа... Гучин хоёрын туухай шиг хоёр том гар од шүүрэх гэсэн мэт агаар самран гарч хөөрснөө түлээчний сүх шиг гялсхийн хөгжим дээр буухад сүртэй их дуун гарч, хувилгааны урт үс нь тулалдан бүхий азарганы дэл шиг сагсалзан шаширлаад байна.
- Хөгжим ч эвдэрсэн л биз дээ?
- Хөгжим “Авраач ээ!” гэж чарлах адил огцом дуугарснаа, амь тасрах Дездемон адил дуугаа хурааж байна. Удалгүй ёолох мэт чарлаж байна.
- За өөр мэдээлмээр юм байна уу?
- Та, замдаа эмнэлгээс мэдрэлийн эмч авчрахад гэмгүй болов уу?
- Яагаад?
- Магадгүй... Хувилгаан ч биш, хулигаан ч бус хугас мэдрэлтэй бүтэн хүн байж болзошгүй. Нэг хүүхэнд сээтгэнэмэр болсон... Цаадах нь тоогоогүй... Тэгээд л ухааных нь тал урагдчихсан, гоожчихсон бололтой.
- Чи яаж мэдээв?
- Авгайгаа ч гэж дээ... өнөөх бүсгүйгээ ахин дахин дуудаад байна!
- Хэн гэж?
- Алтаа минь... Алтаа минь!
Азаар заяасан... ч гэнэ үү. Завхай үгтэй дуугаа цаанаа нэг үнэн голоосоо үглэн дуулах нь үс сүрсиймээр, өрөвдөн уярмаар.
Сүржин ийм дуудлага авсны дараа сэргийлэгч би аймгийнхаа ганц зочид буудлыг зорив. Мөн ч хэрсүү сэргийлэгчийн ёсоор “111”-д хоригдож буй аймгийн арслан Данхарыг дагууллаа. Данхар хурим хийхийнхээ урьд орой “дэглэгдсэн” ажээ. Замдаа би Данхарт тодорхой үүрэг өгч дохио зангааны хэл, жүдогийн мэх, каратэгийн хариулга, у-шу-гийн довтолгоон заасан минь ч мэдээж.
Буудалд очлоо. Болзошгүй аюулд биеэ бэлтгээд, ялсан, ялагдсан ч дувт довтолсоор эцсээ үздэг боксчин шиг аюулын голомтын зүг өөрийн биеэр манлайлан гэнэтхэн дайрав.
Нээрээ соёлтой байрын царайтай, сансрынхны дуулга гэмээр хувцастай залуу төгөлдөр хуур тоглонгоо дуулж (гайхалтай гоё уйлж) сууна. Би юуны түрүүнд хэрэг төвөргөөний гол зэвсэг гарыг нь сайтар ажлаа.
Сэхээтний цагаан гарт хүндийг өргөгчийн шөрмөслөг хүрэн булчин угсраатай нь гайхалтай төдийгүй нэн аймшигтай.
Тэрбээр Данхар бид хоёрыг анзаарах ч ухаан алга. Уйлж байна. Дуулангаа уйлна гэдэг бол хагас галзуу буюу агсам хүний долдугаар шинж гэдгийг хар санаатнуудтай хутгалдаж өдий хүрсэн би мэдэлгүй яахав.
Буудлын үйлчлэгч цаг алдалгүй шуурхай мэдээлж, би амь үл хайрлан гэнэт довтолсны ачаар солиотыг баривчилж амжлаа.
- Ээ хайран дуу! Хайран дуу! Шинэ дуу төрөх гэж дуншаад... гэж үглэж эхэлснээс нь хойш би түүнийг солиотой гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй.
Буудлаас эрүүлжүүлэхийн зүг авч явах замд тэр:
- Та нар хэзээ хүн танина даа! Хүч бол мунхаг хар. Ухаан авьяас бол гэгээн байдаг. Би үхнэ. Дуу үлдэнэ гэж үглэх нь эрүүл хүн болж жүжиглэх гээд өвчтэйгөө улам ч батлав.
- Энэ чинь солиотой хүн биш, ер бусын сод хүн байна. Саяны хэлсэн үгнүүд бол мэргэдийн сургаал дотор байж байхад ч гологдохгүй гэж Данхар арслан хүүхэд шиг уярсныг яана.
- Солиотон гэдэг чинь усан тэнэг биш шүү дээ! Мэдрэлийн шаариг нь заримдаа дутна. Тэр үедээ түүнээс мангуу амьтангүй. Заримдаа шааригны нь тоо эрүүл биднийхээс ч илүү гарна. Тэр үедээ түүнээс сэцэн хүн үгүй гэж би Данхарыг сэнхрүүлэв. Тэр байтугайг эрүүлжүүлж сурсан бид энэ байтугайг мэдэлгүй яахав.
Чөтгөрийг ч, чөдөр галзууг ч номхтгодог шавар авдартаа айхтар галзууг эсэн мэнд авчирлаа. Эмч ирэхээс өмнө би урьдчилан байцаав.
- Намар ямар улирал вэ гэхэд
- Уртын дууны улирал... Усны шувуу багш нь... гэж солиоров.
- Хамгийн сайхан улирал юу вэ гэхэд:
- Өвөл гэж солиорлоо.
- Яагаад гэж сонжсонд
- Унтахад шөнө нь урт, идэхэд мах нь элбэг гээд чийдэнгийн бүрхүүл савлатал инээлээ.
- Одоо ямар улирал эхэлж байна гэхэд: - Жихүүн өвөл гэж эрүүл хүн гэж эндүүрэм зөв хариулж байна.
- Та ямар санаатай өвлийн хүйтнээс хамгаалж наасан цонхнуудыг зад зад татан нээсэн бэ гэхэд:
- Тэр муу бачуу өрөөнд чинь уужуу дуу хоригдоод, цухалдаад байхаар нь суллаж нисгэсэн юм гэдэг байх шүү!
Энэ үгийг солиот 1937 онд хэлсэн бол цастай нүхэнд цустай толгой нь бөндгөс! 1964 оны бүгд хурлын дараахан хэлсэн бол Өмнөговь руу өвлийн хүйтнээр түүдгэс! Аз болоход өнөөдөр 1987 он. Хамгийн гол нь дээрх үг ухаан санаа нь орж гарч байгаагийн шинж гэдгийг би эс андахав!
Эмч ирж бид хоёрын яриа тасарлаа. Эмч, солиот хоёр инээж дуулж нэлээд удсан нь мэдээж! Цагийн дараа эмч буцахдаа:
- Суллаж болох эрүүл хүн байна гээд “түргэний тэрэг” хэмээх үнэгүй тахиараа (таксигаараа) давхин одов. Би хотоос ирэгсэд дунд төдийгүй эмч дунд ч бас “солиотой” хүн мэр сэр байдгийг мэдээд авлаа.
Миний солиот намайг:
- Найз аа гэж дуудаад,
- Чи төгөлдөр хуур авчирч өгөөч! Олдохгүй бол баянхуур байсан ч яахав! Лимбэ ч болно доо. Би цагийн үнэ өртгийг нь гомдоохгүй шүү гэж байна.
Энэ этгээдийнхээр бол “эрүүлжүүлэх газар”-ыг төгөлдөр хууртай, зандан ортой, өнгөт зурагттай, зуун граммтай, тохилог дэн буудал болгох ёстой аж. Эсвэл би хахуульд урхилагдах учиртай болж таарах нь ээ!
Маргааш өглөө нь Солиотыг эрүүлжүүлэхээс гаргах, гаргахгүй тухай нэлээд маргаан аймаг даяар болсны эцэст:
1. Буудлын болоод, эрүүлжүүлэх газрын ор хоногийн мөнгийг 100 хувь төлүүлж юуны урьд улсыг хохиролгүй болгох,
2. Зочид буудлын цонх дэлбэ татаж 500 г цаас, нэг кг хөвөн, цавуу, жонхуу сүйтгэсэнд нь торгууль оногдуулж нийтийн ахуйн үйлчилгээг хохиролгүй болгох,
3. Ийм болчимгүй этгээдэд томилолт өгч хөдөө явуулсан Соёлын яаманд эсэргүүцэл бичих,
4. Энэхүү нөхрийн албан байгууллагад зочид буудал, аймгийн сэргийлэхийн хамтарсан албан дагалт бичиг явуулах,
5. Согтуучуулд зааж, шөнөжин дуулуулсан урьд дуулдаагүй завхай дууг “ахин дуулахгүй!” гэсэн баталгааг эрүүлжигчдээс гаргуулж нийтэд түгээхгүй байх талаар хяналт тавьж сонор сэрэмжтэй ажиллах,
6. Хэрвээ энэхүү этгээд нь (хот орохоосоо өмнө) тус аймгийн нутаг дэвсгэр буюу агаарт (онгоцон дотор) ямар нэгэн ноцтой хэрэг үйлдвэл “суллаж болох эрүүл хүн” гэж баталгаа гаргасан мэдрэлийн эмч Гунгаагийн мэргэжлийн зэргийг эвдэж бууруулах буюу арьс өнгөний эмч болгох,
7. Шуурхай, зоримог, цаг үеэ олсон арга хэмжээ авч, мөн зайлшгүй шаардлагатай хүч хэрэглэсний ачаар учирч болзошгүй маш ноцтой аюулыг чадмаг зайлуулж чадлаа. Энэхүү үйлсэд гавьяат хувь нэмрээ оруулсан сэргийлэгч Соль, сайн дурын нөхөрлөлийн гишүүн аймгийн арслан Данхар нарт баяр хүргэж, цаашдын сэргийлэх хөдөлмөрт нь улам их амжилт хүссүгэй! гэсэн шийдвэр гарч энэ явдал “амар сайхандаа жаргавай”.
Солиот, эрүүлжүүлэхийн хөлсийг өвлийн өвгөний бэлэг шиг хүндэтгэлтэйхэн тушаагаад:
-За баяртай! Мөдхөн би та нартаа ая эгшгийн мэндчилгээ дэвшүүлнээ гээд намайг нөхөрсгөөр тэвэрч, Данхарын духан дээр үнсээд онгоцны буудал өөд яарч билээ.
Хэдхэн хоногийн дараа радиогоор “Зулай цагаан Алтай” гэдэг сүр төгөлдөр, уужуу тавиу, сэтгэл хөглөсөн сайхан дуу дуурсахад бахдан бишрэх, айн түгших, харуусан гэмших гурвалжин ухааралд бид автаж билээ.
Урьд манай Алтай нутагт хэчнээн олон зочин гийчин ирснийг тоочиж баршгүй. Харин Алтайн тухай тийм төгс төгөлдөр дуу зохиох хүн нэг ч ирээгүй нь үнэнээс үнэн билээ.
Тэр дууг өнөөх “Солиот” зохиосныг мэдсэнээсээ хойш би Алтайнхаа уул усыг хайрладаг шигээ, Хонгор нутгийн хүү, хөгжмийн суу билигтний нэг Чойгивийн Сангидоржийг хайрлан бишрэх болсон билээ.