"Монгол HD" телевизээс санаачлан зохион байгуулсан "Авьяаслаг монголчууд” шоуны ялагч Дархан-Уул аймгийн хөгжмийн "Эгшиглэнт чимээ" хамтлагийн хүүхдүүдэд БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардууллаа.
Энэ үеэр Л.Гантөмөр сайд хэлэхдээ “Анх сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байхад С.Жамъянхорол багш “Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л гэж байдаг болохоос сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхдийн урлагийн мэдрэмжийг хөгжүүлсэнээр бусад чадварууд зэрэг хөгждөг” гэж хэлж байсан юм. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдгийн тод жишээг манай С.Жамъянхорол багш харуулсанд их баяртай байна. Та бусад багш нарт үлгэр дууриал болж чадлаа” гэсэн юм.
С.Жамъянхорол багш “Гантөмөр сайдын санаачилгаар 2012 онд “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдүүдээ бэлдэж эхэлсэн. Энэ уралдаанд амжилт үзүүлэх болсон нь үүнтэй нягт холбоотой гэдгийг хэлмээр байна. Нэгдүгээр байрт орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байна. Мөн Гавьяат багш хэмээх эрхэм цолд тодорхойлсон БСШУЯ-ны сайдад баярлалаа” гэв.