Монголчууд эртнээс нааш нүүдэллэн, мал аж ахуй эрхлэн, байгаль дэлхийгээ аргадан аж төрсөөр ирсэн. Энэ замнал энгийн хэдий ч гайхамшигтай олон түүх, соёлыг агуулсаар иржээ.
Нүүдэлчин ахуйгаас “өндийсөн” уртын дуу, морин хуур, тууль гээд бахархам соёлын биет бус баялаг бидэнд бий. Харамсалтай нь, зарим зан үйл, соёлоо бид мартаж, өвлөн тээгчид нь цөөрснөөр аюулын харанга дэлдэж буй юм.
Соёлын олон төрөл зүйлийг авч үлдэхийг эрхэмлэдэг ЮНЕСКО 2001 онд соёлын биет бус өвийг хамгаалах конвенц гаргаж, манай улс 16 дахь орон нь болж 2006 онд нэгдсэн юм.
Үүний үр дүнд Монгол Улс 2009 онд цуур, тууль, бий бийлгээ, 2011 онд лимбэний битүү амьсгаа, 2013 онд уран бичлэгийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж, шат дараатай ажил хийгээд байна.
Хамгийн сүүлд Намиби улсын нийслэл Виндхук хотод болсон Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар ботго авахуулах зан үйлийг энэ жагсаалтад бүртгэсэн билээ.
Өмнөговь Мандал-Овоо сум. Өв тээгч Ганчимэг, хуурч Б.Баясгалан
Өвөрмөц өв соёлоо авч үлдэхийн тулд үндэсний жагсаалт гаргаж, хоёр жилд нэг удаа тогтмол биет бус хоёр өвийг Яаралтай хамгаалах жагсаалтад бүртгүүлж, хүн төрөлхтний анхааралд хүргэж байгаа Соёлын өвийн төв болон тус газрын Соёлын биет бусын өвийн хэлтсийнхний хийсэн ажлын үр дүн нь энэ юм.
Тиймээс бид энэ удаа тус хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө зөвлөх болсон С.Юндэнбат болон түүний хүү ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатар нартай уулзаж энэ өвөрмөц зан үйлийн тухай мэдээлэл авсан юм.
С.Юндэнбат болон түүний хүү ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатар
НЭР ДЭВШҮҮЛСЭН ӨВ БОЛГОНЫГ ЮНЕСКО БҮРТГЭДЭГГҮЙ
ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад хамгийн сүүлд найман улс, найман өвөө бүртгүүлэхээр нэр дэвшүүлснээс хороо таван өвийг бүртгэн авсан байна.
Тэгэхээр нүүдэлчин ахуйн өвөрмөц зан үйлийг олон улс онцгой хэмээн үзэж, нийтээрээ анхаарал хандуулахыг ийн дэмжсэн байгаа юм.
Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулахдаа малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэж ирсэн бөгөөд ингэнд ботго авахуулахад “хөөс” хэмээх тухайлсан аялга, дуу-дохиог хэрэглэдэг.
Ингэ, үнээ, гүү ивэлгэж үзсэн хүнд энэ үг танил санагдах байх. Ивэлгэсэн малаа саахад сүү хөөсрөн хувин дүүргэдэг болохоор ядарч туйлдсан бяцхан ботгыг цатгахын тулд ингийг аргадахдаа “хөөс, хөөс” хэмээн аялгуулан дуулдаг ажээ.
Хөөслөн аргадах энэ аргыг тэмээчин айлын эзэгтэй бүр эзэмшсэн байх боловч энэ арга амжилт олохгүй тохиолдолд дуу, хөгжимд мэргэшсэн ардын авьяастан оролцох зайлшгүй шаардлага гардаг.
Хэрэв тухайн хот айлд уг зан үйлд мэргэшсэн авьяастан байхгүй бол өөр газраас тусгайлан урих бөгөөд энэ тохиолдолд эх малд төл авахуулах зан үйл нь шүлэг, дуу, хөгжим, түүний дотор морин хуур, аман болон хэл хуур, лимбэ зэрэг хөгжмийн төрөл зүйлтэй холбогдон нийлмэл зан үйл болдог.
Мэдээж ийм их ажил болоход айл хотлоороо цуглан, ингэ ботго хоёрыг ижилдүүлэхийн төлөө сэтгэл нэгдэн оролцдог байна.
Сонирхолтой нь ботгоо голж, эсвэл эх нь эндсэн ботгыг амлуулахгүй хэмээн “зөрүүдэлсэн” ингэ дуу, хуур, хөөслөх аялгуунд уярч, ихэвчлэн үүрийн гэгээ, үдшийн бүрийгээр ботгоо авдаг байна.
Нялх, өнчин ботгыг өлсгөхгүйн тулд бүх ажлаа хойш тавин ингэ хөөсөлсөн эзэгтэй ч энэ торгон мөчид тэмээтэй зэрэгцэн нулимс бөмбөрүүлэх нь бий.
Өмнөговь, Баянхонгор аймгийн хэд хэдэн суманд очиж судалгаа хийсэн С.Юндэнбат, Ю.Болдбаатар нар ч энэ тухай дурсан ярихдаа сэтгэл нь хөдөлж байгаа нь илт.
Өмнөговь Мандал-Овоо сум Дааням ургийн Цэвээнбудын 3 дахь үеийн өв тээгч тэмээчид
АХУЙ СОЁЛ ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ АРД ТҮМНЭЭСЭЭ ХОЛДСОН НЬ ЭМГЭНЭЛ
Айл хотлоороо цуглан тууль хайлж, нэгэн гэрээрээ үдшийн бүрийг үл тоон хөгжилдөн сууж асан он жил алсран холджээ. 2-3 хоног үргэлжлэх тууль бүү хэл, 2-3 цаг болж байгаа хөгжмийн тоглолт тэвчээртэй үзэх хүн ховор.
Энэ мэтээр өв соёл маань ахуйгаасаа холдож, хөдөө суманд морин хуур, лимбэ тоглодог хүн цөөрсөн. Ботго авахуулах зан үйлийг Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажилласан судлаачид ч үүнийг баталж байсан юм.
Тэдний очсон суманд чадварлаг хөөсөлдөг эмэгтэй таараагүй хэрнээ аймгийн төвд амьдарч байгаа хүн нь энэ зан үйлийг чадамгай эзэмшсэн байжээ.
Тухайлбал, Өмнөговь аймгийн төвд аж төрж буй Хүүхэндүү гуай ингэ хөөслөхдөө гаргуун. Харамсалтай нь, тэр малаасаа холдож, суурин газар бараадаад нэлээн хэдэн жил болжээ.
Ботго авахуулах зан үйл нь цогц соёл бөгөөд заримдаа ботгоо голсон ингийг ил галаар айлгаж, нохой хуцуулж, төрөлх хариу үйлдлийг нь гаргахыг зорьдог байна. Ийм үед хүссэн хүсээгүй ингэ нялх ботгыг хамгаалахыг хичээж, илүү хурдан уярдаг хэмээн малчид ярьжээ.
Энэ удаа ботго авахуулах зан үйлийг Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд малчид идэвхтэй оролцож, гарын үсэг зурж, баримтат кинонд тоглон, мэддэг чаддагаа хуваалцжээ.
Тиймээс цаашид тэмээчдийн хүүхдүүдийг морин хуур тоглуулж, лимбэдүүлж сургахаас гадна эцэг, эхээсээ энэ өвөрмөц зан үйлээ уламжлан үлдэх боломжийг бүрдүүлэх юм билээ.
Ботго авахуулах зан үйл нь тэмээн сүргийн голлох нутаг болох говийн аймгууд, түүний дотор Өмнөговь, Баянхонгор, Дундговь аймгийн тэмээчдийн ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж үеэс үед өвлөгдөж, баяжин хөгжиж ирсэн түүхтэй.
Дундговь аймаг. Дэлгэрхангай сум. Өв тээгч Б.Түвдэн, Д.Оюунбилэг
АЧЛАГЫН ТЭМЭЭГҮЙ АЙЛ Ч ГОВЬД БИЙ
Харанга дэлдэж, өв соёл минь устах нь, өвлөн тээгчид нь цөөрлөө хэмээн судлаачид болон малчид хамтран ЮНЕСКО-д материал бүрдүүлэн өгч байгаа нь цаашид улс орноо удирдан яваа хүмүүсийг ч энэ тал дээр анхаарал хандуулаасай гэж зорьсон хүсэлт юм.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч айл бүрийн хойморт морин хуур хөгжим залах зарлиг гаргасан нь улам түгсээр 999 морин хуурч төв талбайд тоглолт хийж, бий бийлгээг Яаралтай хамгаалах соёлын биет бусын өвийн жагсаалтад бүртгэснээр орон нутгийн хүүхэд багачууд, өв тээгчид Сүхбаатарын талбайд хамт бүжиж олон нийтийн анхаарлыг татаж байв.
Тэгвэл ботго авахуулах зан үйл хэмээх энэ нийлмэл цогц соёлыг түгээж, говийн аймгуудад авч үлдэхийн тулд улсын хэмжээний хөтөлбөр боловсруулж, уриалга, зарлиг ч гаргах боломжтой.
БСШУЯ, Соёлын өвийн төв, судалгааны багийнхны хүсэл нь ч ийм юм. Тэд энэ ажилдаа сэтгэл, зүтгэл гаргахаас гадна өв соёлоосоо алсран холдож буй хойч үеийнхнээ ч ахуйд нь ойр байлгах үүднээс олон ажил төлөвлөсөн байсан.
Малаа малаар нь хариулахаа больж мотоциклд найдсан залуу малчин, уналга ачлагадаа тэмээ биш “Портер” дайчилдаг говийн малчин цөөрөөсэй гэж тэд хүсэж буй.
Баянхонгор Баянлиг сум. Өлзийбатын Нэргүй, Амарбаяр, С.Чулуунтогоо, Н.Батбаяр нар гэр бүлийнхний хамт
Уламжлалын нарийн судал нь арай ч тасарчихаагүй болохоор өвлөн тээгчдээрээ дамжуулан тэднээсээ суралцаж, түгээн дэлгэрүүлэх боломж байгааг ч дурдсан.
Зарим айлд очиж судалгаа авах явцдаа аав, ээжээр нь үүх түүх яриулж, хэрхэн ботго авахуулдаг байсан тухай нь яриулахад хүүхдүүд нь гайхширч, “Эцэг эх маань ийм нарийн арга ухаантай байсныг мэдээгүй явжээ” хэмээн дуу алдаж байсан гэдэг.
Өв тээгч ээж охин хоёр. 95 настай ээж Цэвээнбуд, 77 настай охин Дүгэрхүү нар. Өмнөговь Мандал-Овоо сум.