“Монгол HD” телевизээс санаачлан зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдыг БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, Монголчууд ямар их авьяастай ард түмэн бэ гэдгийг энэ шоу харуулж чадлаа. А.Отгонбаярын хувьд дуулахын гайхамшгийг мэдрүүлж, М.Халиун Б.Тэмүүлэн хоёр мэргэжлийн бүжигчдээс дутахгүй гэдгээ нотолж, А.Уранчимэг, Э.Нарангарав нар уран нугаралтаар Монголыг дэлхийд гайхуулах шинэ үе гарч ирж буйг харуулсан бол Янзган хүрээ хамтлаг үзэгчдийг алмайруулж байлаа. Монгол авьяастнуудыг олонд таниулж, хүүхдүүдээ бэлтгэж энэ шоунд оролцуулсан багш нарт чин сэтгэлээсээ баяр хүргье. “Авьяас хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын бүх хүүхдүүд дугуйлан секцэнд хамрагддаг болсон. Хичээлдээ сайн байхын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх гэж эрмэлздэг хүүхдүүд маш олон байгаа. Та бүгд үүний нэг нотолгоо болж буйд энэ салбарын сайдын хувьд маш их баяртай байна. Тиймээс монголчуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлж байгаа юм шүү” хэмээв.
Түүнчлэн “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид болон тэдний багш нарт БСШУЯ-ны сайд Л.Гантөмөрийн нэрэмжит “Оны шилдэг хүүхэд” батламж болон гарын бэлэг өглөө. Харин тус шоуны гуравдугаар байрын шагналт А.Отгонбаярт Соёл урлагийн их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардууллаа.
Энэ уулзалтад тус шоуны ялагч "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхан ирэх байсан боловч "Монгол HD" телевизийн чухал үйл ажиллагаанд оролцож буй учраас ирж чадаагүй юм билээ.