"Авьяаслаг монголчууд" шоуны эцсийн шатны шалгаруулалт дөнгөж сая болж өндөрлөлөө. Эцсийн шатанд тунаж үлдсэн найман оролцогч бол барилгачин А.Отгонбаяр, дуучин О.Баярсайхан, уран нугараач Э.Нарангарав, "Янзган хүрээ хамтлаг", бяцхан бүжигчид Б.Тэмүүлэн, М.Халиун нар, "Эгшиглэнт чимээ" хамтлаг, уран нугараач А.Уранбилэг, лимбэ, ёочир хөгжмөөр үзэгчдийг гайхашруулсан Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар билээ.
Тэднээс үзэгчдийн саналаар наймдугаар байрт О.Баярсайхан, долдугаарт А.Уранбилэг, зургадугаарт "Янзган хүрээ" хамтлаг, тавдугаарт Э.Нарангарав, дөрөвдүгээрт Б.Тэмүүлэн, М.Халиун нар шалгарсан.
Баргил хоолойтой барилгачин А.Отгонбаяр гуравдугаарт байрт шалгарч, "Сэтгэл маш их хөдөлж байна. Энэ хүртэл намайг дэмжсэн Монголынхоо мянга мянган үзэгчдэд баярлалаа. Хамт өрсөлдсөн "Эгшиглэнт чимээ" хамтлагийн дүү нартаа болон хоёр ахдаа баярлалаа. Хоёуланд нь амжилт хүсье" хэмээн сэтгэгдлээ хэлсэн.
Хоёрдугар байрт шалгарсан Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар "Монголын үндэсний хөгжим өөрөө ийм гайхалтай юм" хэмээсэн.
"Авьяаслаг монголчууд" шоуны 2015 оны буюу анхны ялагч "Хас" банкинд байршуулсан 100 сая төгрөгийн эзнээр "Эгшиглэнт чимээ" хамтлаг тодорлоо.