"Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлгийн эцсийн шатанд өрсөлдөгчид үзүүлбэрээ үзүүлж дууслаа. Уран нугараач А.Уранбилэг хар хунгийн дүрд тоглож, сонгодог урлагийг уран нугаралттай хослуулж үзүүлбэрээ анхаарал татахуйц, сонирхолтой шийдэлтэйгээр эхлүүлсэн ч уран нугаралтын хурц элементүүд үгүйлэгдэж, үзэгчдийн сэтгэлд төдийлэн хүрсэнгүй.
Хагас шигшээ шалгаруулалтын эхний хэсгээс илт давуугаар шалгарсан барилгачин А.Отгонбаяр ч энэ удаад тэсрэлт хийж чадсангүй. Түүний коунтри хэв маягийг сонгож, дүрдээ бүрэн дүүрэн уусаж, дуугаа мэдэрч дуулаагүй нь алдаа болсон байж ч мэднэ. Тиймдээ ч түүний үзүүлбэрийг дуусахад үзэгчид "Илүү ихийг хүлээж байснаас ч тэр үү, сэтгэлд хүрсэнгүй ээ" гэх сэтгэгдлийг цахим ертөнцөд бичээд амжжээ.
Эхний шатнаасаа л үзэгчдийн хайрыг булаасан "Эгшиглэнт чимээ" харин эцсийн шалгаруулалтын хүчтэй өрсөлдөгч баг. Бяцхан хөгжимчдийн яс, чулуу, төмөр гээд гар доорх материалаар хийсэн хөгжмийн зэмсэг, ур чадвар, өхөөрдөм байдал гээд бүхий л талаараа үзэгчдийн хайрыг булаасан. Тиймдээ ч тэдэнд өгөх саналын тоо өндөр байх нь эргэлзээгүй.
Лимбэ, ёочир гэх үндэсний хөгжмүүд ямар гайхалтай дууг эгшиглүүлж, хөгжчимдөөсөө ямархан ур чадвар шаарддагийг харуулж чадсан хүмүүс бол Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар. Тэд үзүүлбэрээ үндэсний хөгжмийн цөөхүүл, амьд хөгжмийн хамтлагтай хоршуулж, шоу үзүүлбэр чухам ямар байх ёстойг харуулж чадсанаараа үзэгчид төдийгүй шүүгчдээс ч өндөр үнэлгээ аваад буй. Тиймдээ ч тэднийг "100 саяын эзэд болох нь ээ" гэх жиргээ твиттерт цөөнгүй харагдана лээ.
Бяцхан бүжигчид болох Б.Тэмүүлэн, М.Халиун нар эрч хүчтэй, цоглог хэмнэлээ энэ удаад ч алдсангүй. Тэдний үзүүлбэр хэзээд сонирхолтой дэглэлт, найруулгатай, анхаарал татам байдаг. Гэхдээ өмнөх үзүүлбэрүүдээс илт давуу байхуйц хурц тавилт, уулга алдам хүнд үзүүлбэрүүд байгаагүй нь тэднээс ихийг хүлээж байсан үзэгчдийн урмыг хугалах шиг боллоо.
О.Баярсайханы дотор огшиж, нулимс мэлмэртэл дуулдаг уянгын хэм маягаа энэ удаад ч алдсангүй. Дуугаа өөрийн болгож, чин сэтгэлээсээ дуулж, үзэгчдэд хүргэдэг нь түүний давуу тал гэдгийг гярхай үзэгчид хэдийнэ анзаарсан биз ээ. Харамсалтай нь түүний хоолой сааралтаж, алдсанаар үзүүлбэрийг үндсээр нь үнэ цэнэгүй болгочихлоо.
"Янзган хүрээ" хамтлаг энэ удаа үндэсний хэв маягаа орчин үеийн бүжгийн хэмнэлтэй хослуулахаар шийдэж. Тиймдээ ч хувцаслалт нь өмнөх үзүүлбэрүүдийнхээс задгай, эмэгтэй хүний галбирыг тодотгосон загвартай болж. Харин энэ эрс өөрчлөлт шүүгч Рокит Бэйд төдийлэн таалагдсангүй. Үүнийгээ ч тэрбээр нуусангүй. Магадгүй үндэсний бүжгийн сэтгэл татам хөдөлгөөн, элементүүдийг орхигдуулж хурдан хэмнэлээс өөр анхаарал татах зүйлгүй орчин үеийн бүжгээр сольсон нь тэдний алдаа болсон биз ээ.
Үзэгчдийн хандлага хэдийнэ "Эгшиглэнт чимээ", Т.Бархүү, Б.Мягмарцэрэн гэх хөгжимчдөд хуваагдчихаж. Түүнийгээ ч цахим сүлжээнд харамгүй хуваалцаж буй. Харин үзэгчдийн өгсөн саналыг тоолж, эцсийн дүнг 22.30 цагт зарлана. Одоо тэгэхээр хүлээх л үлдлээ. "Хас" банкин дахь 100 сая төгрөгийн хадгаламжийн эзэн хэн болох бол?