Гялтганан будрах цасан ширхэг, үлгэр амилуулсан гайхамшигт бүжгэн жүжигтэй ямар төгс хосолдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаас харлаа. П.И.Чайковскийн алдарт “Цөмөөхэй” балетыг өнгөрсөн жил Балетын хөгжил сангийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн тоглуулж, үзэгчдийн хүртээл болгосон. Энэ жил ч мөн адил 200 гаруй бяцхан бүжигчдийн оролцоотойгоор зургаан удаа “Цөмөөхэй”-г тоглуулахаар болж өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийлээ.
Дэлхийн таван тивийн 120 гаруй улсад Шинэ жилийн баяраар нэгэн зэрэг тоглодог “Цөмөөхэй”-г мэдэхгүй хүн ховор биз. Эрэлхэг модон цэрэг Хулганы хаантай тулалдаж, хариугүй ялагдахын даваан дээр түүнд Клара охин тусалснаар тэд үлгэрийн ертөнцөөр хамтдаа аялдаг. Ид шидийн ертөнцийг сонгодог хөгжим, бүжигтэй хослуулсан энэ бүтээлийг “Бостон балет” компанийн хувилбараар монголын үзэгчдэд хүргэж буй. Тайз болон хувцасны зураачийн ажил онцгой нөлөөлснөөр энэ балетыг үзэж буй ямар ч насны хүн тайзнаас хараагаа салгахын аргагүй болгосон байлаа.
Тодруулбал “Бостон балет” компанийн “Цөмөөхэй” балетын хувцасны загварыг нэрт дизайнер Давид Валкер зохион бүтээжээ. Тэрбээр олон улсад сонгодог урлаг, дуурьб олон балетын хувцасны загвар зохион бүтээгч гэдгээрээ танигдсан нэгэн. Бидний сйн мэдэх Английн хатан хааны театр болох “Роял опера”-гийн “Нойрсож буй гүнж”, “Үнсгэлжин”, Лондон фестиваль компанийн “Жизель” зэрэг балетын хувцасыг тэр урлажээ. Өнгөлөг бөгөөд чанартай, зохиолд өгүүлж буй цаг үеэ тодруулсан маш гоёмсог хувцасыг та эндээс үзэх боломжтой.
ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож энэ удаа Цөмөөхэйн дүрд бүжиглэсэн бол түүнтэй хамтран гавьяат жүжигчин Ч.Ганчимэг, М.Од, Б.Саруул нарын гоцлоочид болон бусад бүжигчид гайхамшигт үлгэрийг амилууллаа. Энэ балетад тоглуулах хүүхдүүдийг урьдчилан шалгаруулж, 200 гаруй хүүхэд сонгосон бөгөөд энэ удаа багачууд эрэлхэг зэрэг, хулгана, хурга болон Клара болон түүний найз охид, хөвгүүдийн дүрд хувирлаа.
Ирэх амралтын өдрүүд болон энэ сарын 26, 27-нд “Цөмөөхэй” дахин тоглох юм. Хоёр цаг гаруй үргэлжлэх энэ балетыг гурван настай хүүхэд ч анхааралтай сууж үзэж байснаас гадна завсарлагын 15 минутад үүдний танхимд зассан гацуур, аварга Цөмөөхэй болон бусад “амьтад”-тай гэрэл зураг авахуулах гэж гүйсээр багачууд завгүй өнгөрүүлж байсан.
ДБЭТ-ын тайзыг илүү өнгөлөг болгож, үүдний танхим болон эргэн тойрныг нь тэр чигт нь хүүхдийн дуугаар чимж чадсан “Балетын хөгжил” сан, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Нийслэлийн ЗДТГ болон “Хаан” банкны дэмжлэгтэйгээр энэ төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж, хүүхдүүдийг баярлуулж байгаа юм билээ.
“Цөмөөхэй”-гийн талаарх сонирхолтой мэдээлэл
- АНУ-ын 45 мужийн 90 гаруй “Цөмөөхэй” балетыг тоглодог.
- “Цөмөөхэй”-н түүхийг өгүүлсэн 25 уран сайхны кино байдаг.
- Гиннесийн номд бичигдсэн хамгийн том Цөмөөхэй хүүхэлдэй 10.10 метр өндөртэй.
- Цөмөөхэйн музей АНУ-ын Вашингтонд байдаг бөгөөд тэнд 6000 төрлийн хүүхэлдэй бий.
- “Бостон балет” компани 43 жил энэ бүтээлийг тогложээ.
- Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн хамгийн олон удаа бүжиглэсэн балет нь “Цөмөөхэй”. Бараг 250 гаруй удаа энэ балетын туслах болон гол дүрд тогложээ.