XX зууны Монголын улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд асан Пэлжидийн Гэндэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов.
Нээлтэд БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Урантөгс, П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн С.Бэхбат, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар ирсэн байв.
Ахмад түүхч, профессор С.Ичинноров “Тэрбээр Монголын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү цаг үед хариуцлагатай алба хашиж, Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан юм.
Тийм ч учраас түүний үйл хэрэг, алдар гавьяа нь түүхэнд тодрон үлдсэн” хэмээв. П.Гэндэн нь 1895 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд мэндэлжээ.
1924 оны арваннэгдүгээр сард БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга хэмээх өндөр албан тушаалд сонгогдсоноосоо хойш 11 жилийн хугацаанд Монголын төр, нам, гүйцэтгэх засаглалын удирдах албанд хүчин зүтгэж байгаад ЗСБНХУ, Коминтерний удирдлагаас Монголд тулган хүлээлгэсэн бодлогыг эсэргүүцэх болсны улмаас албан тушаалаасаа халагдан харь гүрэнд цөлөгдөж, эцэст нь төрийн дайсан хэмээх хилс хэрэгт гүтгэгдэн харамсалтайгаар амь насаа алджээ.
Хожим түүний нэр төрийг цагаатгасан ч 1990 он хүртэл нэрийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдахыг хорьж байжээ.
Энэхүү арга хэмжээ нь нэг талаас түүхэн зүтгэлтний аж амьдрал, үйл хэргийг өгүүлэх боловч нөгөө талаас тухайн үеийн Монгол орны нийгэм, цаг үеийн дүр зураг, хүн ардын аж амьдралыг харуулж буй хэрэг юм.
Үзэсгэлэнд П.Гэндэнгийн хэрэглэж байсан орос дуран, бягтруул хөгжим, ташуур, радио, дурсамж хуурцаг, ширээ, үнсний сав, тамхины асаагуур зэрэг эд өлгийн зүйл, амьдрал, үйл хэргийг нь судалсан эрдэмтдийн ном, ховор гэрэл зургийн 100 гаруй ховор, түүхэн үзмэрийг толилуулжээ.
Тухайлбал, анхны үндсэн хуулийн батлалцаж байсан түүхэн мөч, гадаад болон дипломат пасдортоо хүлээн авч буй агшнууд тэдгээр бүтээлд мөнхлөгджээ. Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл Монголын үндэсний музейд гарах юм байна.
БСШУЯ, П.Гэндэнгийн нэрэмжит сан, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивийн ерөнхий газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал есөн илтгэл хэлэлцүүлэв.
Илтгэлүүдэд түүний амьдрал, үйл хэрэг, үзэл бодол, байр суурь, сургамж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн тухай зэрэг олон асуудлыг хөндсөн бөгөөд П.Гэндэнгийн нэрэмжит сангаас тэдгээрийг эмхтгэн хэвлүүлэхээр төлөвлөөд буй аж.
Ж.Сувдмаа