Шинэ жил хаяанд ирлээ. Ердөө 10 гаруйхан хоногийн дараа бид шинэ онтой золгох гэж байна. Байгууллага хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглээд эхэлчихсэн энэ үед үдэшлэгтээ ямар даашинз өмсөх вэ гээд л санааширч суугаа юм биш биз.
Таны сонголтод нэмэр болох зорилгоор шинэ жилийн үдэшлэгийн даашинзны талаарх үнэтэй зөвлөгөөг хүргэж байна.
Оны трэнд гэхээр хамгийн эхлээд өнгө, материалын шинж чанар, чимэглэл ямар байх нь хамгийн чухал байдаг. Энэ жилийн гоёлын даашинз алтлаг, мөнгөлөг өнгийн нимгэн материалтай, шулуун загварын даашинзууд хүч түрэн орж ирж байгаа гэнэ. Мөн эмэгтэй хүнийг илүү тодруулж, ялгаруулж харагдуулахаар тод, ассан, галзууруулсан өнгөнүүд давамгайлах юм байна.
Гэхдээ өнгөрсөн жилийн гоёлын гол онцлог байсан торон, селкин материалтай богино даашинзууд байр сууриа тийм амархан тавьж өгсөнгүй. Мөн ажил хэрэгч бүхий өвдөг шүргэсэн богино загварын даашинзууд уламжлал ёсоор байсаар байна
Бүсгүйчүүд харилцан адилгүй галбиртай байдаг шүү дээ. Хэрхэн өөрийн биед тохируулж даашинзаа сонгох вэ?
Мэдээж хүн бүхэн сүүлийн үеийн загвараар хувцаслах дуртай байдаг. Зарим нь жаахан махлаг байхад, нөгөөх нь өгзөггүй, цээжгүй гэдэг ч юм уу зохиомж нь өөр. Хамгийн гол нь өөрийнхөө бие галбирт тохируулж хувцаслах хэрэгтэй. Бүсгүйчүүд маань өөрт нь зохихгүй байсан ч Энэ их гоё, сүүлийн үед моод болж байгаа гээд авчихдаг дутагдалтай. Тийм учир даашинзны сонголтоо өмсөж үзээд өөрийн биед хамгийн сайхан тохирч байгааг сонгох нь чухал аж.