Өнгөрсөн зууны үнэт эрдэнэ, хоолойгоо хөгжмийн зэмсэгтэй зүйрлэсэн дуучин Фрэнк Синатрагийн мэндэлсний 100 жилийн ой маргааш тохионо. Дэлхийн олон улсад энэ ойг тэмдэглэх бөгөөд тэдний нэг нь Монгол.
Түүнийг хүндэтгэн Улсын филармонийн дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Солонго нар “Баянмонгол” чуулгынхантай хамтран “Шангрила” зочид буудлын “Наадам” ресторанд маргааш уран бүтээлүүдээс нь хүргэх аж. Алдарт дуучны амьдрал уран бүтээлээс товч хүргэе.
Францис Алберт Синатра 1915 оны арванхоёрдугаар сарын 12-нд Нью Жерсигийн Хобокен хотод Энтонино Мартино Синатра, Наталина Гаравентагийн ганц хүүхэд болон мэндэлжээ.
Түүний эцэг усан үзмийн цэцэрлэгчийн хүү, Хобокений гал сөнөөгч, мэргэжлийн боксчин бол ээж нь Италийн Генуяа хотын чулуун сийлбэрчийн охин. Хос 1913 оны Валентиний баярын өдөр нууцаар гэрлэснээр домогт дуучин хорвоод мэндэлсэн гэдэг.
Фрэнк Синатра 6.1 кг жинтэй төрж эхийгээ зовоон хүзүү, чих, хацар нь гэмтжээ. Үүнээс шалтгаалж түүнийг адислах ёслол ирэх оныхоо дөрөвдүгээр сар хүртэл хойшилсон байна.
Тэрбээр уг гэмтлээсээ болж өсвөр насандаа мэс засалд орж байжээ. Католик сүмийн хүмүүжлээр өссөн дуучны хувийн зан чанар, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдалд эх нь их нөлөөлсөн гэж намтар судлаачид нь үздэг.
Гэхдээ түүний дөрөв дэх эхнэр, Барбара Синатра “Хадам ээж түүнийг бага байхад нь их гомдоодог байсан гэсэн” хэмээн ярилцлагадаа дурджээ. Түүний ээж багадаа дэндүү хөөрхөн байсан болохоор Долли буюу “хүүхэлдэй” хочтой гэнэ. Долли орон нутгийнхаа ардчилсан намын бүлэгт нөлөө бүхий хүн байв.
Домогт дуучныг судлаач Китти Келли эх баригч мэргэжилтэй Доллиг католик сургуулийн охидод хууль бусаар үр хөндүүлэх үйлчилгээ эрхэлдэг байсан гэдэг. Их хямралын үеэр ч Долли хүүгээ аятайхан хувцаслаж, найзуудтайгаа зугаалахад нь мөнгөөр хангадаг байжээ.
Хөршүүд нь Фрэнкийг гудамжныхаа хамгийн ганган хүүхэд гэнэ. Тэрбээр багаасаа л жааз хөгжимд дурлан, Жен Остин, Руди Валлие, Русс Коломбог шүтдэг байжээ. Нагац ах Доминико 15 насных нь төрсөн өдрийн баяраар үкүлэлэ бэлэглэснийг гэр бүлийн цугларалтаар тоглодог байв.
Тэрбээр ахлах сургуулийнхаа үдэшлэгт дуулж явсан. Гэхдээ төгсөхөөсөө 47-хон хоног дутуу байхад танхайрсан хэргээр сургуулиасаа хөөгджээ. Ээжийнхээ сэтгэлд нийцүүлэхээр “Дрэйк” бизнесийн сургуульд орсон ч удалгүй гарсан байна.
Аргаа барсан ээж нь түүний загалмайлсан эцэг, тоймч Фрэнк Гаррикын ажилладаг сонины хүргэлтийн үйлчилгээнд ажилд оруулжээ. Хүү дараа нь усан онгоцны үйлдвэрийн хадаас тавлах хэсэгт ч ажиллаж үзсэн байна.
Багаасаа мэргэжлийн дуучнаас дутахааргүй дуулдаг байсан тэрбээр сонсголоороо хөгжим сурсан юм.
Ачааны машины жолооч нараас бүрдсэн “3 Flashes” хамтлагт 1935 онд элсжээ. Тус хамтлагийн баритон хоолойт Фрэд Тамбюрро “Фрэнк бидний дэргэд гацсан бурхан шиг л байлаа” хэмээн дурсжээ. Тэд “Major bowes amateur hour” шоунд оролцож, 40 мянган хүний саналаар ялагч болж, тайз болон радиод зургаан сар дуулах гэрээ байгуулжээ.
Ингэхдээ нэрээ “Хобокений дөрөв” болгож өөрчилсөн. Удалгүй Синатра гоцлооч нь болж, охидын анхаарлыг ихэд татахад бусад нь атаархаж эхлэв.
Тэрбээр Нью Жерсигийн Энглэвүүд Клиффс хотын зам дагуух “Тосгоны оромж” уушийн газар 1938 онд дуучнаар орж, долоо хоногт 15 ам.долларын хөлс авдаг байжээ.
Тэр газар нь WNEW хэмээх Нью-Йоркийн радиотой хамтран ажилладаг байсан учир Синатра шууд дамжуулдаг “Бүжгийн парад” шоунд дуулдаг болов. Хэдий түүний олдог мөнгө өчүүхэн ч хайж байсан азтай тохиол нь энэ гэдгийг залуу дуучин зүрхээрээ мэдэрч байв.
Радиогоор түүнийг сонссон саксафонч Фрэнк Майн 1939 оны гуравдугаар сард хамтрах санал тавьж, “Бидний хайр” анхны дуугаа бичүүлсэн байна.
Мөн радиогоор Фрэнкийн дуулахыг сонссон жааз хамтлагийн ахлагч, бүрээчин “Харри жэймс” хамтлагтай долоо хоногт 75 ам.доллараар “Парамаунт” театрт тоглох гэрээ байгуулсан гэнэ.
Тус хамтлагтай Синатрагийн бичүүлсэн “Миний зүрх сэтгэлийн ёроолоос” дуу 8000-аас ч олон хувь борлогджээ. Дараа нь “Бүгд эсвэл юу ч биш” дуу бичүүлсэн ч өмнөх шигээ амжилт олоогүй байна.
Фрэнк Синатра чадвараа улам сайжруулахаар өөрийнхөө дуулдгаас хоёр тонн дээш “Миний анд”, “Энд шөнө ирнэ”, Сингапурын жижиг гудамжинд”, “Миний амьдралын өдөр бүр” зэрэг дуугаар урын сангаа баяжуулжээ.
Гэхдээ тус хамтлаг залуу дуучны хүссэн шиг нь олон хүн гайхан бишрэх, томоохон амжилтад хүрч чадах, эсэхэд санаа зовниж эхэлжээ. Төгөлдөр хуурч, дотны найз Хэнк Саникола нь хамтлагтаа үлдэхийг ятгасан ч 1939 оны арваннэгдүгээр сард гарч, “Томми дорсэй” хамтлагийнхантай хамтрахаар болжээ.
Ийн Чикагогийн “Палмер хаус”-т долоо хоногийн 175 ам.доллараар дуулах гэрээ байгуулав. Хамтлагийн ахлагч Томми Дорсей Синатрад ааваас нь дутахааргүй үлгэр дуурайл болдог, их нөлөөтэй хүн байв.
Фрэнк түүний онцлог шинж, ааш маягийг нь хүртэл дуурайдаг байсан гэдэг. 1940 онд Нэнси охиноо төрөхөд Томмийг загалмайлсан эцгээр нь сонгосон байна. Хожим “Би хоёр хүнээс их айдаг байсан.
Ээж, нөгөөх нь Томми Дорсей” хэмээн ярьж байжээ. Түүний намтар судлаач Кэлли “Томми дорсей”-н бөмбөрчин Бадди Ричтэй таарамжгүй харилцаатай байсан гэдэг ч хамтлагийнхан нь үгүйсгэдэг.
Бөмбөрчин эр хүнд өвчин тусахад Фрэнк хамтлагийнхантайгаа нийлж 25000 ам.доллар түүнд зээлж байсан нь Кэллигийн хэлснийг үгүйсгэж байгаа мэт. Уг хамтлагт орсон жилээ тэрбээр 40 гаруй дуу дуулсан.
1940 онд хийсэн, анхны гоцлол дуу “Polka dots and moonbeams” гарсан даруйдаа олны таашаалд нийцжээ. “Say it”, “Imagination” дуу хоёр ч чартад шилдэг 10-т багтсан. 1941 онд “Билбоард” болон “Довн бийт” сэтгүүл түүнийг эрэгтэй шилдэг дуучнаар тодруулжээ.
Ийн ганцаараа хийсэн олон дуу нь амжилттай болоход хувийн карьер хөөсөн нь зөв гэх бодол түүнд төржээ. Улам илүү алдарших хүсэл шунал нь түүнийг эзэмдэж байв. Гэвч бүтээлийнх нь ашгийн 43 хувийг “Томми дорсей” авах гэрээ мөрөөдлийг нь дөнгөлж байлаа.
Хуулийн байгууллагаар хөөцөлдсөөр 1943 онд энэ асуудал шийдэгдсэн гэдэг. Гэхдээ дам яриагаар бол Фрэнк Синатрагийн дээрэмчин загалмайлсан эцэг Уилли Моррети Томми Дорсейн толгойд буу тулгаж, хэдэн мянган ам.доллар өгөөд тус гэрээг албадан цуцлуулсан гэдэг.
Ийн “Колумбиа” бичлэгийн студитэй мөн оныхоо зургадугаар сард гэрээ байгуулжээ. 1939 онд “Харри жэймс” хамтлагтай хийсэн “Бүгд эсвэл юу ч биш” дуугаа сэргээн гаргасан нь шилдэг борлуулалтын жагсаалтад18 долоо хоног багтжээ.
1944 оны аравдугаар сард “Парамаунт” театрт 250 хүнд зориулж тоглолт хийсэн ч гадаа нь 35 мянган шүтэн бишрэгч цуглаж, гудамжинд үймээн самуун дэгдээсэн байна. 1945-1946 онд нийгэм, цаг үе хэцүү байсныг тэрбээр үл харгалзан 160 гаруй радио шоунд дуулж, 36 дуу бичүүлж, дөрвөн кинонд оролцон тогложээ.
1946 онд долоо хоногт 45 удаа, 93 мянган ам.долларын орлоготой тайзнаа дуулдаг болов. Ийн түүнийг нэлээд олон цомог гаргасан байхад хэвлэлийн төлөөлөгч Жорж Эван нь зүрхний шигдээсээр өөд болжээ.
Энэ нь түүнд маш хүнд цохилт болж, карьерт нь ч нөлөөлсөн байна. Дайран дээр давс гэгчээр анхны эхнэр Нэнсигээсээ салж, жүжигчин Ава Гарднертай 1951 онд гэрлэснээр нэр хүнд нь бүр ч уналаа. Нью-Йоркийн “Копа” клубт дуулах байсан ч хоолойнх нь салстаас цус алдаж, таван өдрийн тоглолтоо цуцалжээ.
Нэр хүнд нь унаж, эхнэрээсээ салснаар санхүүгийн бэрхшээлд орж, “Колумбиа” студиэс 200 мянган ам.доллар зээлж, татвараа төлөв. Холливудад ч гологдож, Невадагийн Рено хотын “Риверсайд” зочид буудалд 1951 оны есдүгээр сараас дуулж эхэлжээ. 1953 оноос тоглолт хийж эхлэв.
Гэвч түүний нэр хүнд унасан нь тоглолтынх нь үзэгчдийн тооноос илт мэдэгдэж байв. Чикагод 1200 хүний суудалтай танхимд тоглоход нь 150 гаруй хүн л цуглажээ. Дараа жилийнх нь дөрөвдүгээр сард Хавайн Кауай мужид тоглох болсон байна. Ингэснээр “Капитол” дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулав.
1953 оны наймдугаар сард нээлтээ хийсэн, Академийн шагнал гардуулах ёслолд 13 төрөлд нэр дэвшиж, наймд нь шагнал авсан “From here to eternity” кинонд тоглосноор нэр хүнд нь дахин сэргэсэн байна.
Түүний амжилтын гараа энэ мэтээр цааш олон хуудас үргэлжлэх тул хувийн амьдралаас нь хуваалцъя.
Синатра дайны үед цэрэгт тэнцээгүй. Цэргийн бүртгэлд төрөхдөө чих нь гэмтсэнээс болж тэнцэхгүй гэж тэмдэглэсэн байдаг ч 40 мянган ам.доллар төлж, алба хаахаас мултарсан, эсвэл сэтгэцийн байдлаасаа шалтгаалж тэнцээгүй гэх яриа ч бий.
Нэнси Барбатотой 1930-аад онд Нью Жерсид танилцаж, “Тосгоны оромж” уушийн газар дуулдаг байхдаа гэрлэсэн. 1940 онд Нэнси Сандра, дөрвөн жилийн дараа Кристина, 1948 онд хүү Фрэнк Уэйн Синатра мэндэлжээ. 1951 онд Ава Гарднертай гэрлэж, дараа жил нь жүжигчин бүсгүй хүүхэд олсон ч үр хөндүүлжээ.
Ийн тэд 1957 онд салсан ч амьдралын найз хэвээр үлдэв. Дараа жил жүжигчин Лоран Бакалл, 1962 онд бүжигчин Жулет Праустай болзож, Сальвадор Далигийн сайн найз гэгддэг жүжигчин, загвар өмсөгч Миа Фарраутай 1966 онд хуримлажээ.
Хоёр жилийн дараа гэрлэлтээ цуцлуулж, 1976 онд амьдралынхаа эцсийн мөч хүртлээ хамт байх загвар өмсөгч Барбара Маркстай ханилсан байна.
Фрэнк Синатра дэндүү цэвэрч, байнга шүршүүрт орж, хувцсаа сольдог байсан учир “Томми дорсей” хамтлагийнхан нь түүнийг “Макбет хатагтай” хэмээн хочилдог байсан гэнэ. Түүний дотны найз Кэри Грант “Миний уулзаж байсан хамгийн шударга хүн.
Ажлын хэнээтэй юм шиг хоногт дунджаар дөрвөн цаг л унтдаг байсан” гэж ярилцлагадаа дурдаж байв. Фрэнкийг мафитай холбоотой хэмээн сэжиглэж, Жон Кэннидитэй нөхөрлөдөг байсных нь төлөө Холбооны мөрдөх товчооныхон 1940 оноос хянаж эхэлсэн байна.
Тус байгууллагад Фрэнктэй холбоотой 2403 хуудас тайлан байдаг аж. Фрэнк Синатра Калифорни Невадагийн хооронд байдаг “Тахое” нуурийн эрэг дээрх казинод 1960 онд хувьцаа худалдан авсан байна.
Гэвч Невадагийн мөрийтэй тоглоомын хяналтын хороо ажиллуулах зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, Холбооны мөрдөх товчоо казиног нь байнга хянадаг байсан нь түүнд их дарамт болжээ.
Тухайн үед эзэмшдэг хувиа зарахыг нь хүчлэн шаардаж, хүүг нь барьцаалж байсан удаа ч бий. Домогт дуучин эр 1998 оны тавдугаар сарын 14-нд 82 насандаа “Сидарс Синай” эмнэлэгт зүрхний шигдээс өвчнөөр амьсгал хураасан юм.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд зүрх нь өвдөж, цусны даралт нь ихэсэж, уушгиний хатгалгаа тусан, давсагны хорт хавдраар шаналж олон удаа эмнэлэгт хэвтжээ. Энэ олон зовиур түүний сэтгэцэд ч нөлөөлсөн байна.
Түүнийг нас барсан шөнө Нью-Йоркийн “Эзэнт гүрэн” барилга, Лас Вегасын казинонууд хүндэтгэл үзүүлэн гэрэл цацруулжээ.
Тавдугаар сарын 20-нд Беверли Хиллсийн “Гүүд Шеперд” сүмд болсон оршуулах ёслолд 400 гаруй хүн оролцож, мянга мянган шүтэн бишрэгч гадаа нь цуглажээ.
Түүнийг өөд болсон өдрийг дэлхийн түүхэнд хар өдөр байсан хэмээн хэвлэлүүд нийтэлж байв.
Б.ТАЙВАН