Сонгодог хөгжим, тэр дундаа бүтэн ангиар нь тоглож байгаа бүтээлийг чих тавин сонсож, сэтгэлээ баясгаж чаддаг жинхэнэ үзэгчид “Виртуозо”-гийн танхимд цугладаг. Зарим тоглоочийг бүтээлээ хүргэсний дараа бүр алга таших хугацаагаа хэдэн секундээр хойшлуултлаа алмайрч байсан гэхээр энэ тоглолт ямар болсныг ойлгох биз ээ.
Үзэгчдийг байлдан дагуулсан уран сайхны кино хамгийн ихдээ хэдэн цуврал анги хийдэг билээ. Залуусыг “хуйлруулдаг” хамтлаг, дуучид хамгийн удаандаа хэдэн жил тайзан дээр бүрнээрээ зогсдог билээ. Харьцуулах гэсэндээ биш, үзэгчдэд урлагийн боловсрол олгож, мэдрэмж, сэрэл өгдөг наадмыг 13 жилийн турш тасралтгүй зохион байгуулсан “Виртуозо академи”-ийн хамт олонд талархал илэрхийлж, тэднийг магтмаар санагдаж байгаа учраас л ийн онцоллоо.
Уржигдар орой Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон “Виртуозо” гала тоглолт Эдуард Григийн “Этюд”-ээр эхэлсэн юм. Энэ зохиолыг ХБК-ийн тавдугаар ангийн сурагч Х.Хүслэн тоглосон. Түүний мэргэжлийн багш нь Г.Ганчимэг. Жил бүр оны гарамгай уран бүтээлчдийг тодруулахдаа өсвөрийн авьяастнуудыг хамтад нь тоглолтод оролцуулж, ирээдүйн “Виртоуз” болохыг нь бэлгэддэг. Үнэндээ бага балчир гэлтгүй тэд ч бас хөгжмийн гайхамшгийг үзэгчдэд хүргэж, алмайруулдаг нь ч хил хязгааргүй эгшиглэнгийн шид буюу. Х.Хүслэнг Шведийн Стокхольм хот дахь “Сувдан өрөг” хөгжмийн сургалтын төвийн тэргүүн Г.Сувд шагнасан. Энэ тоглолтын бас нэг гайхамшиг нь энэ. Хөгжимд дуртай үзэгчдийг танхимд цуглуулж, талархал илэрхийлж, уран бүтээлчдээ дэмжихийг хүсдэг хүмүүсээр шагнал гардуулуулж, бас дээрээс нь гарамгай уран бүтээлчийг онцгойлон зарлаж чаддаг цогц арга хэмжээ.
С.Саянцэцэг багшийгаа дагаад Монголд сурахаар ирсэн Хао Ин Жэгийн тоглосноор Ф.Листийн “Кампанелла”, ХБК-ийн хуучир хөгжмийн ангийн оюутан Э.Цэндсүрэнг Д.Сарасатегийн “Цыганы дуулал”, тус сургуулийн төгөлдөр хуурын тавдугаар ангийн сурагч Т.Найрагийг Й.Гайдны “Ре мажорын концерт” тоглохыг сонсох таатай байсан.
ХБК-ийн хуучир хөгжмийн ангийн оюутан Э.Цэндсүрэн
Жирийн үзэгч миний хувьд тэд хэдийнэ мэргэжлийн хэмжээнд хүрсэн санагдав. Авьяастнууд гэж тэднийг л хэлэх байх. Гарамгайчуудын ирээдүй нь ийм байхад эвэр бүрээч О.Чинбат, хийлч Х.Санчир, төгөлдөр хуурч С.Одгэрэл, морин хуурч Д.Шинэцог, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нарыг сонсох ямар байсан нь ойлгомжтой. Сониноор дамжуулан тэр эгшиглэнг түгээх боломжтойсон бол харамгүй цацахсан.
Оны шилдэг уран бүтээлч, эвэр бүрээч О.Чинбат Германы хөгжмийн зохиолч Ф.Менделсоны дуэт концертыг кларнет хөгжимчин, ХБК-ийн багш Д.Дармаатай хамт тоглосон. Тэрбээр энэ концертыг Германы Дортмунд хотын “Амадеус” найрал хөгжимтэй Германд тоглосон юм. Харин эх орондоо анх удаа хөгжимдсөн нь энэ.
Италид Хөгжмийн дээд сургууль, Төгөлдөр хуурын олон улсын академи дүүргэсэн Сампилноровын Одгэрэл эх орондоо ур чадвар, мэдлэг, туршлага өвөрлөн ирснээ зарлан энэ тоглолтод оролцсон. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн төгөлдөр хуур, найрал хөгжмийн нэгдүгээр концертын нэгдүгээр ангийг Улсын филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдашийн хамт өөлөх зүйлгүй, чадварлаг тоглосон. Яаж түүн шиг хөгжмийг мэдэрч, энэ ертөнцөд амьдрах вэ гэж атаархмаар санагдсаныг нуух юун.
Улсын филармонийн хийлч Х.Санчир Монгол Улсаа төлөөлөн өнгөрсөн ес, аравдугаар сард АНУ-ын олон улсын залуу хөгжимчдийн симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглож байгаад ирсэн. Ур чадвар нь олон улсад хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн хөгжимчинг Д.Шостаковичийн хийлийн нэгдүгээр концертын гурав болон дөрөвдүгээр ангийг тоглоход энэ танхимд ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм байсан. Гарамгай хөгжимчиддөө ийнхүү хүндэтгэл үзүүлсэн үзэгчдэд талархмаар.
Тоглолтын төгсгөлд ятга, морин хуур хэмээх Монголын гайхамшигт хөгжмийн зэмсгүүд эгшиглэж Улсынхаа соёл, урлагийн салбарын элч болон олон улсын тайзнаа гардаг чадварлаг тоглоочдыг сонсох боломж олгосон юм. Азийн ятгын хатан хаан, “Бөртэ” хамтлагийн хөгжимчин, Алтай болон Аху ятгыг олон нийтэд танилцуулан, дэлхий дахины үзэгчдэд зориулан тоглож яваа Ч.Мөнх-Эрдэнэ энэ удаа Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын ятга, симфони найрал хөгжимд зориулсан концертыг хүргэлээ. Өөриймсөх сэтгэл, үндсэрхэг үзэл, дотор минь нуугдсан омогшил төрүүлсэн энэ бүтээл болон “Домог” хамтлагийн хөгжимчин Д.Шинэцогийн тоглосон морин хуур, найрал хөгжимд зориулсан гуравдугаар концерт энэ үдшийн хамгийн хамгийн нь байлаа.
Ш.Өлзийбаярын нэгдүгээр концертыг мөн л Д.Шинэцог анхлан тоглож, энэ бүтээл хөгжмийн зохиолч болон тоглоочийнхоо нэрийг өндөрт өргөсөн түүхтэй. 20 минутын турш морин хуур хөгжимтэй цуг оргилон, булгилж, тэмүүлж, Д.Шинэцогийн магнайнаас дуслах хөлстэй хамт гарын алга чийхарч суусан болохоор хамгийн сүүлчийн бүтээлийг “Виртуозо” тоглолтыг зохион байгуулагчид оночтой сонгож чадсанд баярлалаа.
13 жилийн түүхтэй энэ тоглолт эдийн засгийн хямрал, санхүү мөнгөний бэрхшээл хэмээх нэгэн хэцүү даваатай энэ жил аргагүй тулсан. Гэхдээ өмнө нь ч дардан замаар яваагүй болохоор төгөлдөр хуурч М.Цогбадрах, соёл урлагийн сэтгүүлч Р.Оюунжаргал, тэдний охин, энэ академийн чухал гишүүн Ц.Дөлгөөн нар шантраагүй. Тэмүүлэл нь тэднийг учрах ёстой хүнтэй нь учруулж, “Виртуозо” тоглолтын байнгын үзэгч, сонгодог урлагийн үнэнч шүтэн бишрэгч “Оюут констракшн” ХХК-ийн захирал Р.Ням-Очиртой уулзуулсан. Ийм л үнэ цэнэтэй хүмүүсийг нэгтгэн, зангидаж, жилдээ нэг удаа заавал уулзуулдаг болохоор шилдэг уран бүтээлчдийн энэ тоглолт удаан үргэлжлэх учиртай.
Энэ тоглолтыг 13 дахь жилдээ дэмжиж, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг “Тод арт” агентлагийн захирал Б.Сэргэлэн зөвхөн энэ үдэшт тухлахын тулд Бразилаас иржээ. Тэрбээр “20 жилийн өмнө манай театрын балетын концертмейстрээр ирж байсан М.Цогбадрахыг маш өвөрмөц хөгжимчин гэж боддог. Тэр бусдаас ялгаатай. Энэ хүн уран бүтээлч, төгөлдөр хуурч төдийгүй урлагийн боловсрол олгож, мэдлэг түгээдэг сайн менежер. Бас их азтай залуу. Эхнэр нь соёл урлагийн салбарын маш боловсролтой сэтгүүлч. Хөгжмийн урлагийн талаар бичдэг сэтгүүлч гарын тавын хуруунд багтахаар цөөхөн байдаг. Тэдний нэг нь Р.Оюунжаргал. Тэр мэдээлэл түгээгээд зогсохгүй сонсогч, үзэгчийг уран бүтээлчтэй холбох гүүр болдог” хэмээн онцоллоо.
Харин “Виртуозо” академийн гүйцэтгэх захирал Р.Оюунжаргал “Бид яагаад энэ тоглолтыг зохион байгуулдаг вэ гэхээр өргөн утгаараа нийгэмд хөгжмийн соёл түгээхийг зорьдог. Хөгжимчид, дуучид, бүжигчид мэргэжлийн өндөр түвшинд тоглодог, түүнийх нь үр шимийг сонсож, үзэж, ялган таашаадаг мэргэжлийн гээд хэлчихэд буруудахгүй үзэгчидтэй байх, тэдний харилцаан дунд гэр бүл, хүүхэд залуус оюун санааны хувьд өсөж, хөгжин, эцсийн дүнд бодитоор соёл, боловсролд суурилсан нийгэм бүрэлдээсэй гэж хүсдэг. Мөн гарамгай уран бүтээлчдээр дамжуулж гадаадад эх орноо сурталчлах, гадаадынхан Монголд гарамгай уран бүтээлчдийнх нь дэлхийд хосгүй тоглолтыг үзэх гэж ирдэг байхыг, өөрөөр хэлбэл соёлын аялал жуулчлалын нэгэн жим нь “Виртуозо” гала тоглолт байхыг хүсдэг” хэмээн даруухан бөгөөд том зорилготой хариулт өгсөн юм.
Симфони, гоцлол хөгжимчдийг нэгтгэсэн дан хөгжмийн тоглолтыг маш сайн үзэгч үздэг. Тэвчээртэй сууж, сэтгэл догдлон, хөгжимчин бүрийн тоглолтыг шимтэн сонсож байгаа энэ үзэгчдийг цуглуулсан гавьяа тэднийх. Бартаатай бөгөөд заавал нээх ёстой чухал замд хөтөлсөн “Виртуозо” академийнханд баяр хүргэж, дараа дараа жилийн гарамгай хөгжимчдийн тоглолтоор догдлон учрахын ерөөл айлтгая.
Түүнчлэн энэ үдшийн оргил шагналыг хүртэж гарамгайчуудын гарамгайгаар шалгарсан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэд соёлын элч болон дайлж яваа үйлсэд нь амжилт хүсье.