“JCI Капитал” салбар байгууллагаас санаачлан, Үндэсний номын сан, БСШУЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төслийн багийнхан хамтран ажилласан хувь хүн, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад талархал илэрхийлэх өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт “Номын баринтаг” төслийн санаачлагыг дэмжин хамтран ажилласан Нийслэлийн сургуулиудаас гадна 108-аас дээш баринтаг бэлэглэсэн 10 гаруй байгууллага аж ахуйн нэгж оролцсон юм.
Үндэсний номын санд одоогийн байдлаар гурван сая гаруй ном хадгалагддаг бөгөөд үүнээс 35 мянга орчим ном, судрын баринтгийг шинэчлэх ажил төслийн хүрээнд өрнөж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж буй “Номын баринтаг” төслийн хүрээнд нийт таван мянга гаруй номын баринтаг цугласныг өнөөдөр Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр JCI Капитал салбар байгууллагын төслийн хорооны дарга Л.Батхуяг: “Төслийг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд захиалга өгч номын баринтаг оёулсан бөгөөд эдгээр ажил эрхлэх боломжгүй ээжүүдэд орлогын эх үүсвэр нээж давхар боломж олгосон. Нэг баринтагийн гарах өртөгийг 5500 төгрөгөөр үнэлж, үүндээ оёдлын хөлс болох 300 төгрөгийг мөн суулгаж өгсөн юм” хэмээн ярилаа.
Нийслэлийн 67 дугаар сургууль 1452 баринтаг урлаж, Үндэсний номын санд хүргүүлснээр “Номын баринтаг” төсөлд хамгийн идэвхитэй оролцож буй хамт олон болж буй аж.
Энэ төслийг цаашид үргэлжлүүлж 35 мянган судрын баринтагийг бүрэн шинэчлэх хүртлээ ажлаа явуулна гэж төслийн багийнхан хэллээ.