БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусан хотод “Монголын гала” тоглолтоо толилуулсан ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр эх орондоо ирлээ.
Тус театрын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа аялан тоглож, Монголын дуурь, сонгодог хөгжмийн дээжээс солонгос үзэгчдэд сонордуулжээ.
ДБЭТ-ын гүйцэтгэх захирал Ч.Мөнхзул “67 хүний бүрэлдэхүүнтэй баг аялан тоглолоо. Сонгодог хөгжмийн урлаг ижил түвшинд хөгжиж байгаа БНСУ-ын уран бүтээлчидтэй цаашид хамтран ажиллах эхлэлийг тавьсан үйл явдал байлаа.
Хамгийн бахархууштай нь бүх тоглолт үзэгчдийн сэтгэлд хүрсэн явдал” хэмээв. Челист С.Баяртуяатай цөөн хором ярилцлаа.
-Энэ тоглолтоос чухам юу сурч, мэдэв?
-“Лучиа ди Ламмермур” дуурийг хоёр орны уран бүтээлчид хамтран дөрвөн удаа тоглолоо. Мөн тус улсын хамгийн шилдэг балетын бүжигчидтэй хамтран “Цөмөөхэй” балетыг толилуулсан.
Сэтгэгдэл маш өндөр байна. Хөгжимчдийн хувьд харилцан туршлага солилцож, нэгнээсээ суралцах томоохон боломж байлаа.
-Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
-БНСУ-д сонгодог урлаг нэлээд өндөр түвшинд хөгжсөн нь үзэгчдийн хүлээж авч буй байдал, хамтран тоглосон хөгжимчдийн ур чадвараас харагдлаа. Сонгодог урлагаа дэмждэг, ойлгодог түмэн учраас үнэхээр сайхан хүлээж авсан.
Энэ нь бидэнд илүү ихийг туурвих урам зориг хайрласан. Тоглолт хийсэн танхим бүр дүүрэн үзэгчидтэй байж алга ташилт дор үргэлжилж байсан.
Ж.СУВДМАА