Хэдэн жилийн өмнө Театрын музейгээр орохдоо алтан үеийн ахмад жүжигчдийн гарын үсгийг намтар, уран бүтээлийнх нь жагсаалтын хамт авч билээ.
Тэдгээрийн дунд ардын жүжигчин Түндэвийн Хандсүрэнгийн монгол бичгээр таталсан гарын үсэг анхаарал татаж, энэ хүний тухай мэдээлэл олохоор УДЭТ болон Театрын музейн ажилтнуудаас асууж, сураглаж байсан юм.
Товч намтар, уран бүтээлийн жагсаалт, шагнал урамшууллаас хэтрээгүй мэдээллээ “амь оруулж” чадахгүй явсаар энэ онтой учрав.
Гэтэл азаар УДЭТ-ынхан “Бид мартахгүй” дурсамж арга хэмжээнийхээ хүрээнд Т.Хандсүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх болж, түүний охин Мижидийн Жаргалтай холбоо тогтоолоо. М.Жаргал гуай хэдийнэ 75 нас хүрчээ.
АНХНЫ НАНСАЛМАА БАС ХОРОЛМАА
1934 онд Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжиг тоглоход Монголын анхны Нансалмаа болж байсан Т.Хандсүрэн хожим 1943 онд Б.Смирнов, Б.Дамдинсүрэн нарын “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаад дуулж байсан гэдэг.
Эсрэг дүрийн мастер хэмээн үнэлэгддэг түүний хувьд эсрэг дүрүүдийнхээ тухай дурсахдаа “Би үзэл суртлын хувьд хоцрогдсон, буруу зүйлд автсан хүмүүсийн дүрд тоглохдоо эцэстээ зөрүүдэлсээр байгаад ямар уршиг бий болж байгааг тодруулахыг зорьдог” хэмээн ярьсан удаатай.
Тайзнаа 200 гаруй гол болон туслах дүртэй гэсэн тоог сонсоход л 1933-1988 онд буюу хагас зууны амьдралаа урлагийн төлөө зориулсан түүний хөдөлмөрийг ойлгох буй за.
С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийн авгай, “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн Гүндэгмаа, “Шарай голын гурван хаан” жүжгийн хар гэрийн хатан, “Мандухай цэцэн хатан” жүжгийн Ергөн хатан, “Амарсанаа” жүжгийн Южин гээд тоглосон уран бүтээлийг нь жагсаавал дуусахгүй.
М.ЖАРГАЛ: МААМЫГАА ГАНЦААРДУУЛСАНДАА ХАРАМСДАГ
М.Жаргал эгч ээжийгээ “Маам” гэж авгайлдаг. Одоо түүний ээжтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүсээс гавьяат жүжигчин Лха.Долгор гуай, ардын жүжигчин Н.Сувд, Н.Мягмарнаран, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Ж.Лхамхүү нар бий.
Театрынхан бүгдээрээ л ардын жүжигчин Т.Хандсүрэнг “багш” хэмээнэ. Театрын тайзнаа амьд тоглолт, олон сайхан дүрээрээ үзэгчдийг баясгаж, инээлгэж, уурлуулж, хорсол төрүүлж явсан хэрнээ өдгөө залууст дурсагдахгүй байгаа нь харамсмаар. XX зууны тайзны эрхэмсэг хатдын нэг нь яах аргагүй Т.Хандсүрэн.
М.Жаргал эгч ижийтэйгээ хамт тайзны ард бага насаа өнгөрүүлсэн гэдэг. “Намайг бага байхад тоглосон жүжгийг би 10-20 удаа үзсэн байх” хэмээн ярьсан юм. Ээжтэйгээ хамт байсан хамгийн сайхан дурсамжууд эндээс эхтэй.
Өдөр бүр тоглолтын дараа оройтож харьдаг ижийдээ тэр хамгийн сайн хань нь байсан бололтой. Хожим нь бие тааруу хэдий ч хамт олныхоо дуудлагаар Д.Намдагийн “Ээдрээ” жүжгийг телевизэд бичүүлэхэд нь Т.Хандсүрэн гол дүрд нь тогложээ.
“Хүнд өвчтэй байхдаа тоглосон хэдий ч тэр бүхнээ мэдэгдүүлээгүй байсан” хэмээн охин нь яриад “Би маамыгаа нэгэн үе ганцааранг нь орхиж байсандаа их харамсдаг” гэж ярилаа.
Хань нь нэлээд эрт өөд болсон болохоор ардын жүжигчин Т.Хандсүрэн гуай амьдралынхаа бүхий л ачааг ганцаараа үүрч явсан гэдэг. Ганц охиноо гадаад худалдааны мэргэжил эзэмшүүлчихсэн болохоор хоёр ч удаа гадаадад суралцахаар явахад нь ганцаараа л үлддэг байж.
“Манай маам хүнд тус болж яваарай гэж л захидаг байлаа. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэгсэн” хэмээн М.Жаргал гуай яриад өөрөө ч гэсэн тэгж амьдрахыг хичээснээ хэлсэн.
Хоёр зээ хүүдээ Т.Хандсүрэн гуай “амь” байсан бөгөөд бага зээгээ гардан өсгөжээ. Өдгөө энэ гэр бүлээс урлагийн мэргэжил сонгосон хүн үгүй тул, эрхэм Ергөн хатантны үйл хэргийг тодруулах хүн гарсангүй.
НЭГЭН ГЭР БҮЛИЙН ГУРВАН АЛДАРТАН
Т.Хандсүрэн нь 1915 онд Амгаланбаатар хотноо ард Түндэвийн гуравдугаар охин болж төрсөн хэмээн намтарт нь бичжээ. Түндэв хэмээх энэ хүн хоёр хүү, ганц охинтой болсон бөгөөд айлын гурван хүүхэд улсдаа алдартай, гавьяатнууд юм.
Том ах Т.Аюурзана нь гавьяат зоотехникч, орхон үүлдрийн хониор ажил, үйлсээ мөнхөлсөн нэгэн бол удаах хүү нь Т.Шагдарсүрэн нь Төрийн шагналт, академич, мэс засалч билээ.
Түүнчлэн Т.Аюурзана бол 1926-1930 онд (16-20) Монголоос гадаадад суралцсан анхны 35 сурагчийн нэг болж Парисын Мишелеин лицей сургуульд сурсан сэхээтэн аж.
Харин тэдний ээж нь Буяндэлгэр хөгжимчин, хөгжмийн багш хүн байсан гэдэг. Тиймдээ ч охиныхоо урлагийн авьяасыг хөгжүүлж чиглүүлсэн болов уу.
ЗОРИЛГО, ИТГЭЛИЙН ЖИГҮҮР
УДЭТ-ын жижиг хэрэглэлийн эрхлэгч Д.Мягмарсүрэн ардын жүжигчин Т.Хандсүрэн гуайг маш их хүндэлдгээ дурсаад “Хөгшин, залуу, дээр, дор гэж хүн ялгадаггүй хүн байсан.
Бидний хэдэн тайзны ажилчдад хар цай буцалгаж, анхаарал тавина. Мөнгө төгрөггүй бол зээлнэ. Эгээ л хүүхэд шигээ үзнэ шүү дээ” хэмээн ярьж байв.
Эсрэг дүрүүдийн эзэн хэдий ч энэ амьдралаа эерэг тэмүүллээр дүүргэсэн түүнийг театрынхан цөм “Багш аа” хэмээнэ. Харин тэрбээр үе тэнгийнхнээ багш хэмээн хэлэх дуртай байсан гэдэг.
Учир нь уран бүтээлч хүмүүс бие биедээ үлгэрлэж, нэгэндээ өөрөө ч мэдэхгүй багшилсаар байдаг гэж үүнийг тайлбарласан байдаг. Цагааны Цэгмид, Д.Ичинхорлоо нарын алтан үеийнхэн дундаас төрсөн тод нэгэн од нь тэр байлаа.
Хойч үеийнхэндээ зорилго, итгэлийн жигүүр болж байсан энэ хүнийг Алтан гадас одонгоор хоёр удаа, 31 настайд нь гавьяат жүжигчин, 66 настайд нь Ардын жүжигчин цол тэмдгээр шагнаж байсан юм билээ.
Охин нь ээжийнхээ гэрэл зураг, тэмдэглэл болон бусад эд зүйлсийг хэдэн жилийн өмнө Театрын музейд хүлээлгэн өгсөн бөгөөд одон медаль, тэмдгийг нь өөрөө нандигнан хадгалдаг гэсэн.
ЖҮЖИГЧИН БАС ДУУЧИН
Т.Хандсүрэн зөвхөн нэртэй жүжигчин төдийгүй дуучин, хөгжимчин байжээ. 1934 онд Нансалмаа, 1943 онд Хоролмаагийн дүрд тоглож, чадварлаг дуулж, жүжиглэж байсных нь тод гэрч болдог.
Түүнчлэн шанз тоглож, монгол ардын дууг задгай хөгөөр дуулж бичүүлсэн нь өдгөө ч МҮОНР-гийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй.
Монголын театрын урлагийн түүх ийм л авьяаслаг алдартнуудын шаргуу хөдөлмөрт суурилан бий болсон ажээ. Хэрэв тэдэн шиг төрмөл авьяастан, цуцашгүй хөдөлмөрч хүмүүс байгаагүй бол ирэх жил Монголын театрын урлаг 85 жилийн ойтойгоо золгохдоо, бахдам амжилтын талаар яахин өгүүлэх билээ.
11 настайдаа Аж үйлдвэрийн яаманд бичээч хийж, дараа нь авьяасаа тодруулан театрын хүн болсон түүний мэндэлсний 100 жилийн ой энэ онд нам гүмхэн болж өнгөрлөө.
Театр судлаач, шүүмжлэгч нарын үүрэг, тэдний сургамжит үгс, бичдэг нийтлэлүүд өнөө цагт эрхгүй үгүйлэгдэж байна. Алтан үеийн гавьяатай жүжигчидтэй зөвхөн архивын баримтаас танилцдаг бус амьд ахуйн түүхийг нь үнэн мөнөөр нь дурсан хүүрнэдэг намтар баян дурсамжийн номнуудыг үгүйлэх юм.
Монгол бичгээр таталсан гарын үсэг, нэр төдий сонссон алдартныхаа тухай олж дуулсан нимгэхэн мэдээллээ ийнхүү таны өмнө дэлгэлээ.
Ээж нь охиноо дэндүү даруу, эгэл нэгэн болгон хүмүүжүүлсэн болохоор хэн нэгэн шиг сагаж, дэрвэхгүй, цээжээ дэлдэн ардын жүжигчин ээжийнхээ алдрыг сэвтээхгүй явжээ.
Үг дуу цөөтэй “Би юу мэдэх билээ дээ” гэж өөрийгөө голох ч ард түмний хайртай байсан жүжигчнийг охиноос нь өөр хэн ийнхүү дотнохон дүрслэх билээ дээ.
Ж.СОЛОНГО