Цагтаа цалгиж, алтан тайзыг эзэгнэж явсан уран бүтээлчдийн мэндэлсний тэгш ойг тэмдэглэх “Бид мартахгүй” арга хэмжээ өчигдөр боллоо. Нэг талаараа харамсалтай юм аа.
Энэ хорвоод байсныг нь ч мэдээгүй жүжигчин олон байдгийг ойлгов. Тухайн цагтаа л уран бүтээлчийг амьдруулдгаараа театр их харгис юм.
УДЭТ-аас 10 дахь жилдээ зохион байгуулсан энэ ажлын хүрээнд “Дэлдэн боохой” нэрээр алдаршсан Ч.Лувсансодномын мэндэлсний 120, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Цэгмид, ардын жүжигчин З.Цэндээхүү, гавьяат жүжигчин Д.Бат-Очир, сургагч багш А.Ефремовын 110, ардын жүжигчин Т.Хандсүрэн, гавьяат жүжигчин Б.Мижиддоржийн 100, соёлын гавьяат зүтгэлтэн, тайзны машинист С.Доржсүрэнгийн 90 насны ой, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Гантөмөрийн театрт ажилласан нэгэн жаран, жүжигчин Б.Дашдаваа, соёлын тэргүүний ажилтан Д.Лхамхүүгийн 80 жил, гавьяат жүжигчин Б.Энхтуяагийн 80 насны ой, Т.Латиф, театрын зураач Б.Төмөрхуягийн 70 жил, гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, соёлын тэргүүний ажилтан Ш.Вандансэнгээ, Т.Борхүү, жижиг хэрэглэлийн эрхлэгч Д.Мягмарсүрэн нарын 70 насны ойг тэмдэглэн театрын музейд намтар, эдэлж хэрэглэж байсан зүйлс, жүжгийн хувцас зэргээр үзэсгэлэн дэлгэж, Хүүхэлдэйн театрт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан.
Гавьяат жүжигчин Б.Энхтуяа “Арбузовын “Эрхүүд болсон явдал” жүжиг надад их дурсгалтай. Энэ жүжгээрээ би гавьяат цол авсан. Ц.Гантөмөр, Л.Жамсранжав бид гурав тэр үед од шиг гялалзаж байлаа. Тэр хоёрыг миний алтан хамтрагч гэж үргэлж санаж явна” гэсэн.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мушгиагаас тэнгэрийн оронд буй уран бүтээлчдийн талаар дурсамж хуваалцахад “1947 онд “Улаан бүч” жүжигт Т.Хандсүрэн гуай миний ижий болж тоглож байсан бол өнөөдөр би охинтой нь гэрэл зургаа татууллаа.
Д.Бат-Очир гуай жүжгийн ангийн дарга би туслах найруулагч нь байсан болохоор тун ойр явсан. Хүн нь их зөөлөн сайхан сэтгэлтэй. Надад амьдралын зөвлөгөө их өгдөг байсан. Хоёр хүү нь их адилхан юм.
1951 онд “Лениний гэр бүл” бүжигт Лениний бага насанд би, хувьсгалч болчихсон 30-аад настай үеийнхэд нь Ц.Цэгмид гуай тоглосон түүхтэй. Намайг сургуулилалт хийж байхад тэрбээр байн байн ирнэ.
Миний юу болохгүй байгаа юм бол гэж би их зовдог байлаа. Тэгтэл “Ленин багадаа ямар байсныг би чамаас олж харж байж дүрээ бүтээнэ шүү дээ” гэсэн ” хэмээв.
“Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” хэмээдэг “Сэрэлт” киноны ах ламын дүрээрээ олны сэтгэлд хоногшсон З.Цэндээхүү ганц биеэрээ насыг элээсэн тул харамсалтай нь энэ өдөр түүнийг дурсах үр хүүхэд байсангүй.
Б.Мушгиа “Би түүнтэй тийм ч дотно байгаагүй. Ногоон нүдээ эргэлдүүлээд ширүүн харахад нь их айдагсан. Энэ тухайгаа Нямын Цэгмид гуайд хэлэхэд тэрбээр “Айж явбал аминд тустай л даа. Гэхдээ цаадах чинь бусдад хал балгүй жигтэйхэн сайн хүн юм шүү дээ” гэсэн” гэв.
Театрын зураач Б.Төмөрхуягийн урласан тайз, хувцас хэрэглэлээр үзэсгэлэн дэлгэжээ. Тодруулбал, Театрын музейд Ибсений “Нора”, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, Д.Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, Брехт “Галилейн амьдрал” зэрэг жүжгийн тайзны хэрэглэлүүдээс толилуулав.
Түүний хүү зураач Аянга “Монголын театрын урлагт шинэ өнгө төрх гаргаж ирснээр нь аавыг хүмүүс мэддэг. Аймаг, хотуудын театрт урласан тайзыг нь тоолбол 100 гарна. Энэ үзэсгэлэнд УДЭТ-ын архив, Театрын музейд байсныг нь дэлгэлээ.
Хүүхэд, залуучуудын театр, Дархан-Уул аймгийн театрт, ДБЭТ-т хийсэн нь хаана байгаа нь мэдэгдсэнгүй. Тайзны хэрэглэлүүдийг стандартынх нь дагуу хадгалахгүй бол болохоо больжээ. УДЭТ-т байдаг зүйлүүд нь их мууджээ. Сэргээх гэхээр хэв байдлыг нь алдагдуулчих гээд хэцүү байна” гэв.
Дашрамд дуулгахад, зураач Төмөрхуягийн мэргэжлийг гурав дахь үеэс нь өвлөж буй гэнэ. Түүний ач Дөлгөөн “Том толгойтын романс”, “Аз жаргалын шок” киноны зураачаар ажиллажээ.
Гудамжинд тааралдвал энгийн л нэг эмээ шиг харагдах нэгнийг үеийнх нь нэгэн “Ёстой л гялалзаж явсан сайхан жүжигчин шүү дээ” гэх нь надад их хол санагдав. Магадгүй хойч үеийнхэнд бүр мартагдсаар алсарна. Иймээс л УДЭТ-ын тусламжтай үе үеийн тайзны эздийг дурсаж, бид мартах ёсгүй.
Б.ДӨЛГӨӨН