Манай улсад үндэсний кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь” хэмээн онцолдог энэ салбартай хүүхэд насны минь нэгэн сайхан үе холбоотой билээ.
Учир нь, сайн аавын буянд би бас ч цөөнгүй кинонд дуу оруулж явсан азтай хүн. “Уулын агуйн нууц”, “Цэг цэг таслал”, “Гриша хүү”, “Салтанат бүсгүй”, “Моторын дуу”, “Уулзалт”, “Сүхболдын яриа” зэрэг гадаад дотоодын 30 гаруй кинонд дуу оруулсан маань аавын ач.
Магадгүй намайг кино урлаг руу ойртуулах гэсэн аавын далдхан хүсэл бодлын нэг арга нь ч байсан байж мэдэх юм. “Даанч урагшгүй, золигийн амьтан” болохоороо би энэ замаар тууштай яваагүй. Гэхдээ л кинонд дуу оруулах ажлын амт шимт, хэцүү хүчрийг гадарлахтайгаа болсон доо.
Кино үйлдвэрийн хуучин байрны II давхарт орших бичлэгийн өрөөг тод санаж байна. Хаалганы дээд талд “Анхаар, бичлэг хийж байна” гэсэн бичиг бүхий улаан өнгийн гэрэл байнга асаалттай байдагсан.
Хэдэн цагаар бичлэгийн өрөөнд сууж байгаад гарч ирэхэд нүд харанхуйлж толгой эргээд, хоолой хатчихсан байх нь олонтаа.
Энэ л давчуухан, харанхуй, бөгчим өрөөнд гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэнгийн хамт “Уулзалт” кинонд, Д.Элбэгсайхан, Н.Сувд хоёртой “Хойт эх” кинонд, гавьяат жүжигчин У.Осор, Р.Дамдинбазар нартай “Моторын дуу” кинонд дуу оруулж, ойр ойрхон чанаж уух баахуу цайны нь усыг зөөгөөд гүйж явсан бага насаа яахан мартах билээ дээ.
Одоо бодоход миний хүүхэд насны нэгэн сайхан үе “Монголкино” үйлдвэрийн бичлэгийн өрөөний хананд шингэн, хадгалагдаж үлдсэн мэт санагддаг юм.
Түүхийн хуудас сөхвөл, “Монголкино” үйлдвэр 1947 онд ЗХУ-ын уран сайхны “Тангараг” киног монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан нь хамгийн анхны орчуулгын кинонд тооцогддог ажээ. Уг киноны Жонсон хэмээх дүрд аав минь дуу оруулсан.
Үүнээс хойш 1987 он хүртэл буюу 40 жилийн туршид “Торгон цэргийн дууль” киноны Кутузов, “Берлиний уналт” киноны Гитлер, “Улаан талбай” киноны өвгөн цэрэг, “Чапаев” киноны тариачин, малын эмч, “Кремлийн цаг” киноны хөрөнгөтөн зэрэг орчуулгын 70 шахам уран сайхны киноны 78 дүрд дуу оруулсан тухай уран бүтээлийн тайландаа дурдсан байдаг юм.
Италийн нэрт жүжигчин Жан Маре Волонте “Кинонд үнэмшилтэй ярьж дуу оруулна гэдэг үнэмшилтэй тоглохоос ч хэцүү зүйл” гэж хэлсэн байдаг. Энэ хүнд хэцүү ажилд олон жил үнэнчээр зүтгэсэн Д.Элбэгсайхан тэргүүтэй зарим жүжигчний нөр их хөдөлмөр үнэлэгдээгүй өнгөрсөн гэж би хувьдаа харамсаж явдаг.
Тэгээд ч ер нь манай урлаг судлаач, шүүмжлэгчид орчуулгын киноны уран бүтээлийн талаар социализмын он жилүүдэд бараг дуугарч байгаагүй. Одоо бол дуугарахаасаа бүр ч өнгөрсөн биз.
Олон уран бүтээлч энэ “тамын” ажилд “насаа богиносгон” зүтгэж байсныг би зах зухаас нь мэднэ. Намхан нуруутай, нэг их тамхи татсан Довчин гэж эгч байсан. Гадаадын киноны хүүхэд залуусын дууг нэг хэсэг Довчин эгч л хийдэг байлаа.
“Эмэгтэй хүн байж яаж ингэж эрэгтэй хүүхэд шиг дуугардаг байна аа” гэж би их л гайхдаг байв. Бичлэгийн хоорондох зай чөлөөнөөр юм нэхээд л, тамхиа татаад л суудагсан. Хэсэг хугацаанд Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа ч голдуу эрэгтэй хүүхдийн дүрд тоглодог байсан гэдэг.
Сүүлд кино үйлдвэрээс гараад амьдрал нь уруудсан байх. Хожим тэр хүний амьдрал, авьяас, уран бүтээлийн зөрчилтэй замын тухай бусдаас сонсоод харамсах сэтгэл төрж билээ.
За, бас Элбэгсайхан ах байна. Бараг 40 жилийн турш тасралтгүй ЗХУ-ын болон бусад социалист орнуудын киног эх хэл рүүгээ хөрвүүлэх ажилд зүтгэсэн жүжигчин түүнээс өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу! Миний л мэдэхийн энэ хүн орчуулгын кинонд дуу оруулах, монгол кинонд “ам тааруулах”-даа жинхэнэ их мастер.
“Сэрэлт” киноны Бумаа авгайн хэлдгээр “Монгол талаасаа л нэг дэх нь” юм даг. Харамсалтай нь хөдөлмөрөө үнэлүүлж, авах ёстой гавъяа шагналаа авч чадалгүй хорвоогоос буцсан даа, хөөрхий. Түүний тухай бодохоороо би “төрийн хүндэтгэл, гавъяа шагнал” эзнээ олдог эсэхэд эргэлздэг юм.
Монгол киноны жүжигчид дотроос миний сэтгэлд хамгийн ойр дотно санагддаг хүн бол Д.Элбэгсайхан. 1968 онд “Нийслэл хүү” кинонд би Д.Элбэгсайхан ахтай хамт тоглож байсан.
Хожим “Хойд эх” орчуулгын кинонд эцэг, хүү хоёрын дүрд, “Салтанат бүсгүй” кинонд ах дүү хоёрт, “Цэг цэг таслал” киноны найз хоёрын дүрд хамтдаа дуу оруулж байлаа.
Сонинд хэдхэн мөр мэдээ бичиж үзээгүй мөртлөө энэ хүний уран бүтээлийн талаар арваад хуудас юм бичиж “Соёл урлаг” сэтгүүлд хэвлүүлээд нэрээ харан хөөрч баярлаж явсан үе маань 1988 он билээ. Энэ хүний тухай олон сайхан дурсамж сэтгэлд минь хадаатай явдаг.
Ээби (киноныхон түүнийг ингэж дууддаг.Ч.Б) аавтай минь 20 гаран жил хамт ажиллаж, Москва, Одесс, Рига хотоор хамтдаа аялж, Чойр, Сайншанд, Замын-Үүд хүртэл урлагийн бригадаар цугтаа явж байсныг нь би мэднэ.
Бас миний мэдэхгүй олон дурсамж өөрт нь үлдсэн нь лавтай. Тэгээд ч би 2000 оны өвөл Ээбитэй уулзан “Орчуулгын кино группийн хамт олны тухай, аавын минь тухай дурсамжаа ярьж өгөөч” гэж хүссэн юм. Ээби миний хүсэлтийг дуртай нь аргагүй хүлээн авч хуучилсан нь тэмдэглэлийн дэвтэрт минь үлджээ.
ЖҮЖИГЧИН Д.ЭЛБЭГСАЙХАНЫ ЯРИА:
-1963 онд УБДС-ийн кино драмын анги төгсөөд кино үйлдвэрт дөрвүүлээ ирэв. Сэлэнгэ (армийн театрын), Ганболд (“Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэгт тоглодог), Надмидцэрэн (одоо хүүхдийн театрт байгаа).
Тэр үед Осор, Дамдинбазар, Шукарь (Д.Чимэд-Осор), Цэнд-Аюуш, Довчин, Бадамгарав гуай гээд хэдэн хүн байсан. Бид дөрөв нэмэгдээд жүжиг анги гэж байгуулагдаж анхны дарга нь Осор гуай болж байлаа. Сүүлд орчуулгын кино групп нэртэй болсон. Манайхаар олон хүн дамжсан даа. Ер нь хүн нэг их тогтдоггүй юм.
Нэг л мэдэхэд өнөө Дамдинбазар, Цэнд-Аюуш бид хэд үлдчихдэг. Шукарь “Чапаев”, “Илд бамбай” гээд хэд хэдэн орчуулгын кино найруулсан. Сэтгэлийн хачин их хөдөлгөөнтэй. Аятайхан болвол босоод ирнэ. Болохгүй бол бас босоод ирнэ. Өөрөө жүжигчин байсан учраас үзүүлж тоглодог.
“Чапаев” кинонд би Петькад, Чапаевт Гантөмөр, Аннад Цэнд-Аюуш дуу хийсэн юм. Би бас нэг согтуу өвгөнд дуу хийсэн. Эхлээд намайг “Хий” гэхэд нь би “Чадахгүй” гэлээ. “Яаж өвгөн хүний дүрд дуу хийх юм. Би амжихгүй” гэвэл Шукарь “Чи чаднаа. Согтуу донжийг нь олоод хий” гэж ятгасаар байгаад надаар хийлгэсэн дээ.
Шукарь уран бүтээл хийж байхдаа ер нь уурладаггүй. Хүнийг магтаж, урам өгч ажиллуулдаг онцлогтой. “Дуу хийхийг би чамд заахгүй. Чи надад заана” гэдэгсэн. Би юу гэж Шукарьд заах билээ дээ. Шукарь орчуулгын кинонд дуу хийж байхдаа яг тайзан дээр тоглож байгаа юм шиг “пижигнүүлнэ” шүү дээ.
Бусад жүжигчдээс ялгаатай тал нь хөдөлгөөнтэй дуу хийдэг. Киноны дүр нь тонгойх, гэдийх хөдөлгөөн хийвэл яг л дууриаж хөдлөөд дуугаа хийнэ. “Та яагаад ингэж байгаа юм бэ?” гэхээр “Зогсох, суух, тонгойх үед ярьж байгаа дууны өнгө өөр өөр байдаг” гэдэгсэн.
Гэм нь микрофоноосоо гарч явчих гээд байдаг. Нэг удаа дуу оруулж байгаа жүжигчнийхээ хөдөлгөөнийг давтан микрофоноо бүтэн тойрч ирээд ярихад нь бид шоолж инээлдэж байв. Заримдаа нүд нь чилээд дүрсээ сайн харахгүй ээ. Тэгэхээрээ “Миний ярих хэсэг болохоор чи чимхээрэй” гэж захина.
Намайг чимхмэгц дуугаа хийнэ. Сүүлд нь үзэхэд өнөөх дүрийнх нь “ам” яг таарсан байдаг юм. Намайг заримдаа “Тайзан дээр гарч бай, массовкод ч болов. Жүжигчин хүн бие барихгүй их чөлөөтэй болдог юм” гэдэгсэн.
Шукариас миний өвлөж авсан зүйл бол уран бүтээлийн жагсаалт хийдэг дэвтэртэй болсон явдал. Нэг удаа гэрт нь ирээд ярьж суутал надад тэмдэглэлийн дэвтрээ үзүүлсэн. Шукарь тэр дэвтэртээ тоглосон жүжиг, киноны нэр, найруулсан, орчуулсан гээд бүхий л уран бүтээлээ он сартай нь бичсэн байсан.
“Чи залуу хүн. Одооноос хийсэн ажлаа бичиж тэмдэглэж бай. Энэ чинь чиний уран бүтээлийн тайлан шүү дээ. Хожим хэрэг болно” гэсэн. Түүнээс хойш би бас дуу оруулсан, тоглосон дүрүүд, радио, телевизэд бичлэг хийлгэсэн гээд бүх ажлаа тэмдэглэдэг болсон.
Сүүлд дэвтрээ үзэж байхад би кино үйлдвэрээс гарахдаа 600 гаруй кинонд дуу оруулсан байсан. Манай орчуулгын кино группийнхэн дотор надаас өөр тийм дэлгэрэнгүй бүртгэл хөтөлдөг хүн байхгүй. Оны эцэс болж ажлын тайлан гаргах болохоор надаас л асууж лавлана шүү дээ.
Зарим жилд 44 кино орчуулан гаргаж байсан. Бүртгэл сайн хөтлөхгүй бол ч заримыг нь мартана л даа. Ямар сайндаа Карма жилийн эцсийн тайландаа “...Хөрөөдүүлж үхдэгийн эхнэрт дуу хийсэн” гэж бичээд Осор гуайд загнуулж байх вэ дээ. Киноныхоо нэр, дүрийнхээ нэрийг ч санахгүй болохоор үйл явдлаар нь биччихсэн хэрэг. Хөрөөдүүлж үхдэгийн эхнэр байхдаа ч яахав дээ. Ха ха ха” хэмээн ихэд хөгжилтэйгөөр инээж билээ.
Хүүхэд насны гэгээн өдрүүдээ одоо нэхэн санавал “Монголкино” үйлдвэрийн орчуулгын кино группийн хамт олон гэж бурхан томилоод нэгэн дор цуглуулчихсан мэт буянтай сайхан авьяаслаг хүмүүс байжээ.
Чухам эдгээр чадварлаг уран бүтээлчид л “Ийм нэгэн явдал” киног эх хэлнээс нь дутахгүйгээр “монгол хөрсөнд буулгаж”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Буудалд учирсан хоёр”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг гадаадын 400 гаруй киног орчуулан дуу оруулж үзэгч түмэндээ өргөн барьсан билээ.
Бичлэгийн хооронд түр амсхийх чөлөөнөөр Н.Дагийранз гуай морин хуураа хөрөөдөж “Жонон хонгор”-ын аялгуу “урсгаад” л, Б.Дамчаа гуай эсперанто хэлнээс юу ч юм бэ нэгийг орчуулан суух бол, Р.Дамдинбазар гуай маань хэзээний л наргианч зангаараа ороод гарсан хэн хүнийг догиож цаашлуулан суудагсан.
Т.Карма гэж “гал нь дэндсэн” эгч тас тас хөхрөөд л, юм нэхээд л суух бол, “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн туслахад тоглодог гавьяат жүжигчин У.Осор гуай тэр хэдийнхээ дарга нь байсан болов уу, хавтас барьсан хүн төлөвлөгөө тайлан гэх мэтийг ярьж нөгөө хэдийгээ шахаж шаардан байгаа харагддаг сан.
Хожуу ч гэсэн гавьяат жүжигчин цол хүртсэн Ц.Цэнд-Аюуш, Т.Цэмпилмаа, Ш.Цэцэг, Н.Батцэцэг нарын хэрхэн кинонд дуу оруулж байгааг яг дэргэдээс нь харах завшаан тохиосонд баярлаж явдаг билээ.
Хүн бүл цөөтэй ч атгасан гар шиг эвсэг энэ хамт олны дотор байхад дэндүү жаргалтай агаад,
“Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол...” эргэлзэх зүйлгүйгээр он цагийг гатлан довтолгож тэдэн дээрээ очихсон.
Ч.БОЛД