Монголын үндэсний кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын цуврал арга хэмжээний хаалт болох баярын нэгдсэн тоглолт өнгөрсөн бямба гаригт Соёлын төв өргөөнд боллоо.
“Цогт тайж”, “Монгол хүү” киноны эрдэм шинжилгээний бага хурал, 80 жилийн түүх өгүүлсэн “Монгол кино” ном болон нээлттэй өдөрлөг, “Гайхамшигт дэлгэц” төсөл хэрэгжүүлж, ойн баяраа энэ оны турш тэмдэглэсэн киноныхон энэ өдөр үзэгчдийн суудалд тухалсан юм. Ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нэгэн танхимд цуглаж, Монголын түүхийг бичилцсэн он цагийнхаа тухай хүүрнэлдэнэ. Тайзнаа тэдний бүтээсэн киноны дуунууд эгшиглэж, урлагийн байгууллагынхан мэндчилгээ дэвшүүлсээр байлаа.
Монголын кинотой холбогдон үүсэж, хөгжсөн байгууллагын нэг нь Улсын филармонийн симфони найрал хөгжим билээ. Анх киноны хөгжим тоглох зорилгоор байгуулагдаж байсан бол өдгөө өрнө, дорнын сонгодог бүтээлийг эгшиглүүлдэг том оркестр болжээ. Энэ үдшийн тоглолтод ч тэд чухал байр эзлэв. ҮДБЭЧ-ын бүжигчид “Монгол бүжгийн чуулбар”, ХЦДБЧ-ынхан уран бүтээлийн дээжсээрээ мэндчилгээ дэвшүүлсэн нь кино нийлмэл урлаг төдийгүй, Монголын урлагийн байгууллагын бүхий л гайхамшгийг нэгэн дор цуглуулсан чадалтай том байгууллага гэдэг нь эндээс харагдаж байв.
Монгол кино компани 1935 онд байгуулагдаж, дараа жил нь “Монгол хүү” уран сайхны киног бүтээснээр түүх эхэлдэг. 1945 онд бүрэн хэмжээний уран сайхны кино бие даан хийсэн нь “Цогт тайж”. Тиймээс энэ үдэш УДЭТ-ын уран бүтээлчид Арслан тайж, Төвдийн гүнж, цэцэрлэгч өвгөн, улаан малгайтыг тайзнаа амилуулж, алтан үеийнхнээ орлон, үзэгчдийг баярлууллаа. XVII зууны Монголын түүхийг кино урлагт буулгасан эл бүтээл бол өнгөрсөн зууны шилдэг уран сайхны кино билээ.
Киноны 80 жилийн түүхэнд Монголын түүхийн нэлээд хэсэг нь багтаж буй. Өдгөө ч “Монгол кино нэгтгэл” кино мэдээ бэлтгэсээр байгаа. Зуун зууныг дамнан, монголчуудын тухай хүүрнэх их түүхийг баримтжуулсаар яваа.
Алдар цуутай авьяаслаг дуучид, ахмад уран бүтээлчдийг нэгэн тайзнаа гаргасан энэ тоглолтод ардын жүжигчин А.Долгор, Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин Б.Дашдондог, Ч.Насантогтох нар оролцсоноос гадна гавьяат багш Ц.Ерөө шавь нарынхаа хамт “Баянбулгийнхан” киноны дууг, ардын жүжигчин Г.Хайдав “Манай аялгуу” киноны дуу “Ээждээ”-г гавьяат жүжигчин Б.Дашдондогийн хамт дуулж сонордуулсан нь гэнэтийн бэлэг байлаа.
Чин сэтгэлийн үгс, танил дотно аялгуугаагаар хөглөгдсөн энэ тоглолт олон үзэгчийг баярлуулж, догдлуулсан.
Монголын кино урлагийн 80 жилийн түүх дардан байгаагүй ч хойшдын зам нь дардан байг гэсэн ерөөлийг ахмдууд хэлж байсан юм.