И.РЭНЧИНХАНД
(Соёлын гавьяат зүтгэлтэн)
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатовын шүлгүүдээс орчуулжээ. Түүний заримаас та бүхэнд сонирхуулж байна. Гамзатов гэхээр “Миний Дагестан” гэдэг алдартай бүтээл юуны түрүүнд санаанд орно.
Энэ номыг Мишигийн Цэдэндорж орчуулж түүнийг унших боломжийг бидэнд олгосон юм. Д.Цоодол найрагч анхны номоо хэвлүүлчихээд 1970 оны тавдугаар сарын 1-нд М.Цэдэндоржийнд бөөн баяр болсон амьтан давхиж очиход тэр их хүн “Миний Дагестан”-ыг орчуулснаа үзүүлж байсан аж.
“Роман-газета” сонинд хэвлэгдсэн “Миний Дагестан” Д.Цоодол гуайн орос хэл дээр уншсан анхны уран зохиол байсан гэнэ.
Тэгэхдээ Төв аймгийн Бүрэн сумын бага сургуулийн сурагч Цоодол хүү Дашзэвгийн Сэнгээгийн орчуулгаар Расул Гамзатовын шүлгийг анх уншиж, сургийг нь сонсож байж. Тэр үед уншсан
Чанх дээр минь гурван од зэрэгцэхэд
Чамд хайртай гэж шүлгээ би бичдэг гэсэн мөр нь одоо ч санаанд минь байна гэж ярьсан.
1979 онд Д.Урианхай, Т.Очирхүү, Д.Цоодол гурав Монголын залуу зохиолчдын төлөөлөл болж Армен, Азербайжанаар баахан явжээ. Тэд Москвад ч очиж, Азербайжаны нэрт зохиолч Самед Вургуний 70 насны ой ч тэр үед тохиож.
Тэгэхэд Расул Гамзатов мөн тэр ойд зочноор оролцсон юм байж. Зохиолчид Азербайжанаас гараад шөнөжин галт тэргэнд “нүдүүлж байх зуур” хүмүүс Казахын талд явж байна гэж ярьж байж. Тэгтэл “мусульманууд зам тавьж өг” гэх дуу хонгилд гараад байхаар нь гарч харвал цав цагаан толгойтой, ув улаан царайтай хүн нэг гартаа коньяк, нөгөө гартаа хундага барьчихсан зогсож байв гэнэ.
Дээрх үгийг энэ хүн хэлсэн байв. Энэ хүн алдарт Расул Гамзатов байлаа. Манайхныг монголчууд гэдгийг мэдмэгцээ “Та нар Сэнгээ, Удвалыг мэдэх үү” гээд байж. Манай хэд эднийгээ мэдэлгүй яах вэ, мэднэ гэдгээ ч хэлж. Тэгэхнээ Гамзатов Сэнгээтэй хамт Горькийн сургуульд сурч байж.
Танай Сэнгээ орос хэлийг надаас илүү мэддэг байсан. Би арын ширээнд нь суучихаад түүнээс буруу хуулчихдаг сан. Сэнгээ Москвагийн радиогийн монгол хэлний редакцид очиж “баяжиж” ирчихээд биднийг дайлна. Ер нь мөнгөтэй байдаг хүн байсан гэж ярьжээ.
1960-аад оны дундуур одоогийн хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэв Зөвлөлтөд очиж ирчихээд аян замын их сайхан тэмдэглэл бичиж, цав цагаан толгойтой, малигар улаан хүн байв гэж Гамзатовын тухай өгүүлсэн байсан нь нөгөө нэг гартаа коньяк, нөгөө гартаа хундага барьчихаад галт тэрэгний хонгилд их дуу гарган зогсож байгаа эрийг харахуй яг дүрээрээ байсан гэж Цоодол гуай ярьсан.
Гамзатов монголчуудыг харчихаад ч тэгж тал засдаггүй байсан биз, Монголд очих хүсэлтэй гэдэг ч ирж чадалгүй байсаар бурхны оронд заларсан гэдэг.
Расул Гамзатовыг үнэхээр нэг “ардын” хүн байсан юм шүү гэж Д.Цоодол гуай хэллээ. Хаана ч явсан хүмүүсийн хүрээлэл дунд байдаг, тааралдсан хүн бүр л бараг түүнтэй хундага тулгачих гэж хичээдэг нь хэнд ч анзаарагдана. Гамзатов өөрөө ч заавал хундага тулгаж, бас тулгаснаа “тогтоочихож” байгаа нь харагддаг байж.
Хүүхнүүд Гамзатовт заавал үнсүүлэх гээд байгаа ч юм шиг, мань хүн ч нэгийг нь үнсчихээд дараагийнхыг нь хараад хүлээгээд ч байх мэт хажуугийн хүмүүст санагдана. Насаараа тэр их найрагч хайр дурлалыг магтан дуулжээ.
Ямар сайндаа л амьдралынхаа тэн хагасыг энд өнгөрөөсөн гэж хэлэх дуртай “Москва” зочид буудлын өрөөнд халамцуу тамхичны гайгаар түймэр гарахад Расул утасдаж энэ тухай хэлбэл “Өрөө нь шатна гэж юу байх вэ, өөрөө л дурлалдаа шатаа биз” хэмээн хэлээд жижүүр авгай утсаа тавьчихаж байх вэ. Тэгэхэд Гамзатов “Хүүхнүүд та нар мөн тусгүй улс шүү, ганц удаа урихад ирээгүй шүү” гэж хэлж байсан гэдэг.
Би математикч биш, Патиматикч хүн гэж хэлдэг. Патима гэдэг гэргийнх нь нэр юм байна.
Мянган хүн чамайг хайрлавал
Мянгын дотор намайг байгаа гэж бодоорой
Ганц ч хүн чамайг хайрлахаа байвал
Гамзатовыг үхэж гэж бодоорой гэх мэт мөр түүний бүтээлд олон бий аж.
Д.Цоодол гуайн ярьснаас үзвэл Расул Гамзатов гэгч жигтэйхэн цэцэн цэлмэг, сэтгэл хөдөлгөж хөвсөлзүүлэм уран, оночтой үг амнаас нь аяндаа урсаад гараад ирдэг, үнэхээр билэг танхай нэгэн байсан бололтой. Гамзатов 1970-аад онд Кубад очиж удирдагч Фидель Кастротой нь уулзжээ.
Мань хүн Фидельд уулынхны өмсдөг хэвнэг өгч. Элдэв товч, бүчгүй, өмсөх эдлэхэд түвэггүй эд байх чинь гэж Фиделийг хэлэхэд дайсан гэнэт довтолбол сэлмээ сугалахад амар гэж ингэж хийдэг юм хэмээн тэр дор нь хэлж орхисон байна.
Үнэхээр тийм зориулалттай, эсэхийг бүү мэд, ямар ч байсан Кубын удирдагчийн амыг тухайн үедээ таглаж л орхисон байна.
Гамзатовын сийрэг ухааныг нотлох олон баримт байдгийг Д.Цоодол гуай ярьдаг юм. 1983 оны нэгдүгээр сард Гамзатовын 60 насны ойг тэмдэглэж Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд нүргээнтэй үдэшлэг болов гэнэ.
Жүжигчид тусгайлан зассан тайзан дээр “Дагестан” гэдэг дууг дуулахад “найрын” эзэн дунд нь ороод л дуулж гарч. Тэр үед хэн нэг нь яруу найрагчийн ойг спортын зориулалттай газар тэмдэглэж буйн учрыг сонирхоход Гамзатов яруу найрагчид ч аймхай хүмүүс биш, тамирчид бидний хооронд адил юм их бий гэж хэлсэн байна.
Гамзатовыг юу гэхийг нь сонсох гээд ч юм уу, барьц алдуулж магадгүй гэж горьдсон уу Пушкин, Лермонтов нар шиг том яруу найрагч яагаад төрөхгүй байна гэж саваагүй нэгэн асуухад, ийм жижигхэн гариг дээр тийм том найрагч хоёроос илүү яаж багтах билээ гэж хариулж байжээ.
Дагестаны нэгэн жижигхэн гацаанд төрсөн хүн авьяас чадвар, алдар хүндийн ийм өндөрт яаж хүрэв гэхэд “Би дээшээ өгсөөгүй, доошоо унасан хүн. Миний төрсөн тосгон далайн түвшнөөс 2000 метр өндөрт байдаг, тэгвэл Москва 1000 метр өндөрт байдаг юм. Би доошоо унасан байгаа биз дээ” гэж хээв нэг хариулж байсан гэдэг. Сав хоосон тун буцаадаггүй эр байж.
Тэгэхдээ энэ амьдралд түүртэхгүй, зоргоороо, гуниггүй аж төрж яваа мэт байсан нь өнгөн тал нь л болов уу. Ард түмнийхээ хувь заяа, мартагдаж буй соёл, ёс заншлынхаа төлөө сэтгэл их чилээдэг хүн байсан юм билээ. Хэл маань маргааш мөхөх болбол би өнөөдөр үхнэ гэж бичиж байсан хүн юм шүү гэж Ардын уран зохиолч Д.Цоодол гуай хэлсэн.
Патимат
Дэлхий гэдэг ихийн их оромжинд
Дэндүү жаахан ирсэн дээ чи
Дээж сүүгээ ээж чинь хөхүүлээд л хайрлаад л
Патимат, Патимат, Патимат
Санаа амар унтах орноос чинь тэртээ дээр
Сагсуу бяцхан горхи шуугиад л
Cap тэр горхины усанд шумбаад л
Патимат, Патимат, Патимат
Хоног cap өөрийнхөө замаар өнгөрөөд л
Хоёр салаа гэзэг чинь миний эгдүүг хүргээд л
Холгүй цонхны чинь доор миний шивнэдэг үг:
Патимат, Патимат, Патимат
Арчаагүй ядуус, айхтар баячуудын орон
Асар дэлхийг би тойрон хэслээ
Араас минь цуурай шиг дагасан нэр
Патимат, Патимат, Патимат
Манай охид ариухан-уулын горхи л гэсэн үг
Магтаж бахархсан нүдээр чамайг тэд ширтэцгээнэ
Мандах нар мэт тэднийхээ төлөө хүн
Патимат, Патимат, Патимат
Цэлмэгхэн царайг чинь харах бүртээ би баярладаг
Цэцэлж магтаад магтаад сайханд чинь хүрдэггүй
Цээжилсэн тарни мэт нэр, хувь заяа минь
Патимат, Патимат, Патимат
Өглөөний мэнд
Зуур замдаа би юу юу үзэв, дахиад хэд наслах бол
Зууны талыг элээж дараах жилүүддээ орлоо
Цайх үүрийн туяанаар гараа зүрхэн дээрээ тавьж
Цайдам их хорвоогийн юм бүхэнд өглөөний мэндийг хүргэе!
Ард олон, өвөл болоод хавар бүгдээрэнд,
Асган дунд сэрж байгаа шувууд, зүрхнээ яваа шүлгэндээ
Алсын хот айл-төрсөн голомтондоо мэндийг хүргэе!
Амьд микрофон гартаа барин зогсох шиг
Алаг зүрхээ сэтгэлдээ өргөн байж
Дэргэд болоод хол ертөнцийн бүх айлуудад
Дэлхий хийгээд орчлонгийн нэвтрүүлэгч шиг хандья
Аавын минь нутгийн энхрийхэн горхи, булгууд
Ариухан мэлтийх тэнгэр, түүний олон одод
Ачит ээжүүдийн rap зөөл зөөлхөн хөдөлгөсөн Алдрайхан багачуудын өлгийд өглөөний мэнд хүргэе!
Аль эртний заншлаар агаар тэнгэртэйгээ мэндлэе
Алс манай хязгаарт нарлаг, хаа нэгтээ шуургатай
Зарим нутагт инээдэм нөгөө хэсэгт нь нулимс Замбараагүй энэ дэлхий дээр алаг цоог гэнээ
Арван зүгтээ тольдсон айлуудын цонхоор
Аз жаргал орог гэж бүгдээрэнд нь мэнд хүргэе!
Үелээ нугачаа ихтэй уулын зөрөг,
Үнэн, аз жаргалд хүргэх зам болгонд өглөөний мэнд хүргэе!
Цавчим бэрх дагестаны уулст өглөөний мэнд хүргэе!
Цада тосгон, Москва, Софид өглөөний мэнд хүргэе!
Ялдам хонгор эмэгтэйчүүддээ өглөөний мэнд хүргэе!
Яруу найрагчид-найз нартаа өглөөний мэнд хүргэе!
Сэтгэлд минь уянгалагч үг, дуу хоолойдоо, Та бүхэнд
Сэргэлэн хүчирхэг хөршүүддээ өглөөний мэнд хүргэе!
Бас нэгэн өглөө эхэллээ, гэгээ дөнгөж гарч байна
Баяр, гуниг минь чамдаа өглөөний мэнд хүргэе!
Намайг өршөөгөөрэй
Өчигдөрхөн би уйлж суулаа
Өнөөдөр чиний сормуусанд нулимс гялалзаж байна
Өнгө алаг-хүний амьдрал яасан ч эрээн цоохор юм бэ
Өөрөө би буруугүй ч буруутай л юм шиг санагдах юм
Замын дунд морь минь намайг явгалж
Заримдаа унаа чинь чамайг газар мөргөтөл шиднэ Хээр талаар тоосруулж, заримдаа салгална
Хэцүү ааштай амьдралд бие биенээ өршөө
Яваад өнгөрсөн, одоо яваа өдрүүдийг тооцож Ялгаагүй танай манай ханан дээр цаг цохилно
Энэ биений минь зовлон чамайг ч бас шаналгаж Эргээд нэг өдөр чиний гуниг надад ирнэ
Эзэн нь төрсөөр үнсэлцэж үзээгүй уруул байдаг
Эрхт орчлонгийн гэрлийг хэзээ ч хараагүй нүд байдаг
Ер үнсэлцэхийг хүсдэггүй уруул,
Ертөнцөд уйлж үзээгүй нүд харин байдаггүй.
Бороо, болж өгвөл үер ороосой гэж бид зун хүсдэг Болихоо мэдэхгүй бороо намар болсон хойно ордог Өчигдөр манай уулынхны нэгнийд хурим болсон Өнөөдөр өөр нэгнийд хүмүүс оршуулганаас ирж
байж ч магад
Холын замд хэн хүнгүй л явцгаана,
зам донсолгоотой
Хонхор гүдгэр газар бүгдээрэнд халгаатай
Тэр бүхэнд миний буруу үгүй ч
Тэгэхдээ л... тэгэхдээ л намайг өршөөгөөрэй.
Алтан дэлхий өглөг хишгээ
Амьдрал дээр хааяа алдаж хуваах юм
Амаар дүүрэн шүдтэй байхад зутан уулгаж,
Аль хэдийн шүдгүй болоход махаар дайлах юм
•••
Өгсөхөөсөө уруудах нь хэцүү гэж
Өвгөд, уулчдаас мэдэж авсан би
Өнөө би дөчин насны даваан дээрээ гарлаа
Өмнөх зам амаргүй өдрөөс өдөрт бэрх болж байна
•••
Чухам ямар оргилоос чулуу эс шидэв дээ би
Чулуу болгон нисэж тэртээ доор унасан
Тэгш газрын намд ямар дуу эс зохиов доо би
Тэд бүгдээрээ нисэж төрөлх ууланд минь очсон
•••
Биднээс хэн нь ч өлсгөлөн бүү байг
Битгий бас нөгөө нь хэтэрхий цатгалан байг
Нэг нь өлссөнөөсөө болоод хортой догшин болов
Нөгөө нь цатгалдсанаасаа болоод бидэнд гай тарив
•••
Аян замын хүмүүс, бид ч бас ялгаагүй
Аль нэг нохойг хараагүй бол сэтгэл амар явцгаана
Айлын ноход ялангуяа биднийг хараагүй л бол
Амарч гүйцээд бүр налайж гүйцнэ
•••
Газар дэлхийд гуйлгачны оромж, шорон гэж байдаггүйсэн бол
Гал цогтой өөдрөг үзэлтэн болсон ч яах вэ би
Цөмөөрөө бид үхэлгүй мөнх байдагсан бол
Цөхрөшгүй бурхангүйн үзэлтэн байсан ч яах вэ би
•••
“Өлсгөлөн яваа чи юу хүснэм бэ?” “Идэх юм?”
“Өөрийн оромжгүй чи юу хүснэм бэ?” “Толгой хоргодох юм”
“Ангаж яваа чамд юу хэрэгтэй вэ?” “Ус!”
“Айхтар зовсон чамд юу хэрэгтэй вэ?” “Үг!”
•••
Алдарт баатар хүн үхнэ гэж үгүй
Амьд байгаа цагтаа л найрагч түүнийг дуулна
Үхдэггүйгээрээ үхэл л тэднийг хоёуланг нь хараад
Үүдээ нээчихээд хэдийнээ хүлээж байна
•••
“Хэтэрхий олон үгтэй ямар хүн байдаг вэ?”
Хэнд ч тоогдож яваагүй ахимаг насны эмэгтэй
“Яршигийн олон үгтэй өөр хэн байдаг вэ?”
Ямар ч уншигчид тоогдоогүй ахимаг насны найрагч
•••
“Хүмүүс бидний амьдрах хэнд хамгаас хэцүү вэ?”
“Хүн гэж хэн ч итгэхгүй бол өөрт нь хэцүү”
“Түүнээс ч илүү хэнд хэцүү вэ?”
“Түм олныхоо хэнд ч итгэдэггүй түүнд бүр ч хэцүү”
•••
Наймт шүлэг гэдэг-яг найман мөр
Налгар уулсаас минь эхэлсэн найман жаахан булаг
Яруу найрагт ч далайд ч хүрэх зам хол
Явсаар далайдаа цутгахыг би ерөөнөм
Наймт шүлэг гэдэг-яг найман мөр
Нарлаг уулс хязгаарын найман залуу хархүү
Төөрөм олон замыг та нар минь туулна
Төрөлх уулсынхаа малгайг замдаа бүү гээгээрэй.
•••
Түргэн зуур болсон бид хоёрын хэрүүл
Түргэхэн хайраад дороо хайлах цас аа
Хөөрхий миний толгой дээрх үүл арилахад
Хөх тэнгэр тодорч улам сайхан мэлтийнэ ээ
Аль эсвэл саяны дүрсхийгээд унтарсан хэрүүл
Аварга далайд унасан улаан жунгаа шувуу
Дугуй хээ татсанаа дахиад юу ч үгүй
Дулаахан зуны нар усан дээр мэлтэгнэнэ
•••
Хүн амаараа танайхан асар олонгүй нь үнэн
Хүндэт эстон, кумык найз нар минь бүү гунь,
Хариугүй жаахан цонхоор олон юмыг үзэж
Ханагар их далай, тивийг ч харж болдог шүү
Галба эртнээс эхлээд эцэг дээдсийн чинь нутаг
Гар татсан юм шиг аривгүй бяцхан ч байг
Элэгдэж навтайсан тэр намхан уулс
Эрдэнэ шижрээрээ бүгдээс баян байж ч мэдэх шүү
•••
Тодрох үүрээр зулайдаа үүлтэй оргилууд
Том цагаан папахтай хоньчид адил харагдана
Тогтоож байсан мөснөөсөө салсан горхид
Томоогүй хүүхдүүд адил цасан дунд шулганана
Хайлсан цасны дусал дөнгөж сонсдом унахыг
Хариугүй биетэй өвгөн сакал байшиндаа сонсоод
“Хавар дахиад болдог болов уу” гэж
Ханын дэргэд зассан хөнжил дотроо өгүүлнэ
•••
“Аз жаргал минь, чи хаа байна, царайг чинь би хармаар байна?”
“Амжиж чиний гараагүй уулын оргилд байна аа!”
“Оргил дээр би гарлаа, одоо чи хаана байна жаргал аа?”
“Огтоос чиний хүрээгүй мөрний усанд байна!”
“Өдий төдий голоор би сэллээ, өнөөдөр чи хаана байна аа?”
“Өнө хожим зохиох дуунд чинь би байнаа!”
“Чамд би зохиосон дуу болгоноо зориулна, одоо чи хаана вэ?”
“Чаддаг юм бол гүйцээч! Би өмнө чинь байна!”