Улсын драмын эрдмийн театрын хамт олон өнөөдөр “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус өдөрлөг нь театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлан үлдээх зорилготой юм. Эл өдөрлөгийн хүрээнд уг театрын тайзнаа 19 жилийн дараа дахин тоглогдож буй “Ромео Жульетта” жүжгийг ахмад уран бүтээлчиддээ зориулан тоглосон. Жүжгийн өмнө студи ангийн жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн, Э.Тодгэрэл, Б.Золбаяр нарт тус театрын үндсэн жүжигчний үнэмлэхийг гардуулсан юм. “Ромео Жульетта “ жүжигт жүжигчин Б.Шинэбаяр Ромеод, О.Дөлгөөн Жульеттад, Э.Тодгэрэл Меркуциод, Б.Золбаяр Бенвелиод тус тус тоглож буй.
Жүжигчин Э.Тодгэрэл фэйсбүүк хуудсандаа “Улсын драмын эрдмийн театрынхаа 85 жилийн ойгоор алтан тайзан дээр, алтан үеийн ахмад уран бүтээлчдээсээ эрхэм хүндэт үзэгчдийнхээ өмнө театрын жүжигчин хэмээн нэрээ дуудуулж, үнэмлэхээ гардан авлаа. Театрынхаа удирдлага, хэлтсүүд, уран бүтээлчид болон арын албанд ажилладаг нийт хүмүүст чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлж байна. 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
А.Халиун