Монголын дүрслэх урлагийн бүтээлүүдийг Хятадын, цаашлаад дэлхийн зах зээлд гаргах боломж бүрдлээ. Тодруулбал, монголын соёл урлаг, уран бүтээлийг Хятад улс, тэр дундаа Хонг Конгоор дамжуулж олон улсын зах зээлд гаргах “Торгоны зам” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Тус санамж бичигт Монголын Урчуудын эвлэлийн хорооны дарга Б.Төмөрбаатар, Хонгконг улсын урлагийн бирж болох “Такунг” ХК-ийн захирал Мике Шоу болон “Их зуун” орчин үеийн урлагийн төвийн захирал Жан Хай Бо нар гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Монголын Урчуудын эвлэлийн хорооны дарга Б.Төмөрбаатар хэлэхдээ “Монголын дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн зах зээлд таниулах, сурталчлах боломж бүрдэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулах, худалдан борлуулах, уран бүтээлчдийг туршлага солилцуулах, мэдээлэл солилцох зэрэг олон арга хэмжээг зохион байгуулна. Ер нь Монголын Урчуудын эвлэлийн хороо гадаад харилцаандаа ихээхэн анхаарч ажилладаг. Энэ тал дээр хамгийн их хамтарч ажилладаг орон бол БНХАУ. Тэндэхийн зах зээлд манай дүрслэх урлагийн бүтээлүүд гарах боломж их байдаг” гэлээ.