Европчууд монгол ноолуурыг ихэд таашаан, хэрэглэх дуртай байдаг. Тэгвэл есдүгээр сард Парист болсон “Сайхан эх дэлхий” үзэсгэлэнгийн үеэр монгол ноолууран эдлэлийн дэлгүүрээр Оскарын шагналт, жүжигчин Марион Котиллиард үйлчлүүлжээ.
Энэ дэлгүүрийг Ц.Сарангэрэл хэмээх монгол бүсгүй ажиллуулдаг бөгөөд үндэсний урлагаа сурталчлан, алдаршуулах ажлыг мөн сонирхлоороо хийдэг нэгэн юм билээ.
Тэрбээр “Сарангэрэл” брэндийн ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд дөрвөн жил болж буй бөгөөд олон улсын үзэсгэлэнгээс хэд хэдэн шагнал хүртжээ. Өчигдөр түүнтэй холбогдож, цөөн асуултад хариулт авсан юм.
-Монгол ноолуурыг францчуудад түгээгээд уджээ. Тэд хэр их таатай худалдан авдаг вэ?
-Би ихэвчлэн “попсторе”-оор бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ нь дизайнерууд хамтарч, дэлгүүр нээж бүтээгдэхүүнээ худалдаалах арга барил юм.
Парист Монголын соёл, урлагийн болон бизнесийн брэндүүд танигдвал улс орноо сурталчлах ямар чухал үйл ажиллагаа болохыг төр засгийнхан маань сайн ойлгоосой.
Цаашлаад Монголын малчид болон дизайнеруудад энэ нь эдийн засгийн эх үүсвэр болно. Мөн хоёр орны найрамдалт харилцаанд ч чухал нөлөө үзүүлнэ шүү дээ. Үйлчлүүлэгч нар маань сэтгэл хангалуун байдаг.
-Таныг доктор Ц.Сарангэрэл гэж танилцуулсан юм. Та ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ?
-Би эртний франц хэлний чиглэлээр магистр, Монголын эзэнт гүрний үед Монголд аялсан жуулчдын бүтээлээр докторын зэрэг хамгаалсан. Түүхээ судалж байж хөгжлийн тухай ярих ёстой.
Намайг францчууд “Яаж ингэж аялгагүй, цэвэрхэн ярьж сурав аа” гэж гайхдаг юм. “Би танай эртний хэлийг судалсан болохоор тэр” гэж хариулдаг.
Түүхгүйгээр, эртний уламжлалгүйгээр урагшилна гэж үгүй. Тиймдээ ч би энд монгол өв соёлоо сурталчилдаг юм.
С.СЭРГЭЛЭН