Театрт очоод та тайзан дээрээс юу юу хардаг вэ. Хөшиг нээгдэж, жүжгийн үйл явдалд тохируулан зассан тайзан дээр хэзээний танил жүжигчин тань дүрдээ орж, таныг баясгаж буй тэр дүр төрх үү.
Тэр жүжигчин гартаа ямар нэг зүйл барьсан байна уу, та анзаарав уу. Үсэндээ пигуди зүүж, хумсаа хуурайдангаа, бохь зажлан нааш цааш алхаж явна уу.
Тэр жүжигчин бүсгүйн үсэндээ зүүсэн пигудинээс эхлээд амандаа зажлах бохийг нь хүртэл хэн нэгэн өдөр бүр, тоглолтын өмнө бэлддэг. Театрынхан ийм мэргэжилтэй хүнийг жижиг хэрэглэлийн эрхлэгч гэдэг юм.
Улсын драмын эрдмийн театрт 46 дахь жилдээ жижиг хэрэглэлийн эрхлэгчээр ажиллаж буй Д.Мягмарсүрэн эгчтэй ярилцлаа. 24 настай цэл залуухан бүсгүй хадам эгчийгээ дагаж энэ театрт ирсэн.
Жаргал, зовлон, баяр, гунигаа энэ байшинд үдэж, бүх сэтгэлээ ажилдаа зориулсан түүнийг 70 настай гэж хэлэхийн аргагүй ануухан харагдах нь сайхан.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Ямар учрал, тохиолоор энэ албанд томилогдов?
-Би дунд сургууль төгсөөд Эвлэлийн төв хорооны илгээлт авч Гутлын үйлдвэрт зургаан жил ажилласан. Тэгж байтал нөхөр маань ЗХУ-д сургуульд сурахаар болж, би ганцаараа үлдэв.
Харин хадам эгч минь “Чи яаж одоо ганцаараа байж, шөнийн ээлжинд гарч явах вэ. Би чамайг нэг сайхан газарт ажилд оруулна аа” гээд театрт авчирсан даа.
1970 оны аравдугаар сард заал зохион байгуулагчаар ажилд орж, хоёр жилийн дараагаас жижиг хэрэглэлийн эрхлэгч болж, энэ тасагтаа ирсэн.
-Тухайн үед жижиг хэрэглэлийн тасагт олон хүн ажилладаг байв уу?
-Театр бол нийлмэл урлаг. Зөвхөн найруулагч, жүжигчид байдаг юм биш тэдний ард оёдлын тасаг, хиймэл эд зүйлс хийдэг хүмүүс, гэрэл, техник, дуу шуумныхан гээд олон хүн бий. Тэр бүгд нийлээд нэг тасаг байхгүй юу.
Би жижиг хэрэглэлийн эрхлэгчээр 30 гаруй жил ганцаараа ажилласан. Нас ахисан болохоор хажуудаа нэг хүн дагалдуулж байна.
Өмнө нь орсон хоёр бүсгүй маань маамаалах гээд явчихсан байгаа. Орлож үлдэх хүнээ сайн сургаж байж, 5-10 жил чихээ халууцуулалгүй суумаар байна.
Манай энэ өрөөнд байхгүй юм байхгүй. Буу зэвсэг, бурхан тахил, ширхэг шүдэнзний хайрцаг ч манайд хэрэгтэй.
-Ийм олон жил ажилласан болохоор та жүжиг болгоныхоо жижиг хэрэглэлийг тэмдэглэл харахгүйгээр бэлдчихдэг үү?
-Бэлдэнэ ээ, бэлдэнэ. Гэхдээ шинэ жүжиг тоглох болгонд бид тэмдэглэл хөтлөх ёстой. Өдий олон жил ажиллахад, гаднын тоглолт болон манай театрынхыг нийлүүлээд 500-600 мянган тоглолтын ард гараа байлгүй.
Тэр бүгдийг тэмдэглэж, юу хаана байх, хэнд юм өгөхөө бичихгүй бол болохгүй. Дараа нь энд ажиллах хүнд ч үлдэцгүй.
Ийн яриад Д.Мягмарсүрэн эгч хоёр зузаан дэвтэр гаргаж ирлээ. “Жагаад сэлэм, өндөр хүүд таяг, тамхины хайрцаг” гэх мэтээр тэмдэглэл бичсэн байлаа.
1988 оны “Галилей” жүжгээр эхэлсэн дэвтрийн 69 дүгээр хуудаст 2012 оны “Галилей”-н тэмдэглэл ч мөн бичээстэй байх аж.
Энэ зуур “Ромео, Жульетта” жүжгийн гол дүрийн жүжигчин Б.Шинэбаяр түүний өрөөгөөр ороод гарав. Залуус хоорондоо мэндлэхдээ гараа зангидан тулгадаг даа. Яг тэр үйлдлийг Мягаа эгч, Шинээ хоёр хийх нь тун ч сонин харагдав.
Нас бол тоо юм гэдэг үг түүнд яг тохирно. Залуустайгаа хамт хөөрч, баярлаж, хөгжиж яваа ийм л эмэгтэй юм.
Түрүүхэн оройн жүжигт Жульеттагийн уух дарс, бас хорыг бэлдэж, үдэшлэгт хэрэглэх бенгалийн галыг тоо ёсоор нь хүлээлгээд өгчихсөн. Удахгүй тайзны хажуу дахь ширээн дээрээ очиж суугаад, жүжиг дуустал бүх зүйлээ нягтална даа, Мягаа эгч минь.
-Энэ өрөөнд байгаа эд зүйлсийн хамгийн “ахмад” нь хэдэн настай бол?
-Тэр эмийн хайрцаг, энэ дээрх утасны аппарат надаас өмнөх эд. 1950-иад онд “Эмч нар” жүжгийг тоглоход л байсан. Тэр утсыг Сүхбаатарын өрөөнд тавьж байсан гэсэн.
-Хийж байгаа ажлынхаа юугаар нь хамгийн их бахархдаг вэ?
-Би тайзан дээр гараад дуулж, бүжиглэж, жүжиглэж чадахгүй. Гэхдээ энд ажилласны буянаар алтан тайзан дээр гарч зогсох эрхтэй болдог. Энэ л миний бахархал.
-Бас хүмүүсийн дэргэдээс нь харж, гар барихыг хүсдэг олон хүнтэй та жаргал, зовлонгоо хуваалцаж, ойр дотно байдаг гэхээр бас л сайхан.
-Тэд нар минь ч бас миний жаргал, зовлонг хуваалцдаг. 24 настай энэ театрт ажилд орсноос хойших 46 жилд хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Ханиа, аав, ээжийгээ, хоёр сайхан дүүгээ алдлаа. Энэ бүх зовлонг театрынхан минь хуваалцаж, сэтгэлийн дэм өгсөн болохоор би өдий дайтай яваа.
Би энэ театраас өөр газар ажилладаг байсан бол өдийд цагаан утас бариад гадаа зогсож байхыг ч үгүйсгэхгүй. Миний ажиллаж байсан Гутлын үйлдвэр одоо байхгүй шүү дээ.
-Та хөтлөгч, нэвтрүүлэгч, эсвэл уран уншигч баймаар сайхан хоолойтой юм аа?
-Хүмүүс бас тэгж хэлдэг юм. Манай Г.Равдан, Б.Гүрсэд эд нар намайг залуу байхад “Чи радиод оч оо” гэдэг байсан. Зарим хүн гавьяат жүжигчин Цэмпилмаатай адилхан хоолойтой юм гэдэг.
Гэхдээ би энэ театртаа л хайртай. Дээр дурдсан миний хадам эгч бол гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров гуай шүү дээ. Энэ эгчийн минь нөхөр бол миний ханийн ах юм. Одоо ч энх тунх аж төрж байгаа. Өнгөрсөн жил Улсын баатар болсон Шагдарсүрэн гэж хүн бий.
Рэнцэнноров эгч минь намайг энэ театрт дагуулж ирсэн болохоор би ажилд орсон цагаасаа энэ хүний нүүрийг улалзуулахгүй, чихийг халууцуулахгүй байхсан гэж хичээсэн. Одоо намайг бурхны орноос хардаг бол “Овоо доо” л гэж бодож байгаа байх.
УДЭТ-ын 75 жилийн ойгоор Алтан гадас, 80 жилийн ойгоор намайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Өөр газар байсан бол өдийд хэн намайг ингэж шагнах билээ. Тийм болохоор театрынхаа ахмадууд, нэгэн үеийнхэн болон залуустаа бүгдэд нь баярладаг.
-Хүүхдүүдээс нь урлагийн мэргэжил сонгосон хүн байдаг уу?
-Миний нэг хүү энэ театрт дуу шуумны техникч хийдэг. Эгчийн минь хүүхэд дууны найруулагчаар ажиллаж байна. Том хүүгийн минь ууган хүү өнгөрсөн жил ХБК төгсөж ҮДБЭЧ-ын бүжигчин болоод байна.
Би дөрвөн сайхан хүүхэдтэй. Бага нь 30 гарч, том нь 42-43 хүрчихээд явж байна.
-Алтан үеийн мундаг жүжигчдийн заримтай нь ч гэсэн та ажиллаж байжээ дээ.
-А.Очирбат, Ц.Цэгмид гуай болон 1960-аад онд энэ театрт ажиллаж байсан хүмүүстэй бол хамт ажиллаагүй юм байна. Түүнээс хойш байсан алдартнууд, ахмадуудтайгаа ажиллаж байлаа.
Лоовой, Дамдинсүрэн, Хандсүрэн, Цэвээнжав, Лувсан, Жигмэддорж гуай гээд энэ олон сайхан хүмүүстэй ажиллаж, тэдний хайр халамжийг мэдэрч явлаа. Хөдөө аялан тоглолтоор явахад “Тайзныхан ирнэ. Хар цайтай байж байг” гээд тэд минь бидэнд санаа тавина.
Алдар суутай жүжигчдээс гадна манай анги бас гурван гавьяаттай. Гэрлийн инженер Цэвэгдорж, тайзны машинист Доржсүрэн, футфор Гүрдорж гуай нар минь байна. Ийм сайхан улсуудтай ажиллаж, дараагийн үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн, одоо залуустайгаа хамт байна.
-Тоглолтын үеэр алдаа гаргаж байсан уу?
-Байсаан, байсан. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй биз. Бас алдаа хийе гэж алддаг хүн ч байхгүй. “Гургалдайн дууч шувуу” жүжгийн үеэр гаргасан алдаа минь сэтгэлээс ер гардаггүй юм. Баатар найруулагчийн жүжиг л дээ. Мягмарнаран генералын дүрд тоглож байлаа.
Би ер нь жүжиг эхлэхээс 2-3 цагийн өмнө ирж юмаа бэлдчихээд тайзны хажууд очоод дуустал нь харж суудаг зуршилтай. Гэтэл тэр өдөр генералын ширээн дээр тавих ёстой утасны аппаратаа мартаж орхижээ.
Жүжиг дундаа ороод явж байхад гэнэт анзаарч байгаа юм. Гүйж очоод авчирлаа. Мягмарнарангийн хэлэх үг дуусах гээд, түүнийхээ дараа яг утас аваад ярих ёстой байдаг. “Яах вэ” гээд зогсож байтал Хасар Жагаа, Урнаа хоёртой хамт ГИТИС төгссөн Сүхээ гэж залуу маань нөгөө аппаратыг аваад “Генералд болох уу, аппарат заслаа” гэж хэлсэн.
Тэгээд Мягмарнаран ч тэрийг ойлгож “Болно” гэж хэлээд намайг аварч билээ. Тэгж их том алдаа гаргасан болохоороо би одоо юмаа дахин дахин шалгаж, болж байна уу гээд явдаг юм.
Урлаг хатуу шүү дээ. Ээж минь өглөө нь нас барчихаад байхад орой театрт “Нандин эрдэнэ” жүжиг тоглоод, би ажиллаж л байлаа. Нөхөр минь “Ээж чинь нас барчихаад байхад” гээд л загнаж байгаа юм. Театр ийм л байдаг.
Зовлон тохиосон ч жүжигчин, арын ажилтан хамаагүй хийх ёстойгоо хийчихээд дараа нь уйлна уу, унжина уу хамаагүй.
-Та тэр хажуугийн ширээнээсээ л бүх жүжгийг үздэг байх нь ээ?
-Тийм ээ. Би ер нь үзэгчийн суудлаас жүжиг үзэж байгаагүй ээ.
Ярилцлагын төгсгөлд Д.Мягмарсүрэн эгч “70 нас хүрч байгаа энэ жил намайг баярлуулж, миний насны ойг тэмдэглэж байгаа УДЭТ-ынхан, уншигчдадаа намайг танилцуулж, улс даяар сурталчилж байгаа танай сониныхон болон театрын хамт олон, өмнө нь ажиллаж байсан ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд аз жаргал хүсье.
Ялангуяа ах дүү нартаа, төрсөн эгч Буянцэцэг, ах Лхагвасүрэн болон дүү нарынхаа гэр бүлд аз жаргалын дээдийг ерөөж, ирж буй шинэ оноо элэг бүтэн, эрүүл энх сайхан угтаарай гэж дамжуулъя” гэж хэлсэн юм.
Хүн бүхний заяаг тэгшилж уламжилсан Мягаа эгчийн ерөөл бат сайхан орших болтугай.