Ирэх оны хувцас загварын өнгийг тодорхойлдог “Гоёл” наадам 28 дахь удаагаа болж өндөрлөлөө.
“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээ 19.00 цагт эхлэх байсан ч, урд жилүүдийн мөн адил үзэгчдийг нэг цаг гаруй чилээсний эцэст тайзаа нээв.
Наадмын салхийг хагалан “Ур ундрах” компанийн үндэсний хувцасны коллекцийг танилцуулж, араас нь “Говь” ХК, “BGH”, “Гурван булаг”, “GandS”, “We are mods”, “Бажуна”, “Урбан жийнс”, “Одхан” зэрэг компанийн зохион бүтээгчдийн өдөр тутам, гоёл, үндэсний хувцасны загваруудыг толилуулсан.
Наадмыг нэвтрүүлэгч С.Чимгээ, жүжигчин Э.Ууганбаяр нар хөтөлсөн юм. С.Чимгээ урт хар даашинзыг сувдан зүүлттэй хослуулсан нь наадамд оролсон загвар өмсөгчдөөс дутахааргүй донжтой харагдаж байлаа.
“Шилмэл загвар” компанийн бүтээлүүдийг танилцуулж байхад дэргэд минь сууж байсан хоёр бүсгүй “Шилмэл загвар”-аас топ модель шалгарч, дизайнер нь шилдэг болдог уламжлал давтагдах биз” гэж ёжлонгуй ярьсан нь хүмүүст сонсогдов.
Нээрэн л жил бүр эл наадмаар зохион байгуулагч компанийнхан шилдгээр шалгардаг болохоор тэгж бодохоос ч аргагүй биз.
Энэ жил мөн л “Шилмэл загвар”-ын агентлагт 13 настайгаасаа суралцаж, 14 жил загварын тайзнаа алхсан, одоогоор “Дизайнеруудын холбоо”-ны загвар өмсөгч Х.Уянга топ модель болсон.
Загвар зохион бүтээгчийн гранпри шагналыг ч тус компанийн Д.Өнөболор авсан юм. Харин шилдэг эрэгтэй загвар өмсөгчийн шагналыг Б.Баяртогтох, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр А.Хулан нар шалгарлаа.
Түүнчлэн “Гоёл” наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох шилдгийн шилдэг загвар зохион бүтээх товчоогоор “Говь” тодорсон. Энэ удаагийн наадамд 20 гаруй загварын салон оролцож бүтээлээ дэлгэсэн бөгөөд Өвөрмонголын дизайнер Номин зочин уран бүтээлчээр оролцон үндэсний хэв маяг шингээсэн коллекцио дэлгэв.
2016 оны топ моделийн шагналд О.Ариунзул, Д.Дөлгөөн, Б.Гэрэлчулуун, Н.Ану, Т.Батцэцэг нар хүчтэй өрсөлдөгч байлаа. “Гоёл” наадмын ивээн тэтгэгчээр “Цагаан шонхор” ХК, “Керасис” брэнд, “Эко” салон ажиллажээ.
“Гоёл-2016” наадмын шилдгүүд:
- Тусгай байр: ӨМӨЗО-ны дизайнер Номин, “Бажуна” салоны дизайнер Б.Батсүх
- Шилдэг нүүр хувиргагч: “Наруми” салоны нүүр хувиргагч н.Марина, н.Аззаяа
- Шилдэг үсчин: “Stylish” салон
- Шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг
- Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Одхан” салоны дизайнер Ц.Отгон
- Үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon couture” урлангийн дизайнер Х.Батзаяа
- Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан жийнс” брэндийн дизайнер Э.Бямбасүрэн
- Шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Д.Мягмарбүрэн, Б.Батсүрэн
- Загвар өмсөгчийн дэд байр: загвар өмсөгч А.Сайхантамир