Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасан
Т.ГАЛСАН
Ардын уран зохиолч
1972-1973 оны үед Улаанбаатараас Хар азаргын нуруу, Алтайн уулсаас Говь гурван сайхан хүртэлх уудам нутгаар “Монгол кино” гэсэн содон, сүржин бичигтэй шинэхэн “УАЗ-69” машин давхих болсныг нутгийн ажигч гярхай хүмүүс олонтаа харжээ.
-Эд чинь киноныхон уу. Гадаадынхан, гавшгайчууд уу?
-Тийм ээ, урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасан хэдэн багачуултай яваа юм гэнэ ээ. Чи танина биз дээ. Танина. Танина ч гэж дээ хийсэн кинонуудыг нь мэднэ биз дээ. “Говь”, “Хангай”, “Ан”, “Хар ус нуур” гээд л олон сайхан кино бий дээ!
-За, тэр хүн чинь одоо “Аргаль угалз” гэдэг өнгөт баримтат кино хийхээр явж байгаа нь энэ гэнэ. Говь гурван сайхан уулын нэгэн хөтөл дээр уулзсан цагаан морьтой, хүрэн тэмээтэй хоёр хүн ингэж ярилцан байх үед Уртнасан элгэн хясааны оройд өвгөн бүргэд шиг суугаад, дурангаараа дөрвөн зүг найман зовхисыг ажиж байлаа.
Аргаль, угалз бол номхон хонины зэрлэг өвгө гэж Уртнасан сурагч байхдаа заалгажээ. Дэлхийд “нүдний гэм болсон ховор амьтан гэдгийг одоо мэджээ.
Тэрбээр ан амьтдыг кинонд хэрхэн “тоглуулахаа” мэддэг туршлага дадлагатай гав ганцхан кино зурагчин.
Аргаль бол зуны халуунаар мөнх цасны хормой хүрч сэрүүцдэг. Идэр есийн жавар тачигнахад бэл рүү бууж, нөмөр барааддаг гэдгийг мөшгөсөн зураглаач ч хашир анчин, гярхай эрдэмтэн шиг андахгүй.
Уртнасан хэдэн арваараа хэвтэж байгаа, хэсэг бусгаараа бэлчиж яваа аргалийн барааг таталт сайт дурангаараа хэд хэдэн удаа харлаа. Хамтран зүтгэгчид нь дуу шуу орж нүд нь сэргээд ирэв.
Гэвч аргалийн барааг нь харах аз тохиосноос бус, зургийг нь авах боломж бүрдээгүйд сэтгэл гонсойно.
Нүдээрээ ярих нь ихсэж, харин үгээ цөөлсөн Уртнасан зураг авахыг яарахгүй байлаа. Тийнхүү явсаар гал нь ихдэж, тос нь ширгэж өнгө нь түлэгдсэн хавсай шиг хар хүрэн өнгөтөй Тост ууланд хүрлээ.
-Эндээс л зураг авна даа гэж Уртнасан аргаль нь аргамжаатай байгаа юм шиг бат итгэлтэй хэлэв. Саяхан цэргээс халагдаж ирсэн хурц нүдтэй залуу жолооч Лхагвадорж эргэн тойрныг нэгжээд нэгжээд нэг ч аргалийн бараа олж үзсэнгүй. Харин хэдэн хойлог нисэн өнгөрөхийг харлаа.
Цас ихтэй өвөл болбол хөр цасыг аргаль салаа туураараа ханзалж өгдөг. Аргалийн мөр дээрх ургамлын үрийг хойлог түүж иддэг. Хойлог өнтэй нутаг өөд сүрэглэн нүүхэд аргаль угалз тэр зүгт нутаг сэлгэдэг.
Хашир малчид хойлгийн хойноос, аргалийн мөрөөр нүүж, өнтэй нутагт хүрдэг билээ. Ийм нарийн нууцыг зөвхөн монгол малчид л мэднэ. Эрдэмтэд мэдэхгүй.
-Бид аргаль, угалзын нутагт нэгэнт иржээ гэж Уртнасан хэлэв. Киночид нэгэн задгай усан дээр очлоо. Эх орны маань говь эрдэнэ бүхнээр баян, харин энд ус л ховор. Говийнхноос Бурхан “ус авах уу, алт авах уу” гэвэл “надад төдийгүй малд хүрэлцээтэйхэн ус авъя даа” гэх байх.
Задгай шанд бол говийн хүн амьтан, мал сүрэг, ан гөрөөс, жигүүртэн шувуудын уулздаг элбэг найрын ганц газар. Ялангуяа гантай жил ширгэлгүй үлдсэн шанд бол ан амьтдад амины цэнэтэй рашаан бөлгөө.
Манай киночид улайдах шахсан хөдөлгүүрээ цэнгэг усаар хөргөж, ундныхаа савыг дүүргэж аваад уул нэгжихээр, тагнуул хийхээр хөдөллөө. Жинхэнэ, туслах хоёр зураглаач зураг-авууриа авч үлдлээ.
Тэд ёл үүрлэдэг хос цохионд авирч, отоонд суув. Нар жаргалаа. Сар гарлаа. Сар шингэлээ... нар мандлаа. Гэвч хүлээсэн ан ирсэнгүй. Туслах нь мануул шиг сэмхэн мөлхөж ирээд
-Уртаа багш аа, жүжигчид маань ирнэ гэж үү? гэв.
-Хүлээ, ирэхдээ л ирнэ гэжээ.
Шандны зүг, тэнгэрээр жигүүртэн нисэн ирлээ. Хэвлийтэн газраар мөлхөн ойртлоо. Дөрвөн зүг найман зовхисоос аргаль, угалз сүрэг сүргээрээ архайж дархайлцан дөтөлсөөр...
Эвэр багат төлөг, шүдлэн аргаль тусдаа ялгарчээ. Аварга эвэрт архай дархай угалз тусдаа сүрэглэжээ. Эвэр нь сөөм цухуйсан хурга эхийгээ бараадаж явна.
Хэдий их ундаассан ч гэлээ сонор соргог хээрийн сүрэг хэрсүүлэн зогссоор л... Зураглаач хэдий холоос ч гэлээ, анхныхаа зургийг авлаа. Зураг авуурийн шажигнаан бол тийм сүртэй дуу биш.
Гэтэл зураг авч эхэлмэгч аргалийн сүрэг толгойгоо олис, чихээ соотос хийлгэн анирдав. Цаг явсаар... аргаль ус руу алхам ойртолгүй... ажиглан... цэнэн... цэрвэн... зогссоор...
Гэвч тэд тайвширчээ. Хар нь барагдсан хэсэг аргаль хэвтлээ. Хэвтээд хивлээ. Удаан зогсоод уйдсан ч юм уу. Даргай угалзнууд эврээ булгартал мөргөлдөж эхлэв.. Угалз улайран мөргөлдөх нь намар оройтсоны шинж. Аргалийн ээрүүш эхлэх дөхсөний шинж ажээ.
Гэтэл гэнэт жигүүртэн далиа гялсхийлгэн тэнгэрт нислээ. Мөлхөгчид ч хайрсаа гялсхийлгэн хаданд шургалаа. Янгир тоос манаруулан үргэлээ. Хэдий их тоосон дундаас ч аргалийн өгзөгний цагаан тана гялалзах нь наран сөрөг хөдөлгөх толины цацрал мэт содон.
Зураг тасарлаа. Зураглаачид гайхлаа, гасаллаа. Зүг бүхэн рүү дурандлаа. Аргаль, янгир мөн ч соргог амьтан юм даа. Алсын уул давж яваа адуучнаас салхи цохижээ. Киночдын урам хугарчээ. Хоёр өдөр өнгөрлөө.
Хяслан болоход хярсны сүүл гэгч болов. Хур оров. Хураар ундаалсан аргаль, шандад хэд хоногтоо ирсэнгүй. Гэвч манайхан цөхөрсөнгүй. Хэдий намар орой болсон ч, Тостын уулнаас тос дуслам, элс хайлаад шил болом, нар төөнөсөн хэдэн хоног өнгөрлөө. Киночдын нүүр нь борлож, тэр ч байтугай дээлийнх нь мөр гандан цайвартжээ...
...Үүр цайлаа. Уулын бэл рүү сүрэг аргаль, угалз налайн гарч ирэх нь ан гөрөөс биш, гэрийн сүрэг гэмээр. Цангаж ангаад цөхөрсөн ч юм уу? Анчин гөрөөчин бишийг мэдсэн ч юм уу? Дэргэр эврээрээ нар талласан аргаль, янгир сэрүүн сэвхүүлтэй цэнгэг шандад тулж ирлээ. Гэвч урьдын хар нь барагдаагүй ч юм уу? Бас ахин сэжиг авсан ч юм уу? Нэгэн эгнээгээр тэрхийн зогсоцгоов.
Өвч цээж нь цайсан шаазгай алаг угалз, өвгөрч харьсан цагаан угалзыг сэжиж байна. Нуруунд нь хурдан морины эсгий тохом татсан юм шиг хоёр алаг угалз зусаг аргаль булаалдан ухаан сэхээгүй мөргөлдсөөр... Энэхэн завшааныг овсгоолон хөгшин угалз залуу аргаль дээр сурмагхан харайлж байна.
Ахин дахин амжуулж байна. Энэ мэтээр хурга, төлөг, шүдлэн олон янзаар аашлах аяг өнгөт хальсанд нэгэнт буулаа.
Манай киночид урьд өмнө нэг ч зураглаач олзолж чадаагүй сонин сөвүүн зураг авч буцлаа. Тэд хальсанд авсан эсрэг дүрсээ (негатива) эерэг дүрс (позитив) болгуулахаар илдэс боловсруулах үйлдвэрт өглөө.
ЗХУ-ын хөрөнгө, мэргэжилтний туслалцаатайгаар барьж байгуулсан, жилд арван сая алд илдэс боловсруулах хүч чадалтай үйлдвэрт мянга гаруйхан алд хальс боловсруулах юухан байх билээ.
Нөхөд маань хэр олз омогтой явсан бол гэж уран бүтээлчид шохоорхож байв. “Авсан зураг маань аль хэр гараа бол” гэж зураглаачийн сэтгэл шанална.
Дуугүй дүрсийг Уран сайхны зөвлөл үзлээ.
-Говь гурван сайханы угалз нь Монгол Алтайн уулсын аргаль угалзыг бодвол бие давжаа, эвэр жижиг юм аа. Өөрөөр хэлбэл, та нар алтаа олсон ч, шижрээ олоогүй байна гэж гурван До (Дашдооров, Донров, Доржпалам) ил зэмлэв.
Ахиад л эрэлд мордлоо. Киночдод манай хөдөөгийнхөн сайн тусалдаг. Тэд киночдод уул хаданд сайн морио барьж өгнө. Угалз байтугай ирвэсийн байран нутаг, мазаалайн гүйдэл нутгийг зааж өгнө.
Хүн ардынхаа дэмжлэгийг түшиж, хөлөг морьдынхоо дөмгийг унасан киночдын мөр Мөнх хайрхан, Хар азаргын нуруугаар хэржээ. Бурхан буудайг ч арлажээ. Цахиур буудайг ч өвөрлөжээ. Цагаан хайрхныг ч хэжжээ. Алаг хайрхныг ч нэгжжээ.
Бэрхшээлийг ардаа гээж, их зорилгыг өмнөө тавьсаны хэрэг сая л бүтлээ. Манай киночид дэлхийн аргаль, угалзын аваргыг дэлгэцнээ толилуулах учрал бүрдэв.
Хальт гишгэвэл амь эрсдэм элгэн халил, сарьдаг байцаар ирвэс шиг өнгийж, үнэг шиг гэтэж явсаар хэсэг зураг авлаа. Дөчөөс жараараа сүрэглэсэн хэдэн зуун аргаль, угалзтай ч хэдэнтээ дайралдлаа. Үнэхээр Алтайн угалзны бие шүдлэн үхэр шиг бадируун. Эвэр нь тааруухан хоёр эр дамжилж даам нүсэр ажээ.
-Яаж дааж явдаг юм бэ гэж сүрдэн дуу алдмаар аварга том эвэртэй гурван угалз сүргээсээ тасран, отоонд суусан зураглаач руу дөхөж ирээд “За зураг авбал ав, алдвал хохь чинь шүү” гэх шиг мөргөлдлөө.
Хоёр нь бяраа тэнсэх адил, ухарч ухарч мөргөлдөхөд, нэг нь тэмцээнийг шүүх адил бүлтийн харж зогсох нь сонин.
“Хоёулаа нэг муу аргалийн бөгс булаалдан алалдсанаас нийт сүргээ хамгаалан араатан өөд мөргөсөн нь дээр” гэх шиг хоёр аварга ч мөргөлдөхөө болиод хээв нэг зэрэгцэн гэлдэрлээ. Аргалийн сүрэг ууландаа буцав.
Аргалийн зургийг айдаггүйдээ хийж авсан киночид нийслэлдээ ирлээ. Авсан зургийг угаалгаж, хөгжим чимээ дуу оруулав. Манай киночид хоёр жил гаруй хугацаагаар алтан говь, Алтайн уулсаар бэдрэхдээ мөртэй нь тааралдсанаас биш, ирвэстэй нь дайралдаагүйсэн.
Ирвэс бол сэрүүн орны араатны хаан. Цас мөс цахиур хадтайгаа адил зүстэй учир явуулын хүнд байтугай, янгир аргальд ажиглагдах амьтан бус. Ирвэс барьж манай ажилд туслахыг анчин гөрөөчнөөс эхлээд, адуучин хоньчинд захисан маань оножээ.
Сониноос амьтны хүрээлэнтэй сум Монголд ганц бий. Улсад байхгүйг сумд бий болгосон хүн бол Лодойхүү баатар. Говь-Алтай аймгийн Халиун сумын амьтны хүрээлэнгийн арван хоёр бөхөн, нэг хулан, хоёр хавтгай, гурван буга, хоёр гөрөөсөн дээр нэг ирвэс нэмэгдсэн тухай баярын мэдээ ирлээ.
Зураглаач түргэний эмч шиг давхин очлоо. Ирвэс барьсан нь үнэн байв. Ирвэс бол сэрүүн орны бар. Тэр араатан биеэ шилүүс шиг хурааж байгаад үсрэн дүүлж нэгэн сувай гүү барьжээ.
Бүтэн бод идчихээд шинэ цус хэмээх халуун дарс залгилчихаад “нам согтож” ойчсон эрхмийг Тонхилын адуучид морь шиг уургалаад, эмнэг шиг ногтолж Халиун сум руу хүргүүлсэн нь энэ юмсанжээ.
Хад асганаасаа салсан энэ хүчит араатан усан цээлээсээ салсан халим шиг амьтай төдий хөдөлж ядан байлаа. Гэсэн ч цаанаа л нэг сүртэй. Ирвэсийн бие тааруу байсан ч юм уу киночдод тунирхсан ч юм уу бүтэн ямааны гулуузаар “зоог өргөөд” байхад ч, үнэрхээд кинонд тоглож өгөхгүй байлаа.
Харин айлын хоточ банхар авчран өмнө нь тавихад барын дуугаар архирч, арслангийн сүрээр үсрэв. Зураглаач ч юунд хождох билээ. Эгзэгтэй мөчид нь ирвэсийн зургийг авч амжлаа. “Аргал угалз” байгалийн онгон сүрэг байснаа анх удаа баримтат киноны баатрууд боллоо.
Ази, Африк, Европын олон орны кино дэлгэцнээ Монголын эвэр томтой, эрүүл удамшилтай аргаль угалз анх удаа “бэлчих” ерөөл ийнхүү бүрдвэй.
Сониуч жуулчид, шунаг анчид, харьцуулан судлах донтой эрдэмтэд нүдээ бүлтлэх шахав. Хоёр жилийн уйгагүй хөдөлмөрөөр бүтсэн кино, хориодхон минутад гарч дуусах нь чамлалтай.
Гэсэн ч ховор ан амьтнаа, хосгүй сайхан эх орноо сурталчлах нь бахдалтай. Хоёрхон бүлэг баримтат кино бүтээсэн тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Уран бүтээлийн эрэл хэцүү боловч сонин. Эрснээ олох бүр сайхан.
Уртнасан маань эрснээ олдог эрлийн эзэн байлаа даа.