Дуурь бүжгийн эрдмийн театрын 70 уран бүтээлч БНСУ-ын гурван хотод Г.Доницетти “Лучиа ди Ламмермур” дуурь, “Цөмөөхэй” балетын хөгжмийг тоглож, “Монголын гала” тоглолт хийж байгаа. Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ БНСУ-г зорьсон ч өнгөрсөн амралтын өдрүүдэд гоцлол болон найрал дуучид тоглолт хийж, үзэгчдийг шилдэг бүтээлүүдээрээ “дайлсан”. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд ДБЭТ-ын бүжигчид “Балетын үдэш” тоглолт хийх болжээ. Өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлийн оргил хэсгийг нэгтгэн тоглолт хийдэг болсон бөгөөд энэ удаа “Баядерка”, “Спартак” зэрэг балетын хэсэг, “Танго”, “Парисын дөл”, “Кода” зэрэг бүжиг багтжээ.
ДБЭТ шинэ залуу уран бүтээлчдээр хүний нөөцөө чадавхжуулж, шинэ сэтгэлгээ, мэдрэмжээр ажиллахаар зорьж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолтыг залуу балетмейстер Н.Чинзориг найруулжээ.
Энэ цагийн Монголын шилдэг бүжигчдийг нэгтгэсэн тоглолтын тасалбар 10-20 мянган төгрөгийн үнэтэй аж.