АНУ-ын Вашингтонд өнгөрсөн сард “Silver flower” буюу “Мөнгөн цэцэг” гэдэг нэртэй циркийн сургууль байгуулагджээ. Алхан хээгээр ханаа чимэглэсэн энэ сургуульд ирээдүйн циркийн авьяастнуудыг бэлтгэх юм.
Энэ сургуулийг соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг байгуулсан. Тэрбээр өмнө нь Улсын циркийн жүжигчин байсан бөгөөд Америкт ажиллаж амьдрахын зэрэгцээ Вашингтонд байгаа монгол хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор Монгол сургууль байгуулан есөн жилийн турш ажиллуулж байгаа юм.
Тэрбээр циркийн сургуулиа гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэгийн нэрэмжит болгон хүндэтгэл үзүүлж буй бөгөөд энд уран нугаралт, трапец, утсан дээрх тэнцвэр, жонглёр, акробат, гимнастикийн хичээл заах юм байна.