Хоёр настайдаа гитар хөгжим сурч, зургаатайдаа анхныхаа аяыг зохиосон гэх Английн алдарт виртоуз гитарчин, ая зохиогч дуучин Жон Гомм Монголчуудтай нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр болжээ. Тодруулбал, “Амантун” энтертайнментийн урилгаар ирэх арванхоёрдугаар сарын 02-нд Улаанбаатар хотын The Ivy-д өөрийн уран бүтээлээ толилуулах юм байна. Энэ талаар зохион байгуулагч “Амантун” энтертайнментаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ердөө ганцхан удаа болох энэхүү тоглолтын тасалбарын үнэ 40.000 төгрөг бөгөөд 150 тасалбар л байгаа аж. Энэ талаар “Амантун” энтертайнментийн захирал Ц.Нацагдоржоос тодрууллаа.
-Танай энтертайнментийн хувьд үүнээс өмнө ямар уран бүтээлчдийг урьж авчирч байсан бэ?
-Жон Гонн бол анхны уран бүтээлч. Бид цаашдаа дэлхийд алдартай олон уран бүтээлчдийг Монголдоо урьж авчирч, урлагийн салбарт жишиг болохуйц тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Ирэх сарын 02-нд болох тоглолтод Монголын уран бүтээлчид оролцох уу?
-Тэгнэ. Тэр өдөр Монголын “Night train” буюу “Шөнийн галт тэрэг” хамтлаг урилгаар тоглоно. Түүний дараа Жон Гонн хоёр цагийн турш өөрийнхөө уран бүтээлийг үзэгч олонд хүргэх юм. Тасалбарын хувьд маш өндөр үнэ тогтоолгүйгээр зардлаа нөхөх хэмжээнд тасалбарын үнийг тогтоосон байгаа.
Мөн түүнчлэн тус хэвлэлийн бага хурлын үеэр Жон Гомм хэлэхдээ “Сайн байцгаана уу? Би бол Английн хөгжимчин, гитарчин, дуучин хүн. Би өмнө нь Монголд ирж, та бүхэнд өөрийнхөө дуу хөгжмийг хүргэнэ гэж төсөөлж ч байгаагүй. Монголчуудын зарим нь намайг мэдэхгүй байх. Би ч мөн адил урьд нь Монголчуудын тухай ямар нэгэн төсөөлөлгүй байлаа. Тиймээс энэ бол маш гайхалтай учрал юм. Хэдийгээр бид хэл нэвтрэлцэж чадахгүй ч дуу хөгжим гэх гайхалтай зүйлээр харилцан ойлголцож, өөрсдийгөө ойлгуулах боломж нээгдэж байгаад баяртай байгаагаа хэлмээр байна” гэлээ.