“Ромео Жульетта” жүжиг нээлтээ хийгээд 18 хоносон хэдий ч энэ уран бүтээлийг үзэх гэсэн, үзсэнийхээ дараа уулга алдсан, бас тун ч таагүй хүлээн авснаа илэрхийлж буй хүн олон байна. Товчхондоо, энэ жүжиг хүмүүсийн анхаарлын төвд байгаа юм.
420 жилийн өмнө суут зохиолчийн оюунаас ундарсан энэ бүтээл зохиолчоо мөнхийн “амьтай”, түүнд хүрч, мэдэрч чадсан хүмүүсийг алдар хүндтэй болгосоор ирсэн. Монголчууд ч бас У.Шекспирийн жүжигтэй өнгөрсөн зуунд танилцаж, 1966, 1996 онд хоёр өөр найруулагчийн ур ухаан шингэсэн бүтээлийг үзэж сонирхжээ.
Энэ удаа найруулагч Н.Наранбаатарыг сорив. Тэрбээр хэдэн жилийн өмнөөс л “Ромео Жульетта”-г тавина хэмээн амлаж байсан бөгөөд энэ жил биеллээ оллоо.
Үзэгчид хоёр хуваагдан сэтгэгдлээ илэрхийлж, зарим нь Н.Наранбаатарыг магтаж, нөгөө хэсэг нь шүүмжилж буй ч театр судлаач нар чимээгүй л байна. Ахмад уран бүтээлчдийн төлөөлөл болгон бид ардын жүжигчин Н.Мягмарнаран гуайтай энэ жүжгийн талаар ярилцлаа.
Тэрбээр нэгэн цаг үед найруулагч болохоор ОХУ-д суралцаж явсны зэрэгцээ “Ромео Жульетта”-г хөндлөнгөөс дүгнэж чадах цөөн хүний нэг.
-Танай театр ойрын өдрүүдэд “Ромео Жульетта”-гаар “амьсгалж” байна. Тасалбар түгээгүүрийн үүдэнд үзэгчид дугаарлаж, жижүүрийн утас хангинан “Өнөөдрийн билет дууссан” гэх хариултыг хэдэнтээ давтаж байгааг таныг хүлээнгээ олж харлаа.
-Энэ жүжиг эртний түүхтэй. Хүүхдийн театрт 1966 онд тоглоход ч тэр, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар тоглоход ч тэр тухайн нийгэмдээ шуугиан тарьж, үзэгчдийг дугаарлуулж, алмайруулж байсан бүтээл. Нэгэн үе театр маань дэлхийн сонгодгуудыг яг тэр хэвээр сонгодог байдлаар нь тоглодог байлаа. Тэр нь үзэгчдэд сонин байсан.
Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үзэгчид өөрчлөгдөж байна. У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр”-ыг уншиж, киног нь үзэж, интернэтээр өөр театруудын бичлэгийг үзчихсэн хүмүүст хэрхэн шинэлэг байдлаар хүргэх вэ гэдэг чухал.
1996 онд ч Ч.Найдандорж тодорхой хэмжээний шинэчлэлт хийж байсан учраас энэ жүжиг олон жил насалсан. 19 жилийн дараа Н.Наранбаатар энэ жүжгийг амилууллаа, гэхдээ их өвөрмөцөөр. Би бол үүнийг тэсрэлт болсон гэж үзэж байна.
-Ямар сонирхолтой хариулт вэ. Таны насны үзэгчид болон өмнө нь 1996 онд энэ жүжгийг үзсэн хүмүүс сонгодог бүтээлийг эвдчихлээ гэж ярьж байна.
-Үгүй ээ. Театр хөгжиж байх учиртай. Театр бол үзмэр хадгалдаг музей биш болохоор амьд байх ёстой. Цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж байх учиртай. Энэ үүргээ манай театр биелүүлсээр яваа. Үүний нэг тод жишээ нь энэ жүжиг.
Хэв маягийг нь хэтэрхий эвдлээ гэж шүүмжилж байгаа хүмүүс театр орчин үед хэрхэн хөгжиж байгааг мэдээгүй яваа бололтой. Энэ бол 16-17 настай гэнэн залуу насныхны хайр дурлалын тухай уран бүтээл. Тэгэхээр энэ жүжгийг үзэх хүмүүс бидний насныхан байх уу эсвэл залуус уу гэдгийг найруулагч мэдэж байгаа. Хэнд ч ойлгомжтой.
Тэгвэл одоогийн залуус урт оймс татаж өмсөөд, туялзуур сэлмээр тулалдахыг үзээд удаан суух уу, дахиж театрт ирэх үү. Харин найруулагч Н.Наранбаатарын жүжгийн өрнөл, хувцасны загвар, тайз засалт, жүжиглэлт шинэлэг байж чадсан учраас би энэ уран бүтээл театрын хөгжлийг харуулсан том тэсрэлт боллоо гэж онцлоод байгаа юм.
-Сонгодог жүжгийн амин сүнс нь тэгвэл юу юм бэ. Тухайн цаг үеийн үйл явдлыг тэр чигээр нь үзүүлэхгүй ч энэ жүжгийг сонгодог хэвээр хадгалах гол зүйл юу вэ?
-Тэр нь энэ уран бүтээлийн гол санаа, философи нь юм. Хайр дурлалын үнэ цэнэ, үнэнч ариун байдал гээд зохиолчийн дэвшүүлсэн санааг огтхон ч гуйвуулаагүй. Манай театрын ахмадууд үзвэр болгоныг ээлжлэн үзэж, жижүүрлэдэг. Тэгээд алдаа, оноог нь уран бүтээлчдэдээ хэлдэг.
Би дөнгөж сая яг тийм хурлаас гарч ирлээ. Миний ээлж биш байсан ч би үзсэн. Ямар сайхан уран бүтээл болж, театрын залуус маань гайхалтай тоглоо вэ.
Ялангуяа би Ж.Оюундарь, С.Болд-Эрдэнэ, Э.Тодгэрэлийг онцлон хэлмээр байна. Үнэхээр тэд тод байлаа. Найруулагчийн шийдэл, бүжгийн дэглэлт, тайз засал цаг үетэйгээ нийцэж байна.
-Та ГИТИС-д найруулагч мэргэжлээр сурч байсан гэл үү?
-Тийм ээ. Гэхдээ төгсөлгүй эргээд ирсэн юм. Хэлний бэрхшээл байсан. Маш сайн орос хэлтэй байхгүй бол найруулагчийн ангийн хичээл шууд жүжгийн задаргаа хийгээд эхэлдэг болохоор хэцүү. Манай театрын Ёндоншарав тэнд сурахаар явсан, зовлонг нь эхнээсээ мэдэрч байна гэсэн.
Одоо миний бага хүү Батболд ГИТИС-д найруулагч мэргэжлээр сурч байна. Ирэх жил төгсөнө. Маш амжилттай сурч байгаа. Анх 2000 хүүхдээс 10 удаагийн шалгалт авч элсүүлэхэд миний хүү нэгдүгээрт бичигдсэн шүү дээ.
Ач хүү М.Лхагва маань Санкт-Петербургийн 2-3 театрт гэрээт жүжигчнээр ажиллаж байна. Тэгэхээр би тухайн үед ГИТИС төгсөөгүй ч залгамж халаагаа бэлдчихсэн яваа шүү. Үүндээ их сэтгэл хангалуун байгаа. Хоёр хүүгээсээ би орчин үеийн театрын чиг хандлага хаашаа явж байгаа тухай мэдээлэл байнга авдаг.
-Оросын театрууд ч сонгодог жүжгийг ийнхүү эвдэж тоглож байна гэнэ үү?
-Тийм ээ, тэр ч бүү хэл “Отелло” жүжгийн төгсгөлд Отелло “Алчуур хаана байна, алчуур” гэж хэлээд Дездемоныг багалзуурддаг хэсгийг харуулахдаа хар фонтой тайзан дээр цагаан даашинзтай Дездемоныг гаргаж ирээд нүүрийг нь тас хараар будаж үзүүлдэг.
Үхлийг хүртэл ингэж харуулж байгаа юм. Нэлээд дээхнэ л ингээд тоглож байлаа шүү дээ. Үзэгчид нь хөгжиж, боловсролтой болсон учраас бүх хариултыг бэлэн хоол болгон харуулалгүй, таавар болгон үлдээж байгаа юм.
-Энэ жүжгийн Жульеттад тоглосон О.Дөлгөөн таны дүү бил үү?
-Миний эхнэрийн дүү. Гэнэн, цайлган, хиргүй, тунгалаг Жульеттаг Дөлгөөн маань харууллаа. Гэхдээ би бас алдаа оноог нь өөрт нь хэлж өгсөн. Өмнө нь энэ хүүхдийг Драмын театрын жүжигчин болчихоосой гэж боддог л байлаа.
Бид “Мөрөөдлийн театр”-т “Миний нууц хүү” жүжигт хамт тоглож байсан. Гэхдээ энэ удаа бол Дөлгөөнөөрөө бахархлаа. Ийм том бүтээлд тоглож чадлаа. Найруулагч түүнийг сонгож тоглууллаа. Шинэбаяр ч бас сайн байсан. Манай залуус анх удаа ийм том бүтээлд тоглож байгаа гэж хэлэхээргүй сайн байсан.
-Театр судлаач, шүүмжлэгчид, мэргэжлийн хүмүүс олон нийтэд үнэлэлт дүгнэлтээ хүргэж байгаасай гэж хүсэх юм. Гэхдээ шүүмж их ховор гарах юм. Танд их баярлалаа.
-Би ч баахан л бурлаа. Би судлаач, шүүмжлэгч биш, гэхдээ ахмад уран бүтээлчийн хувьд үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Энэ дашрамд, ерөнхий продюсерээ жаахан магтмаар байна. Манай театрын дарга Д.Цэрэнсамбуу ийм хүнд цаг үед сонгодог жүжгийн төсөв мөнгө босгож чадлаа.
Энэ их чухал. Уран бүтээлчдэд сайхан санаа байгаад мөнгө л байхгүй бол гацдаг. Санхүүжилт олж, санаачилга, мэдрэмжтэй ажилласан продюсер, дэмжсэн байгууллагуудад баярлаж байна. Энэ төслийг амьдралд хэрэгжүүлэх гэдэг адармаатай даваа шүү.
Ж.СОЛОНГО