Жил бүр 9 гаруй сая жуулчид ховор нандин үзмэрүүдийг нь сонирхохоор очдог Луврын музейг зорих гэж буй бол тайлбарлагч Г.Оюунтунгалагтай холбогдоорой. Тэрбээр танд монгол хэлээр XXI зуунаас өмнөх үеийн түүхэн 35.000 гаруй үзмэрийг тайлбарлана. Тэрбээр орос, англи, франц болон монгол хэлээр тайлбарлан тус музейд хөтчөөр ажилладаг байна.
Луврын урлагийн сургуулийг Европын урлаг, соёл судлаач мэргэжлээр, Парисын их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн тэрбээр Луврын музейг тайлбарлах албан ёсны 35 дахь хэл болгон монгол хэлийг бүртгүүлж, тайлбарлах эрх авсан байна.
Харамсалтай нь Г.Оюунтунгалагийн талаар Монголоос очиж буй жуулчид мэдээлэл багатай байдаг тул тэр бүр элэг нэгтнүүд нь түүнд ханддаггүй гэнэ. Өнгөрөгч онд гэхэд ердөө хоёр бүлэг монгол жуулчдыг л тус музейтэй танилцуулсан аж.