"Aim4R" продакшны бүжигчин Т.Саруултөгс, Дархан-Уул аймгаас ирж оролцож буй "Эгшиглэнт чимээ" хамтлаг, бяцхан бүжигчин Б.Тэмүүлэн, М.Халиун, өвөрмөц дуучин Г.Чинчулуун, Сүхбаатар аймгаас ирж оролцож буй дуучин А.Тодгэрэл, дуурийн дуулаачдын "Консонанс" хамтлаг гээд тус нэвтрүүлгийн хамгийн анхаарал татсан оролцогчид авьяас чадвараа сорьж буй хагас шигшээ шалгаруулалтын гуравдугаар хэсгийн долоон оролцогч үзүүлбэрээ толилууллаа. Үзэгчид хэдийнэ уг хэсгийг "Үхлийн бүс" хэмээн нэрлээд буй.
Өнгөрөгч хоёр долоо хоногийн шалгаруулалтаас баргил хоолойтой барилгачин А.Отгонбаяр, тэнцвэрт нугаралтын үзүүлбэрээр үзэгчдийг гайхашруулсан Э.Нарангарав, дуучин О.Баярсайхан, ардын бүжгийн "Янзган хүрээ" хамтлаг эцсийн шатанд оролцохоор тунаж үлдээд буй.
Энэ удаагийн хагас шалгаруулалтын хэсэгт сопран хоолойтой Г.Чинчулуун багтсан. Харамсалтай нь тэрбээр хагас шигшээ шалгаруулалтын оролцогчдоос хамгийн анхны шүүгчдийг уйдаасан оролцогч болов. Хоёр ч шүүгч түүний үзүүлбэрийг зогсоох хонх дарсан.
Харин түүний дараа Дархан-Уул аймгаас ирж оролцож буй бяцхан хөгжимчид болох "Эгшиглэнт чимээ" хамтлагийнхан үзэгчдийг суудлаасаа босож баяр хүргэтэл сэтгэлийг нь хөдөлгөж чадсан.
Эхний шатанд эрч хүчтэй бүжгийн хөдөлгөөнөөрөө үзэгчдийг төдийгүй шүүгчдийг алмайруулж байсан Б.Тэмүүлэн, М.Халиун нар энэ удаад ч эрч хүчтэй хэмнэл, хурц хөдөлгөөнтэй бүжгүүдээрээ үзэгдчийг байлдан дагууллаа. Тусгай ажилтны дүрд хувирсан бяцхан оролцогчид үзэгчдийг уулга алдахуйц хүнд элемент шигтгэсэн бүжгийн үзүүлбэрээр энэ хэсэгт онцгойрч чадсан юм.