Монголын охидын анхны хамтлаг болох “Спайк” 1996 онд байгуулагдаж, дараа ажил нь “Пентатоник” наадмаас шилдэг, шинэ хамтлагаар шалгарсан.
Тэдний нэг бол Э.Минжинсор. “Нууцхан хайр”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Нүцгэн байхыг минь битгий хараарай” зэрэг олон хит дууны эзэн тэрбээр өдгөө хоёр хөөрхөн охины ээж болжээ.
Сүүлийн найман жил эх орон, урлагийн амьдралаас хөндий байсан Э.Минжинсор өчигдөр найзууд, урлагийнхны хүрээнд “Minjinsor & wine night” үдэшлэг хийн, эргэн ирснээ зарлалаа.
-Тайзан дээр эргээд гарахад ямар мэдрэмж төрөв?
-Сайхан байлаа. Америк явахаас өмнөх, уран бүтээлээ идэвхтэй хийж байсан үеийнхээ дуунуудаас дууллаа. Тоглолтыг маань Б.Долгион ах хөтөлсөн. Миний хувьд энэ бол маш хүндэтгэлтэй сайхан явдал.
Б.Ангирмаа эгч, Ж.Чингис ах, дуучин Э.Номин-Эрдэнэ, залуу уран бүтээлч Т.Цогсогмаа нартай хамтран дуулсан. Мөн өөрийнхөө дуртай франц, англи дуунуудыг дуулсан.
Ер нь миний найз нөхдийн цугларалт боллоо. Сэтгэл хангалуун байна. Энэ эрчээрээ шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо.
-Дуунуудын найруулгыг огт өөрчлөөгүй байсан. Ямар учиртай вэ?
-Өөрчлөхийг хүссэнгүй. Хүмүүст хэдийнэ хүрчихсэн дуунууд шүү дээ. Амьд хөгжмийн хамтлагтай дуулсан болохоор их сайхан байсан.
-Нэлээд олон жил завсарласны дараа тайзан дээр гарахад хүмүүс хүлээж авах болов уу, яах бол гэж эмээв үү?
-Нас л нэмэгдсэнээс биш, би хэвээрээ байгаа. Тиймээс айж эмээхгүй байна. Насыг би тоо гэж боддог. Ялангуяа урлагийн хүнд. Тийм ч болохоор урлагийн ажлаа үргэлжлүүлнэ. Хөөрхөн шавь нартай болмоор байна.
-Тэгэхээр багшилна гэсэн үг үү?
-Тийм ээ. Тайзан дээр биеэ хэрхэн авч явах, дууг яаж амилуулах, үзэгчдэд хэрхэн сонирхолтой тоглолт үзүүлэх вэ гээд заах зүйл бишгүй л байна.
-Шинэ уран бүтээлийн өнгө тань Америк явахын өмнөхөөс юугаараа ялгаатай байх бол?
-Эх хүн болсон гэдэг утгаараа дууг илүү гүнзгий ойлгодог болж. Америк явахаасаа өмнө аль болох донжтой дуу сонгохыг хичээдэг байсан. Одоо ч гэсэн адилхан л даа. Цаг үетэйгээ зэрэгцсэн сонирхолтой уран бүтээлүүд гаргана даа.
-Тэгвэл гадаад төрх байдлаараа хэр өөрчлөгдсөн бэ?
-Надад стилист гэж байгаагүй. Бүх л зүйлээ өөрөө хийдэг байлаа. Их этгээд байхыг хүсдэг байжээ. Одоо бол арай намбалаг болж. Гэхдээ урлагийн хүн учраас тайзан дээр гоё л харагдах ёстой. Дуунаасаа хамаараад стилээ өөрчилж чаддаг байх ёстой.
-Та уран бүтээлийн гараагаа “Спайк” хамтлагаас эхэлсэн шүү дээ. Монголын охидын анхны хамтлагийнхан холбоотой байдаг уу?
-Холбоотой байлгүй яах вэ. Бид 1996 онд 18 настайдаа хамтлаг болон нэгдэж байлаа. Н.Мөнхтуяа маань тун удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна.
Д.Маралгуа маань АНУ-ын Чикаго хотод амьдарч байна. Мөн л гурван хүүхдийн ээж болсон. Энэ хугацаанд Р.Номин-Эрдэнэ маань л ганцаараа уран бүтээлээ хийж байлаа.
-Дөрвүүлээ дахин уран бүтээл гаргавал сонирхолтой байх. Энэ талаар ярилцдаг уу?
-Тэр талаар ярилцаад л байгаа. Маралаа маань Монголд ирчих л юм бол нийлж тоглоно гэсэн бодолтой байгаа.
-Хүний газарт найман жил амьдрахдаа ямар ажил хийж байв?
-Анх очоод бусдын жишгээр л амьдарч эхэлсэн. Бааранд ч ажиллаж үзсэн. Тэгээд удалгүй хөл хүнд болоод, хүүхдүүдээ өөрөө өсгөхөөр шийдсэн. Тэр хугацаанд нэг хэсэг ажил хийгээгүй. Түүний дараа нэг компанид бичиг цаасны ажил хийж байгаад гарсан.
-Ихэр хүүхэд өсгөхдөө ядарч, ганцаардаж байв уу?
-Гайгүй ээ. Викториа, Жессикаг минь өсгөхөд миний ээж хамт байсан болохоор ганцаардаагүй ээ.
-Ихэр хүүхэдтэй болно гэж төсөөлж байсан уу?
-Үгүй шүү. Жирэмсэн болсноо мэдсэний дараа “Ихэр хүүхэд хөөрхөн шүү” гэж бодсон үе бий.
-Охид тань Монголд хэр дасаж байна вэ. Монголоор ярьж байна уу?
-Монголоор маш сайн ойлгоно. Одооноос л ойр зуурын үг хэлж, ярьж сурч байна.
-Уучлаарай, охидынхоо ааваас яагаад салчихсан юм бэ?
-Грек залуутай гэрлээд, салсан. Хүүхдүүдээ тээж байхдаа л салах шийдвэр гаргасан.
-Таны охид урлагийн авьяастай нь мэдрэгдэж байна уу?
-Нэг нь жүжиглэх, дуулах авьяастай. Нөгөөдөх нь эсэргээрээ. Ихэр ч гэсэн өөр өөр араншинтай байдаг юм билээ.
-Таны охид урлагийн хүн болох шийдвэр гаргавал хэрхэн хүлээж авах вэ. Дэмжих үү?
-Би хоёр охиныхоо сонголтыг хүндэтгэнэ ээ. Сонголтыг нь дэмжинэ.
-Монголоо их санасан уу. Ялангуяа урлагийн хүн тайзаа үгүйлж байв уу?
-Нутгаа ч, тайзаа ч их санасан. Унтаж байгаад сэрэхэд цээж хөндүүрлээд, хачин болж, эх орноо санаж байсан үе ч бий. Урлагийнхан эх оронч хүмүүс гэж санагдсан.
Тэнд байхдаа соёл урлагийг нь сонирхож, судалж байлаа. Үйл ажиллагаануудад ч оролцдог байсан. Урлагт нэг л орсон бол гарч чаддаггүй гэдэг үнэн юм байна.
-Шоу бизнесийн ертөнц тэнд бүрэн утгаараа хөгжиж байгаа. Тэндээс юу сурав. Манайд юу дутагдаж байна вэ?
-Энтертайнмент яг л утгаараа хөгжсөн газар бол Америк. Дуучин хүн зөвхөн дуугаа л дуулна. Гэтэл энд бид яадаг билээ дээ. Менежер, продюсер, үсчин, гоо сайханчаа хүртэл өөрсдөө л хийдэг. Дээхнэ үед тоглолтын тасалбараа ч таслаад зогсох үе байсан шүү дээ.
Дуучин зөвхөн уран бүтээлдээ л анхаарлаа хандуулдаг болохоор тэр хэрээрээ чанартай уран бүтээлүүд төрдгийг мэдэж авлаа, тэндээс. Манайд энэ систем л дутмаг байна.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион “Монгол дуу дэлхийд” төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төсөлд хамтарч байгаа гэсэн үү?
-Б.Долгион ах надад тэр нэвтрүүлгийг хөтлөх санал тавьсан. Гэхдээ хараахан шийдээгүй байна.
-Дуучид, загвар өмсөгчдөд кинонд тоглох санал их тавьдаг юм билээ. Танд санал ирж байв уу?
-АНУ явахаас өмнө хэд хэдэн киноны санал тавьж байсан. Гэхдээ тухайн киноны зохиол, дүр таалагдаагүй учраас татгалзсан.
-Одоо тийм саналаас татгалзах уу?
-Бас л киноны зохиол, дүртэй нь танилцаж байж л шийднэ дээ.
-Урлагийн хүмүүс их мэдрэмжтэй, олон төрлийн авьяастай байдаг. Та өөр ямар авьяастай вэ?
-Билльярд дажгүй тоглочихно. Хоол сайн хийдэг. Тэгэхээр гайгүй мэдрэмжтэй юм шиг байгаа юм.
-Таны клипүүд их өвөрмөц шийдэл, зохиолтой байдаг. Найруулагчийн санаа байдаг уу, эсвэл таных уу?
-Хэн хэнийх нь санаа байгаа. Тухайн дууныхаа уур амьсгалд тааруулаад санаж, сэтгэнэ. Тэр санаагаа аль болох сонирхолтойгоор илэрхийлэхийг хичээдэг байсан.
-Танд сонирхож цуглуулдаг зүйл бий юу. Эмэгтэй уран бүтээлчид гоёл чимэглэлийн зүйлд нүд унагадаг талтай?
-Бугуйн цаг сонирхдог. Олон цагтай. Гоё цүнх, малгай, гоёл чимэглэлийн зүйл таарвал авчихдаг. Эмэгтэй л хүний зан шүү дээ.
-“Нүцгэн байхыг минь битгий хараарай” дууг хөгжмийн зохиолч Н.Халиун шууд л танаар дуулуулна гэж сонгосон гэдэг. Тухайн үедээ маш их тэсэрсэн, шинэлэг зүйл байлаа. Тийм үгтэй дууг дуулахаас эмээгээгүй юү?
-Анх сонсчихоод дотроо “Болох болов уу, яах бол” гэж бодож л байсан. Гэхдээ зөвшөөрсөн. Дуучин хүн ямар ч дууг дуулах л ёстой. Зоригтой байх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр тэр дуу караокед байнга дуулагддаг болчихсон байна.
-Манай рок попын ертөнц таныг явснаас хойш өөрчлөгдөж үү?
-Шинэ, залуу дуучид олон болжээ. Мундаг байна. Ур чадварын хувьд ч сайжирсан байна. Мэдээж сайны хажуугаар саар байлгүй яах вэ. Соёл урлаг гэдэг тухайн улсын нүүр царай шүү дээ. Тийм болохоор илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Уран бүтээлчид ч гаднын зах зээлд гарахын тулд өөрийгөө сайн боловсруулах хэрэгтэй. Ялангуяа гадаад хэлний мэдлэгээ сайжруулж, аль болох чанартай уран бүтээл гаргах шаардлагатай.
Манайхан гаднын зах зээлд гарахад авьяас чадвараараа хэзээ ч гологдохгүй. Харин тэдэнд сайн гүүр л хэрэгтэй байгаа юм.
А.ХАЛИУН