Английн гарамгай гитарчин, ая зохиогч, дуучин Жон Гомм “Амантун” энтертайнментийн урилгаар Монголд ганцхан удаа тоглох нь. Тэрбээр маргааш, нөгөөдөр Хонконгод, ням гаригт БНСУ-д тоглоод, ирэх сарын 2-нд Монголын “Айви” ресторанд, дараах өдрүүдэд нь БНХАУ-д уран бүтээлээсээ толилуулах нь.
Монгол дахь түүний тоглолтод “Шөнийн галт” тэрэг хамтлаг оролцох юм байна. Хоёр настайдаа үкүлэлэ хөгжимтэй танилцсан тэрбээр дөрөвтэйдөө гитар сурч, зургаатайдаа анхны аяа зохиожээ.
Ердийн цахилгаан гитараар бөмбөрийн нүргээн, баргил суурь, нарийн нугалааг нэгэн зэрэг эгшиглүүлдэг шинэлэг арга барил нь хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн гэж судлаачид үздэг гэнэ.
“Хайпертеншн” (Цусны даралт ихсэх) нэртэй анхны цомог нь худалдаанд гарахаасаа өмнө л 50 мянган хувь борлогдож байсан бол “Пэйшнфловер” дуу нь цахим сүлжээнд вирус мэт тархаж, тэрбээр Португал, Голланд, Бразил, Туркийн хөгжмийн наадамд уригджээ.
Б.ДӨЛ