МУСТА Д.Осгонбаярын "Наран мандах нутаг" тоглолтыг өөрийн дуранд буулган үлдээх хувь тохиолоо. Эх орноо, элгэн нутгийнхнаа, энгүй их ачтан ижийгээн баярлуусан түүний тоглолт үнэхээр сайхан боллоо. Монголын уудам талд үеийн үед уртын сайхан дууны шуранхай тасраагүй билээ. Энэхүү буухиаг энэ цагт түүчээлэн яваа Доржийн Осгонбаярын урын сангаасаа шигшин байж толилуулсан хоёр цагийн тоглолтоос Монголын уудам тал, морьтон ардын ахуй, эх үрийн элбэрэл, эгэл түмний бахархал цуурайтаж байлаа.
"Жаахан шарга" театрын дуучид болон цэргийн ансамблын бүжигчдээр хүч нэмсэн бэсрэг уртын дуугаар эхэлсэн түүний тоглолт "Наран мандах нутаг" хэмээх "дэлхийн дуу"-гаар өндөрлөтлөө үзэгчдийн түрлэг, алга ташилтаар тасарсангүй. Тоглолтод Д.Осгонбаярын багш, МУГЖ Ц,Чулуунцэцэг, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, "Жаахан шарга" театрын дуучин О.Батболд нар ая дуугаа өргөсөн юм. О.Батболдтой хамтран дуулсан дуэтүүд нь үзэгчдийн сэтгэлд гойд нийцэв.
“Наран мандах нутаг” тоглолтод Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн асан Р.Буд нар хүрэлцэн ирж, баяр хүргэсэн юм. Энэхүү тоглолтыг дан ганц Сүхбаатарчууд үзээгүй Монголчууд үзсэн нь тоглолтын дундуур гарч ирж сэтгэгдлээ илэрхийлсэн Говь-Алтайн уугуул, Р.Буд гишүүний ивээн тэтгэсэн хурдан дааганы сугалаанд азтанаар Архангайн харъяат нэгэн тодорсон зэргээс харагдаж байлаа.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Д.Осгонбаяр Монголын дуучин болжээ. Түүний "Наран Мандах нутаг" дууг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Монголчууд дуулан эх нутгаа санагалзан суудаг юм билээ. Дүү минь дэлхийн дайдаж авъяасаа үнэлүүлж, бөмбөрцөгийн хэмжээний дуучин болоорой хэмээн ерөөе!
Хүндэтгэсэн Анжигай.Г