Дэлхийн алдарт “Цөмөөхэй” балет ирэх арванхоёрдугаар сарын 12-27-ны хооронд буюу амралтын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох гэж байна. Нийслэлийн ЗДТГ, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, “Цөмөөхэй” балетын найруулагч, “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар өнөөдөр мэдээлэл өглөө. Таван тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг шинэ жилийн өмнөхөн бяцхан хүүхдүүдэд зориулан Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн оноос эхлэн шинэчлэн тоглож байгаа юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, УДБЭТ-ын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Энэ жил “Цөмөөхэй”-г тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Мөн тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүс авахад хандивлах юм байна.
Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж, өнөөдрийг хүртэл 120 жилийн турш шинэ оны баяраар гэр бүлээрээ үзэх ёстой уламжлалт үзвэрийн нэг болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет юм.