Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Намсрайн Банзрагч агсны мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулан түүний үр хүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард галерей нээж, “Зам” романыг нь гурав дахиа хэвлэж, уншигчдын гар дээр тавьсан.
“Хошуу цагаан нутаг”, “Замбага ягаан цэцэг”, “Тал нутгийн хавар”,”Зам” зэрэг олон түмний сэтгэлд хоногшсон бүтээл туурвиж, Монголын орчин үеийн уран зохиолд бүдгэршгүй мөр үлдээсэн нэрт зохиолчийн төрсөн өдөр өнгөрсөн даваа гаригт (уржигдар) тохиосон юм.
Түүний мэндэлсэн өдрийг гэр бүл, мэргэжил нэгт нөхөд, нутгийн олон нь “Норовбанзад” сангийн дэргэдэх “Өлзий арт” галерейд тэмдэглэн өнгөрүүллээ.
Галерейн хойморт Н.Банзрагч агсны хөргийг байрлуулж, бүтээлийг нь өрсөн байв. Энэ үеэр зохиолчийн охин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, “Норовбанзад” сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа аавынхаа дурсгалд зориулж нэгэн шагнал бий болгосон тухайгаа хэлсэн юм.
Тодруулбал, зохиолчийн “Хошуу цагаан нутаг” романаар нэрлэсэн уг шагналыг ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлж, нутаг усныхаа нэрийг өргөж яваа эрхэм хүмүүст олгож байхаар болжээ.
Хүндтэй шагналын анхны эзнээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, хөөмийч Б.Одсүрэн тодорлоо.
Зохиолч Н.Банзрагч 1925 онд Завхан Аймгийн Алдархаан сумын нутагт мэндэлсэн бөгөөд 15 насандаа “Зун” хэмээх анхны шүлгээ “Пионерийн үнэн” сонинд нийтлүүлж байжээ.
Ж.СУВДМАА