Т.ГАЛСАН
(Ардын уран зохиолч)
1967 оны дэлгэр зун. Уулын ам бүхнээс горхи булаг жирэлзэж, цэцэгсийн туурцагт бал чинэрсэн хөдөөгийн замаар хүчээ авсан “УАЗ- 69” машин давхиж явлаа. Араасаа шингэрч, өврөөсөө мөнгөрч яваа урт халимагтай, ахмад настны намба төгс атлаа идэр залуугийн цог золбоолог орос хүн машины бүхээгт суужээ. Түүнд Монгол газрын хүн ардын элэгсэг сэтгэл, хөдөлмөр бүтээл, өвөрмөц сонин зан заншил, соёл урлаг бүгдээр гайхамшигтай.
Улсын их баяр наадам ойртож, унаган хүлэг морьдоо уяач нар сойлгыг нь тааруулж байсныг хэлэх үү. Ширмэн сумын тусгал шиг тоосрон гарч, дуут мөндрийн асгал шиг нижигнэн ирэх хүлгийн бараа, ажнайн хурдыг холын зочин харах бүртээ уулгалан бахадна.
-Хараач! Чингисийн удам ирээдүй өөдөө хурдалж байна! гэж орос өвгөн дуу алдан баясна.
Уншигч, үзэгч бидний зузаан танил энэ хүн бол ЗСБНХУ-ын ардын жүжигчин, Төрийн шагналт, жүжигчин Николай Афанасьевич Крючков гуай байлаа. Тэрбээр өчигдөр Москвагаас Улаанбаатарт ирсэн. Өнөөдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгийг зорьж яваа нь энэ. Гучин таван жил кинонд тоглож, наян гурав дахь гол дүрээ бүтээсэн кино урлагийн нэрт дархныг монгол нөхөд нь “Үер” уран сайхны киноны өвгөн Михайлын дүрд тоглуулахаар урьсан санжээ.
-Сонин юм даа. Кинонд зураг авах орон зай бага. Киногоор хэлэх утга нь маш том юм гэж “Үер” кино зохиолыг уншаад Крючков гуай гэргийдээ дуу алдсан аж. Өөрөөр хэлбэл, Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдлыг эгэл жирийн орос, монгол хүмүүсийн ерийн амьдралын сэжмээр сонирхолтой харуулсан С.Удвал, Дожоодорж нарын зохиол Крючков гуайд их таашаагджээ.
Тэгээд ч “Буутай хүн” киноны гал цогтой улаан цэрэг Крючков Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө хоёр олддоггүй нэг амиа алдсан өвгөн Михайл болохоор шийдэн дүрээ товлоод ирж байгаа нь энэ юм. Дэлхий дахинаар хүлээн зөвшөөрсөн, кино урлагт олон арван дүр бүтээсэн хүндэт нөхрөө мэргэжил нэгт монгол нөхөд нь маш их баяр догдлолтойгоор угтав.
Крючковын бараанаар эгнэн зогссон хүмүүсийн хамгийн эхэнд сэтгэл догдлон зогсоо зузаан бор эр бол тус киноны ерөнхий найруулагч, БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Жигжид байлаа. Түүний оюунд орос хүмүүсийн тухай олон дурсамж баримтат киноны тууз шиг хөвөрнө.
-Тийм ээ! Би Зөвлөлтийн киночдыг багш аа гэж хүндэтгэдэг. Миний уран бүтээлийн зам, монгол киноны түүх хоёр чацуу. Тэгээд ч би монгол кино урлагийг хөгжүүлэх үйлсэд авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан Зөвлөлтийн бүх мэргэжилтнийг танина.
1935 онд Гусев, Лебедев нар ингээд л, инээгээд ирж байсан. Тэр үед тэдний буй хөрөнгө нь цүнхэндээ багтдаг. “Монгол кино” үйлдвэрийн буй хөрөнгө нэг морин тэрэгт багтдаг байж дээ. Зөвлөлтийн оператор Гусев гуай малчны хүү Б.Дэмбэрэл бид хоёрт кино авуури (аппарат) анх бариулсан даа.
Инженер Бродман, Кашеев нар монгол киноны лабораторийн бүх машиныг суурилж өгсөн. Кино найруулах эрдмийг М.Болд, Б.Гомбо, Б.Лувсанжамц нарт заасан анхны ачтан нь Зөвлөлтийн киночид. Тэд бол эрдэм мэдлэгийн харамгүй өглөгч нар шүү дээ! Харин энэ Крючков ямаршуухан ааш араншинтай хүн бол доо? Зарим алдар суутан ч хэцүү шүү дээ. Бурхан дүртэй буг авиртай байдаг даа... гэж Жигжид гуайн бодож байгааг мэдсэн юм шиг,
-Нөхөд өө! Та нар Николай Афанасьевичийн тухай хэр мэдэх вэ гэж “Үер” киноны туслах найруулагч, Москвагийн киноны дээд сургуулийн оюутан Г.Жигжидсүрэн шумуулан дуугаар сонин өдөөлөг асуудал цацлаа.
-“Тракторчид” киноны Клим Ярко…
-“Есөн сарын шөнө” киноны Степан Кулагин….
-“Яков Сверцлов” киноны Трофим…
-“Халуун зун” киноны хамтралын дарга…. гэх мэтээр хүмүүс янз бүрийн баатар нэрлэх нь бүгд л ганц Крючков гуайн бүтээсэн олон дүрийг онож буудсан хэрэг байлаа. Морьтон монголчууд кино мэддэг ажээ.
-Магадгүй ийм их алдар суутантай ажиллахад түвэгтэй ч байж болох шүү дээ! гэж киноны хашир найруулагч яльгүй цэнэсээр зочноо угтлаа.
Гэтэл машинаас нэг тор дүүрэн алим, өөр нэг торонд аар саар юм, цамц, зангиахан хийж барьсан өндөр нуруутай, өргөн мөртэй орос эр тэвхэлзэн бууж ирээд ерөнхий найруулагчтай монголоор мэндлэн элэгсгээр тэврэлдлээ.
- “Үер” кинондоо бас монголоор ярина биз дээ гэж найруулагч алиалахад “Миний монгол хэл дууслаа” гэж оросоор өгүүлэн инээд наргиа хөгжөөв. Их хүн, их уул хоёр эгэл жирийн гэдэг үнэн ажээ.
Крючков гуай нас сүүдэр өндөр. Бас дайны үед олсон дотрын хуучтай учир онцгой халамж, тусгай хоол, тохилог байртай байх ёстой гэж Соёлын яамнаас үүрэг авсан зургийн дарга Ц.Жамбал ч нэлээд юм зэхэж амжсан байв.
Гэтэл Крючков гуай Улаанбаатараас мэргэжиийн тогооч залах, шувуун фабрикаас өдөр бүр тахиа тээх, Шаамарын голоос жимс авчрах яршиг төвөгт ажлаас монгол нөхдөө “сайн дураараа” чөлөөллөө. Тэрбээр хээрийн майханд монгол дээл нөмрөн сууж, ердийн лавшаагаар нийтийн хамт хооллож, энгийн элэгсэг зангаараа хүн бүхний хүндэтгэл хайрыг төдхөн булаав. Крючков ямар ч ямба тохь шаардсангүй. Алдар суу, авьяас билэгтээ эрдэх, сээрдүү зан түүнд бүр ч байсангүй.
-Ингэвэл яана. Тэгвэл болох уу гэж найруулагч Жигжид, зураглаач Дүйнхэр, найз нөхөд Гэндэн, Долгорсүрэн нартайгаа зөвлөлдөнө. Орой болохоор загасны уурга бариад голын захад суудаг нь орос хүний гэм биш зан бололтой.
Гэтэл түүний хувьд махыг нь үзээд гохыг нь үздэггүй загас жараахай гогдох нь биш, олны хүндэтгэлээс зайдуухан гарч маргаашийн тоглолтдоо бэлтгэх, үгээ цээжлэх нь гол зорилго байж. Сайн жүжигчин, “тааруухан анчныг” олж ирэхээр явсан туслах найруулагч Г.Жигжидсүрэн (одоо “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий найруулагч) нэг нууцыг анх нээжээ. Крючков гуай шөнийн талд сарны гэрэлд ганцаараа дүрээ найруулан ганцаараа ярьж тоглож байдаг гайхал санж.
“За би энэ хэсгийн тоглолтыг гурван янзаар бэлдлээ. Одоо би үзүүлье. Аль нь дээр байна” гээд тэр алдартан эзгүй хээр тоглож эхлэв. Гурван тоглолт гурван өөр байсан нь гайхалтай. Крючков бас баатруудын яриаг жирийн хүмүүсийн амьд ярианд улам ойр болгохыг хичээнэ.
-Найруулагч аа, энэ яасан айхтар албархаг үг вэ. Жирийн хүний ерийн яриагаар орлуулбал ямар вэ гэсээр шөнө дунд гүйж ирэх ч удаатай.
Усан бороо их орж, унаа саатсаны учир хээрийн киночид нэг удаа талхаар тасарлаа. Тогооч орос өвгөнд хатсан талх барихдаа уучлал гуйв. Тэгтэл Крючков гуай өтгөн буурал хөмсгөө зангидаж:
-Талх бол талх. Алтанд шинэ хуучин гэж байдаггүй. Талх бол алт. Тэгээд ч би чинь “Үер” киноны цагаан хааны офицер биш. Монгол Молом занги биш. Хөл үймээн ихтэй, хүнс ховортой хөдөө нутгийн Михайл өвгөн шүү дээ гээд чин сэтгэлээсээ сайхан инээсэнд сая тогоочийн сэтгэлийн чилээ арилжээ.
Бас нэг өдөр Крючков гуайн үүдэнд нэг хүн орж ядан эргэлдэж байлаа. Энэ бол уран сайхны кинонд анх удаа дүр бүтээх болсондоо баярлах, сүрдэх хоёр нь эн зэрэгцсэн урианхай эр Б.Дамчаа байлаа. Гэтэл дэлхийн киноны нэрт жүжигчин маань уран сайханчийг элэгсгээр урьж:
-За хө, чи зохиолоо чадвал гуч, ядвал гурав уншдаг юм шүү. Дараа нь Молом зангитай холбоотой хэсгүүдийг түүгээд унш. Зүйгээд бод. Цойлдоод унш. Түүвэрлээд бич. Тэгэхээр нэг жиг ургаад ирнэ. Цагаан шилэн жинсээ улаан бадмаараг болгох нь Молом чиний туйлын зорилго биз дээ. Тийм амьтан ч хүн алах, хүүхнээ зарах, хүрээ талахаас сийхгүй ээ гэж зөвлөжээ.
Крючков өөрийн бүтээх дүрийг төдийгүй бусад бүх дүрийг ийнхүү арван хуруу шигээ мэддэг нь бахдалтай. Намрын нэг зэврүүн орой Крючков гуай, ерөнхий найруулагчтай халшрангуй уулзаж зовонгуйрхан түгдэрснээ:
-Уучлаарай бие жаахан хямраад… нойр доголзоод байна. Бас энэ гуниглуун намрын уйлхай бороо мөддөө арилах царай алга. Энэ орой ганц зуун грамм монгол цагаан архи, хавирган сартай хувааж тогтоохыг зөвшөөрнө үү гэжээ.
Их мөрөн дөлгөөн. Их хүн даруу гэдэг энэ ажээ. Крючков гуайн энэ сайхан зарчимч дуурайл хээрийн хойморт яваа (бас ч балгахдаа муугүй) киночдод сахилга бат, хүнлэг чанар, даруу байхын үлгэр дуурайл болсныг өгүүлэх юун.
Крючковын гайхамшиг энэ төдийхөн биш. Хорин таван алд зураг авах хугацаанд тоглолтоо нэг алдахгүй, үгээ самуурахгүй жүжигчин дэлхийд цөөхөн байдаг. Тэгээд ч кино зургийг олон дахин авдаг нь нууц биш билээ.
Гэтэл Крючков гуай үгээ ч түгдрэлгүй, үйл хөдлөлдөө ч түүртэлгүй жаран алд зургийг нэг удаа авахуулсныг яана. Энэ бол жинхэнэ уран чадварын гайхамшиг, мэргэжлийн жүжигчний ялалт, монгол нөхдөдөө заасан хичээл, үлгэр дуурайл байв.
-Та нар намайг юунд магтана. Наана чинь би кинонд тоглоогүй. Михайл өвгөн л тэмцэл тулаан дунд явж байна шүү дээ гээд Крючков гуай инээсэн юм. Кинонд “тоглох”, дүрдээ шингэх хоёр ийм их ялгаатай байдаг болой.
“Үер” кино үзэгчдийн сэтгэлд хоногшсоны нэгэн нууц нь энэ буй. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө монгол түмний олон зуун жилийн тэмцэл хэрхэн хэрэгжсэн, энэ тэмцэлд оросын ард түмэн, түүний эс болсон эгэл жирийн орос хүмүүс яаж тусалж байсныг өгүүлсэн түүхэн сэдэвтэй “Үер” кинонд ЗХУ-ын ардын жүжигчин Крючков гуай тоглохдоо олон монгол шавьтай, олон мянган монгол үзэгчтэй болоод буцсан юм.
Одоо ч монголчууд Николай Афанасьевичийг хүндэтгэн хайрласаар л… Эгэл жирийн хүмүүсийн нөхөрлөл бол их бага улс гүрний эв найрамдлын үндэсийн үндэс төдийгүй үүрд мөнхийн үр нь бүлгээ.
Бүх Холбоотны кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн мэргэжлийн кино найруулагч Жамбаагийн Солонгоо тэргүүтэй Монголын киночид түүхт 90 жилийнхээ ойг хэрхэн үр бүтээлтэй, сүр бэлгэдэлтэй, нөр итгэлтэй, цар хүрээтэй тэмдэглэн, ирээдүйг зорьж буйг “Үер” киноны зохиолч С.Удвал, Дожоодорж, тус киноны найруулагч төдийгүй, монгол киноны эцэг Д.Жигжид, Оросын алдарт жүжигчин өвгөн Михайл буюу Николай Афанасьевич Крючков, Болд өвгөн буюу ардын жүжигчин С.Гэндэн, Молом занги буюу ардын жүжигчин урианхайн Б.Дамчаа нар дээд тэнгэрийн сударсанхан балгадаас найраг эрхшээгч эгшигт охин тэнгэр Янжинлхам, урлал бүтээлийг эрхшээгч Майдар бурхдын хамтаар тольдон баясаж сүлдлэн уухайлах нь лавтай.