“Хамгийн дурсамжтай үе тань хэзээ вэ” гэсэн асуултад бараг бүх хүн хүүхэд нас” гэж хариулах байх. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг” бол гэж дуулахыг сонсоод эргэж очихыг тэгтлээ хүсдэг гэж үү гэх бодол төрдөгсөн.
Хүүхэд насны гэнэхэн дүр төрхөө дэлгэцийн бүтээлд мөнхөлж үлдээнэ гэдэг их аз. Тийм азтай тохиолоор багын төрхөөрөө үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлчдийг “Миний бага нас” буландаа онцоллоо. Энэ удаа зочдынхоо хүүхэд насны нандин дурсамж бүхнийг дэлгэх гэсэнгүй. Гагцхүү түмний сэтгэлд хоногшсон төрхийг эргэн сануулах гэсэн юм.
УРЛАГИЙН ГЭР БҮЛИЙН ЗАЛГАМЖ “ЧИГЧИЙ ХУРУУ”
1983 онд Ч.Лодойдамба гуайн зохиолоор, найруулагч Б.Балжинням, И.Нямгаваа нарын хамтран бүтээсэн “Гарын таван хуруу” киног үзэгчид андахгүй. Эгэл жирийн гэр бүлийн амьдрал, алдаа оноо, аз жаргал, хүн чанарын тухай өгүүлэх энэ киноны хүүхдүүдийн хамгийн бага хүү Идэрийн дүрд Н.Бат-Амгалан тоглосон юм.
Тэрбээр өдгөө найруулагч. Урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний аав Н.Нямдаваа “Гурван найз” киноны Балбар хүү, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тунгалаг Тамир”-ын Хонгорын дүрээр үзэгчдийн хүндэтгэл хүлээсэн, “Хайрхан өндөр хаа байна”, “Дэгдээхэй нас”, “Хоньчин Найдан”, “Сүхболдын яриа”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Ховор хүмүүс” зэрэг олон бүтээл туурвисан нэрт найруулагч байсан юм.
Харин ээж гавьяат жүжигчин Ш.Цэцэг “Гарын таван хуруу” киноны Должин, “Ховор хүмүүс” киноны чанга дуут эмэгтэй, “Өглөө” киноны Балбар Вангийн бага хатан Оюундарь гээд шилдэг дүр бүтээсэн.
“Гарын таван хуруу” киног аав нь найруулж, ээж нь хамт тоглосон учир бяцхан Н.Бат-Амгалангийн зүрх сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй, тод үлдсэн гэнэ. Тэр үед тэрбээр есөн настай байжээ. Киноны зургийг Дархан хотод авсан аж. Кино багийнхан жилийн хугацаатай тэнд байрласан гэдэг.
Тухайн үед Н.Бат-Амгалан хотод сурдаг байсан ч жилийн хугацаанд Дарханы дунд сургуульд шилжин сурсан нь сонирхолтой дурсамжийнх нь нэг аж. Тэрбээр “Гарын таван хуруу” киноноос өмнө дөнгөж гурван настайдаа “Дэгдээхэй нас” кинонд дүр бүтээж, “Чимгээгийн төрсөн өдөр” кинонд тоглочихсон байжээ.
Түүний бага нас “Монгол кино” нэгтгэлд өнгөрчээ. Аав нь гурван давхарт, ээж нь доод давхарт Жүжиг ангийнхантай хамт суудаг байж. Нэг удаа дэггүйтэн гүйж яваад Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням найруулагчтай таарчээ. Тэгэхэд “Чамайг кинонд тоглуулна. Маргааш ээжтэйгээ хамт ирээрэй” гэсэн аж.
Маргааш нь очтол “Гарын таван хуруу” кинонд ээж, хүү болно гэснээр чигчий хуруу болсон түүхтэй. Тэрбээр “Киноны мартагддаггүй хэсэг олон бий. “Элбэг онц сайн, би гурав авсан байх аа” гэдэг хэсэг их хөөрхөн. Мөн нохойноос айгаад уйлдаг хэсэг байдаг даа. Тэр хэсгийн тухай хүмүүс их асуудаг. Өөрөө уйлсан гэхээр итгэдэггүй” гэсэн юм.
Тэрбээр 10 гаруй киноны гол болон туслах дүрд тоглож, мөн тооны богино хэмжээний болоод баримтат кино найруулж, Монголын болон гадаадын 70 гаруй уран сайхны кинонд дуу оруулжээ. 2005 оноос хойш Кино урлагийн дээд сургуульд тайзны хөдөлгөөний багшаар ажиллаж байгаа юм.
ААВЫГАА САНАСАН ОХИН
Үзэгч түмний сэтгэлд тод хадгалагдан үлдсэн кинонуудын нэг бол “Зүрхэнд шивнэсэн үг”. Найруулагч О.Бат-Өлзий “Зүрхэнд шивнэсэн үг” киногоо өөрийн аав, гавьяат жүжигчин У.Осорын мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээжээ.
Үхсэн, амьд нь мэдэгдэхгүй, сураггүй болсон ханиа хүлээх эхнэр хүний сэтгэл, үхчихээ болов уу гэж харуусахдаа хамаг гомдлоо бэрдээ гаргах эхийн, эцгээ гэх охин үрийн бэтгэрсэн сэтгэлийг зангидан харуулсан уг киноны төгсгөлд охин аавдаа “Мөн ч их хүлээсэн дээ гэж ээж хэлээрэй гэсэн юм” гэж хоолой зангируулан шивнэдэг.
Киноны үйл явдлын зангилааг тайлдаг тийм нэгэн бяцхан охины дүрд найман настай Б.Эрдэнэцэцэг тогложээ.
Дөрвөн настайгаасаа Монголын хүүхдийн ордны Драмын дугуйланд сурсан охины анхны дүр нь тэр байжээ. Тухайн үед 300 гаруй хүүхдээс сонгон шалгаруулж, Б.Эрдэнэцэцэгийг тэнцүүлсэн аж. Тэрбээр “Би хамгийн сүүлд сонгон шалгаруулалтад орсон юм. Тэнцэнэ гэж бодоогүй. Киноны явцад бүх жүжигчин л намайг их эрхлүүлдэг байсан. Зураглаач ах нар хүртэл. Хааяа үгээ мартчихаад загнах болов уу гэж их айдаг сан. Гэхдээ ерөөсөө загнаж байгаагүй” гэсэн юм.
Б.Эрдэнэцэцэгийн гэр бүлийнхэн дунд урлагийн хүн байгаагүй гэнэ. Тийм ч учраас жүжигчин биш, сэтгүүлч мэргэжлийг сонгожээ.
НАР ХАМБА ӨВӨРТӨЛДӨГ “ХААНТАН”
XV дугаар зууны үед Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зоригт хатан Мандухайн тухай түүхэн киног 1989 онд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням найруулсан.
Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, цэцэн ухааныхаа хүчээр дахин сэргээж чаджээ.
Монголын кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх уг кино олон жүжигчнийг “тамгалж” үлдээсэн. Тэдгээрийн нэг бол Батмөнх даян хааны бага насны дүрд тоглосон П.Баярхүү юм.
Батмөнх даян хааны идэр насны дүрд гавьяат жүжигчин Ж.Сүххуяг тоглох болсноор түүнтэй төстэй хүүхдийн эрэлд гарчээ. Ингээд олон хүүхэд шалгуулснаас П.Баярхүү авьяасаараа тодорч, тэнцсэн аж. Царай төрхөөрөө ч Ж.Сүххуягтай төстэй байжээ. 11 насандаа Монголын алтан ургийн хааны дүрд ажралгүй тоглож чадсан нь түүнийг жүжигчний мэргэжил сонгоход нөлөөлсөн гэдэг.
Уг киноны зураг авах ажил Өвөрхангай аймагт үргэлжилжээ. Батмөнх даян хааны бага, идэр насны дүрд сонгогдсон жүжигчдийг нэг гэрт оруулсан байна. “Би багийнхнаасаа хамгийн бага нь болохоор их эрхэлсэн дээ, ялангуяа Ж.Сүххуяг ахад. Би гэрийнхээ хойморын орон дээр унтдаг байлаа шүү дээ” гэж П.Баярхүү дурссан. “Дээлийнхээ өвөрт нар хамба хийчихээд идэж явдаг, эрх хүү дээ” гэж Ж.Сүххуяг түүнийг өхөөрддөг байж.
“20 гаруй жилийн өмнөх хүүхэд төрхөө харж, дуу хоолойг сонсоно гэдэг сайхан юм. Тэр болгон хүнд тохиохгүй боломж шүү дээ. Кинонд Мандухай хатнаас боол Төмөржинг өршөөхийг хүсдэг хэсэг байдаг. Тэр зургийг авахад би биеэ их барьсан. 1987 оны тавдугаар сарын 15-нд зураг авч эхэлсэн юм. Зургийн ажилгүй үед ч ах, эгч нар намайг “Хаантан” гэж дууддаг байлаа” гэж тэрбээр багын дурсамжаа хуваалцсан юм.
Жүжигчин П.Баярхүү 2004 онд “Уулын Төмөр” киноны гол дүрд тоглосон. Жүжигчнээс гадна эрхзүйч, бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэн тэрбээр сүүлийн жилүүдэд урлагаас хөндийрөөд буй.
“ШИНЭ ҮСГИЙН БАГШ”
Найруулагч Б.Бадрууган агсны “Шинэ үсгийн багш” кино одоогоос 17 жилийн өмнө дэлгэцнээ гарч, үзэгчдийг байлдан дагуулсан. Одоо ч үгүйлэгддэг бүтээл гэж болно.
Энэ киноны гол дүрд тоглосон, хэвлүүхэн яриатай хүү тэр үед 15 настай байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ж.Бунтарын ганц хүү Б.Гарьд “Цэц магнай”, “Халаасны өрөө” гээд аавынхаа найруулсан хоёр кинонд тоглочихсон догь “эр” байжээ.
“Шинэ үсгийн багш” киноны Тулгын дүрд 200 гаруй хүүхэд өрсөлдсөн гэдэг. Киноны зохиолыг бичсэн Б.Жамбалдорж, найруулагч Б.Бадрууган нар Б.Гарьдыг сонгон шалгаруулалтад оруулж, тэрбээр тэнцсэн гэнэ. Уг киноны зохиолыг Б.Жамбалдорж өөрийнхөө хүүхэд наснаас, ялангуяа шинэ үсгийн багш болж явсан түүхээсээ сэдэвлэн бичсэн аж.
Тиймдээ ч зураг авах явцад Б.Гарьдад ихийг хэлж өгдөг байжээ. Түүнийг сонгосон шалтгаанаа “Чи миний багын төрхтэй дэндүү адилхан юм. Чи миний хүүг харвал бүр гайхна. Та хоёр ихэр юм шиг адилхан” гэж хэлснийг Б.Гарьд одоо хүртэл дурсан санадаг. Киноны эмэгтэй уран бүтээлчид хүүд санаа тавьж, хайрлаж, эрхлүүлдэг байсан тухай сайхан дурсамж одоо ч түүний сэтгэлд тод үлджээ.
Киноны оргил хэсэг болох хүмүүст анх хичээл заадаг хэсгийн тухай “Тэр үед найруулагч намайг өөрөөрөө тогло гэж хэлсэн. Дараа нь миний алдааг засаж, ургуулан бодоод тогло гэсэн” хэмээн ярьсан.
Уран бүтээлч хүнд авьяас чадвар, царай зүсээс гадна үүрэг хариуцлага чухал гэдгийг аав, ээж минь багад сургасан. Тийм болохоор ажил хийж буй гэж бодоод тэр бүр эрхэлж чаддаггүй байсан” гэж Б.Гарьд дурслаа. Тэрбээр 2007 онд Радио, телевизийн дээд сургуулийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Хишигтийн удирдлага дор төгсчээ. Одоо хувийн студи байгуулан, аавынхаа мэргэжлийг өвлөн ажиллаж буй.
А.ХАЛИУН