Тухайн оныхоо шилдгээр тодорсон мэргэжлийн гарамгай уран бүтээлчдийн тоглолтыг үзэгчдэд толилуулдаг уламжлалтай “Виртуозо” нэгдсэн концертын тов гарлаа. 13 дахь жилдээ зохион байгуулах уг тоглолт ирэх сарын 9-нд ДБЭТ-т болно. Улирч буй хонь жилд Монголын ардын болон сонгодог урлагийнхан дэлхийг шуугиулж, дэлдийлгэсэн олон амжилт гаргасан. Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар тал нутагт сонгодог урлаг ямар хэмжээнд хөгжиж байгааг харуулсан бол “Хөсөгтөн” хамтлагийнхан уламжлалт өв соёлоороо олон улсад дахин гайхагдсан. Энэ мэт бахархам амжилтуудын эзэн болсон таван хөгжимчнийг онцлон “Виртуозо 2015”-д урьжээ. Тэд бол Ч.Мөнх-Эрдэнэ, Д.Шинэцог, С.Одгэрэл, О.Чинбат, Х.Санчир нар юм. Мэргэжлээрээ аргагүй л ялгарч, цойлсон ятгачин, морин хуурч, төгөлдөр хуурч, эвэр бүрээч, хийлчин. Тэд Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийн дээжээс тоглож, өөрсдийн өнгөөр солонгорно. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид оролцох бөгөөд удирдаачаар маэстро Д.Нямдаш ажиллах юм. Өнгөрсөн жил “Төгөлдөр” сангийн тэргүүн “Виртуозо 2015” тоглолтыг хамтран зохион байгуулна гэдгээ тайзан дээрээс зарласан. Гэсэн ч санхүүгийн хямралаас шалтгаалсан уу, ямартай ч энэ удаагийнхад хамтрах боломжгүй болсон юм билээ. Ер нь жил бүр урлагт хайртай ивээн тэтгэгчдийн багагүй дэмжлэг, тусламж энэ сайхан арга хэмжээг улам сонирхолтой болгодгийг үзэгчид андахгүй. Олон зүйл нуршсаны учир нь “Виртуозо” концерт бол зөвхөн ганц удаа толилуулаад өнгөрөх зүйл биш, угтаа залуу уран бүтээлчдийг дэмжиж, урамшуулж, сурталчилдаг том үйлс гэж боддог. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа энэ үед “Виртуозо” академийнхан нэлээд эрсдэл хүлээж, санхүүгийн бэрхшээлийг даван, тоглолтоо таслахгүй байх шийдвэр гаргасанд талархах нь зүйтэй болов уу. Энэ жилээс эхлэн гарамгай уран бүтээлчдийн тоглолтыг ХБК болон СУИС-д хөгжмийн мэргэжлээр сурч буй оюутан, сурагчид нээх болсон. Зохион байгуулагчид нь арга хэмжээг улам амттай болгох үүднээс ийм санаачилга гаргажээ. Энэ дагуу “Виртуозо 2015”-ыг ХБК-ийн төгөлдөр хуурын V ангийн сурагч Х.Хүслэн, Т.Найраг нар нээх юм байна.