Өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон Хьюго Виэрагийн “Диваажин энд байна”, энэ удаа шинэчлэгдэн үзэгчдийн хүртээл болж буй П.И.Чайковскийн “Франческа да Римини” балетыг нэгэн үдэш зэрэг тоглох зар түгээсэн Дуурь бүжгийн эрдмийн театрыг ням гаригт зорин очлоо.
Танхимд сэрүүн, тайз дүүрэн утаа жихүүн мананг санагдуулж, ганцаар төөрч будилж, аз жаргалаа эрсэн нэгэн залуу толгой гудайн бодлогошрон суугааг харахад уйтгар гуниг, хязгааргүй үргэлжлэх түнэр харанхуй сэтгэлд буув.
Диваажинг хаанаас ч хайх хэрэггүй, тэр сайхан бүхэн бидний дэргэд, энд байгааг эл бүтээл сануулжээ. Энэ удаа гол дүрд бүжиглэсэн Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, А.Өлзий-Орших нарын гүйцэтгэл сайхан санагдсан ч олны хэсэгт, бүжигчид хэмнэлээ алдан, заримдаа зөрж будилах нь ДБЭТ-ын мэргэжлийн жүжигчдэд баймгүй алдаа санагдсаныг нуух юун.
Маш удаан хэмнэлээр сэтгэлд нэвтэрсэн энэ бүтээлийн араас харин П.И.Чайковскийн “Франческа да Римини”-г үзэх сонирхолтой байв.
Ах, дүү хоёрын тулаан, дурлалт хосын харилцаа, дотоод сэтгэлийг илэрхийлсэн элчүүд гээд үйл явдал, хөгжим маш өрнүүн байсан учраас тайзнаас нүдээ салгаж чадалгүй 40 минутыг үдсэн.
Энэ бүтээлийг орчин үеийн балет болгон шинэчилсэн хэдий ч сонгодог хэв маягийг нь бүр мөсөн баллаагүйд талархав. Балетыг дэглэн найруулсан Г.Батчимэг ч үүний дэнсийг сайн олсон санагдсан.
Бодол ээрүүлж, асар хол руу аялуулсан “Диваажин энд байна”, хүчтэй хэмнэл, цоглог хөгжмөөр эзэмдсэн “Франческа да Римини”-гээр энэ сарын балетын үзвэр дуусав.
Ирэх долоо хоногт гоцлол дуучдын “Сонгодог”, найрал дуучдын “Нүүдэлчдийн намар” тоглолт төлөвлөжээ. Харин арванхоёрдугаар сарын 5, 6-нд бүжигчид “Балетын үдэш” тоглолтоор бэлэг барих юм.
Ж.СОЛОНГО