“Хүсэл” инээдмийн кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Шижигнэсэн залуу уран бүтээлчдийн анхны бүтээл болон мэндлэх гэж буй уг киноны талаар жүжигчин М.Наранмөнхтэй холбогдож, тодрууллаа.
-Найзуудынхаа хамт OI энтертайнмент байгуулсан гэсэн. Хэзээ байгуулав?
-Соёл урлагийн их сургуулийг 2012 онд урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Н.Ганхуяг нарын удирдлаган дор төгссөн төгсөгчид “Our impact” буюу OI энтертайнментийг үүсгэн байгуулсан. Нэг үеийн төгсөгчид нийлж дэлгэцийн анхны уран бүтээл болох нөхөрлөлийн үнэ цэнийн тухай өгүүлэх киногоо хийж дуусгалаа.
-Тэгэхээр “Хүсэл” кинонд зөвхөн танай ангийнхан оролцсон гэсэн үг үү?
-Киноны зохиолыг Р.Эрхэмбүрэн бичиж, найруулсан. Өмнө нь “Аз жаргалын шок”, “Миний ах атаман” зэрэг киноны зохиолыг бичиж байсан залуу. Гол дүрд би, туслах дүрүүдэд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуун, Г.Алтандуулга, Т.Нямдорж, Э.Уянга нар тоглосон.
Бид “Хар сувдны нууц”, “Үргээлэг” зэрэг кинонд хамтран ажиллаж байлаа. Мөн ардын жүжигчин С.Сарантуяа, Ц.Төмөрхуяг, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг, Б.Тамир, Б.Барслхагва, Б.Хулан, О.Цэнгэл нар тоглосон.
-Өмнө ажилласан бүтээлүүдийг харахад ихэнх нь “Fantastic” продакшны бүтээлүүд байна. Танай энтертайнмент бас “Brotherhood” уран бүтээлийн нэгдэлд харьяалагдах уу?
-“Brotherhood” уран бүтээлийн нэгдэлд “Fantastic”, “Emeraldman” продакшн, F, MIM студийн олон чадварлаг уран бүтээлч нэгдсэн. Манай OI энтертайнмент ч мөн адил.
-Киноны продюсерээр Б.Буянжаргал ажилласан гэж сонссон. “Макао покер”-ийн тэмцээний аваргаар шалгарсан залуу мөн үү?
-Тийм ээ, мөн. 2014 оны Ази, Номхон далайн орнуудын спорт покерийн аварга шалгаруулах “Макао покер”-ийн тэмцээний аварга. Б.Буянжаргал энэ тэмцээнээс авсан шагналаасаа манай кинонд хөрөнгө оруулсан.
-“Хүсэл” кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ.
А.ХАЛИУН