Оросын Мөнгөн үеийн хамгийн шилдэг найрагчийн нэг, Зөвлөлт засгийн хяхалт хавчлагад насыг элээж, хоригдож цөлөгдөж явсаар бие барсан сэхээтэн Осип Мандельштамыг уран зохиолын хорхойтон, үнэнч уншигчид андахгүй.
Нюен Ай Как. Энэ хүнийг ч бас дэлхий нийтээрээ сайн мэднэ. Гэхдээ энэ нэрээр нь биш. Энэ бол хожмоо Хо Ши Мин(1890- 1969) нэрээр түүхэнд үлдсэн, нэгэн цагт Францын Аннам нэртэй байсан өнөөгийн Вьетнам орныг дэлхийн газрын зураг дээр товойлгон тодотгосон эрхмийн жинхэнэ нэр юм.
Нюен Ай Какийг Хо Ши Мин нэртэй болж эх нутгаа Францын колоничлол, дотоодын хагарал, иргэний дайн, өлсгөлөн гуйланчлал дундаас бүрэн бүтэн авч гаран, ертөнц дахинаа танигдахаас олон жилийн өмнө Осип Мандельштам түүнээс ярилцлага авсан нь 1923 оны “Огонёк” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын 23-ны дугаарт нийтлэгджээ.
Энэ хоёр түүхэн хүн тэр үед хоёулаа 30 эргэм настай, идэр залуу байлаа. Тэд франц хэлээр харилцаж, барууны колоничлох бодлого хийгээд бага гэгдэх орнууд түрэмгий засагтай орнуудыг нэгэн цагт эсэргүүцэн тэмцэх тухай ярилцсан байх юм.
Гэвч Мандельштам ч, Хо Ши Мин тэр хоёрын дор магтан сайшааж, итгэл найдвараа тээсэн Коминтерн ч мөнөөхөн эрх чөлөөт эриний эхлэл болсон 1940-өөд онтой золгох хувьгүй байв. Харин Хо Ши Мин доорх ярилцлагыг хийгдэх үед үүсээ ч үгүй байсан өөр нэгэн ээвсэгт хүчнийг дарж, ялалт байгуулах хүртлээ, вьетнам үндэстний мөнхийн удирдагч гэгдэн, шинэ нэгдсэн улсаа байгуулагдахыг үзэх хүртлээ он удаан амьдарсан юм.
Нюен Ай Какаас “Гандигийн хөдөлгөөн Энэтхэг, Хятадын хойгийн ард олонд яаж нөлөөлөв? Цуурай нь тэнд хүрэв үү?” гэж асуухад тэрбээр “Үгүй” гэж хариулж байна. “Манай тариачин аннамчууд газрын мухарт, мөнхийн харанхуйд аж төрж байна шүү дээ. Сонин мэдээ хүрдэггүй болохоор бид ертөнцийн явдлыг мэдэлгүй өнгөрч байна.
Манай нутагт шөнийн харанхуй л ноёлдог” хэмээн тэр ярилаа. Нюен Ай Как бол өдгөө Москвад буй цорын ганц аннам хүн бөгөөд эртний малай угсаатны төлөөлөл санж. Тэрбээр шавилхан биетэй, яаж ч харсан жаалхан хөвгүүн шиг агаад эрийн цээнд хүрснийг нь ноолууран хантааз нь л илтгэнэ. Бид хоёр франц хэлээр ярилцсан юм. Түрэмгийлэгчдийн хэлийг тэр гаргууд сайн эзэмшжээ.
Гэхдээ зарим нэг франц үг түүний амнаас яг л эх хэлнийх нь бүдэг бадагхан авиа мэт, хонхны бүгтхэн жингэнээ адил дуулдана
Нюен Ай Как “соёл иргэншил” гэдэг үгийг ихэд жигшсэн байдалтай хэлэх юм. Колоничлогч орнуудын эзэрхийлэн түрэмгийлсэн ихэнх нутгаар, тухайлбал Африкийн хойд болон төв биеэр хүртэл зорчсон тэрбээр тэр бүх нутаг орныг өөрсдийн гэсэн засаг захиргаатай болоосой гэж хүсдэг аж. Нюен Ай Как яриандаа “ахан дүүс” гэх үгийг олонтаа дурдлаа.
Өнгөт арьстанууд болоод энэтхэг, хятад, сиричүүд түүний ах дүүс гэнэ. Тэрбээр ихэд францажсан өнгөт арьстан зохиолч Рене Маранаас эрсхэн нэг зүйл хүссэн нь ахан дүүсээ чөлөөлөхөд туслах хүсэлтэй үгүйг нь лавласан асуулт байж. Гэтэл Францын академийн ивээлд багтсан цаад Маран нь түүнд ихэд зайлсхийсэн, булзааруулсан үгтэй хариу захидал илгээжээ.
Нюен Ай Как цааш өөрийнхөө тухай ярилаа. Идэр хувьсгалч маань жирийн аннам айлд мэндэлжээ. Түүний яриаг сийрүүлсү. “Манай нутагт эгэл борчууд гараа хөдөлгөж гавьдаггүй. Эрчүүд нь Күнзийн номд суралцаж, газраа хагалахаас хэтрэхгүй.
Та Күнзийн сургаалыг шашин биш гэдгийг юу эс андах вэ. Түүний номд ердөө хичээнгүй, үнэн зөв амьдрахыг л сургадаг. Уг үндэс нь жинхэнэ хамтын нийгмийг цогцлоох тухай юм шүү. Би “Эрх чөлөө, шударга ёс, ахан дүүгийн барилдлага” гэдэг франц үгсийг анх сонсохдоо 13 настай байсан юм.
Бидэнд цагаан арьстан бүр франц хүн шиг санагддаг байлаа. Тэгээд л би тэднийг харж, яриа хөөрөөг нь сонссон даруйдаа Францын соёл иргэншил гээчийг нүдээр үзэхийг хүсэж, өнөөх гурван үг ямар утга учиртай болохыг өөртөө нээхийг зорьсон. Гэтэл манай тэндхийн францчууд биднийгээ тоть шиг сургахыг бодно. Элдэв ном судар, сонин мэдээгээ нууна. Ганц орчин цагийнхнаар тогтохгүй, бүр Руссо, Монтескью нарынхаа ном бүтээлийг хүртэл бидэнд харуулахгүй, хав дарна.
Тийм байхад юу хийж чадах вэ? Би ямар ч байсан явъя гэж шийдлээ. Цагаан арьстанууд ямар ч аннам хүнийг хамжлага ард, ядуу дордост тооцдог. Биднийг хилийн дээс алхуулах нь бүү хэл, нутаг орондоо ч чөлөөтэй явахыг хориглодог. Өнөөх стратегийн бодлого гээчийнх нь хүрээнд баригдсан шинэ шинэ замуудаар нь бид биш, францчууд өөрсдөө л зорчих эрхтэй.
Хэдий тийм бэрх байсан ч би яаж ийгээд эрэг хавийн нэг тосгонд очиж дөнгөсөн. Тэгээд сиймхий гармагц нь хөлөг онгоцонд суучихсан юм. Би ердөө 19-тэй байлаа шүү дээ. Тэр үед Францад сонгууль болж байсан. Хот газрын баяд, ноёд нь гарт таарсан болгоноо бие бие рүүгээ чулуудах нь холгүй байсан үе дээ”.
Ийнхүү ярихад нь Нюен Ай Какийн царайд гэнэтийн зэвүүцэл, шазуур зуусан төрх тодроод ирлээ. Ердийн үед тун ч золбоогүй, хүлцэнгүй харагддаг дүр нь илтэд хувирч, байр байдал нь ч бүр сэргээд явчихав. Түүний усгал дөлгөөн харц хүртэл хүйтэн хөшүүн болчих шиг, эгээ л сохор хүн аятай хий хоосныг ширтэнэ.
“Францчууд манай орныг эзэлсний дараа хуучин цагийн нэр хүндтэй гэгдэх бүхий л овгийн гэр бүлүүд тарж бутарцгаасан. Тэр чөлөөнөөр удам угсаа нь үл мэдэгдэх явуулын улс хаягдаж орхигдсон байшин барилга, эдлэн газруудад эзэн сууж, шинэ үеийн сэхээтнүүд болцгоогоод үр хүүхдүүдээ франц маягаар хүмүүжүүлж эхэлсэн.
Манай оронд католик сургуульд явж байгаа нутгийн хүүхдийн ар гэрийнхэнд яавч итгэж болохгүй. Барууны сургуульд сайн дураараа суралцах нь гадаадын зэвсэгт хүчинд элссэнээс ялгаагүй хэрэг шүү дээ. Яагаад гэвэл манай орны бараг тавны нэг хэсэг нь католик номлогчдын мэдэлд байгаа. Бид тэднийг сөрөөд сөрөөд дийлэхгүй байна.
Манай нутагт суурьшсан франц иргэд бараг бүгд нэг зорилготой. Эхлээд төрөл төрөгсдөө авчирч, аль болох олноороо байх гэнэ. Дараа нь хумсалж болох бүхнийг хурааж хуримтлуулсаар эх нутагтаа байгаа юм шиг манай нутагт өөрийн гэсэн эзэмшилтэй болно. Тэд манай хүн ардыг бүр хордуулж гүйцлээ. Захын жишээ хэлье. Өмнө нь бид хамгийн чанартай будаанаасаа багаханыг аваад архи сархдаа өөрсдөө нэрдэг байлаа.
Гэр бүлийн баяр цэнгүүнээс гадна бид чинь бүрлээчдийнхээ хойноос буян санаж сархад тэргүүтнээ өргөдөг. Гэтэл францчууд чанаргүй, хаягдал будаагаар нэрсэн архиа манай тариачдад хүчээр худалддаг болсон. Ийм байхад бид тэмцэхээс яах вэ”.
Залуу хувьсгалчийг ийн ярихад би түүний хүн ардыг, номхон даруу, эгэл боргил түмнийг нь төсөөлөн бодлоо. Өрнө зүгийн соёлыг түгээгч католик номтнуудын ханцуй дотроо нуусан элдэв мэс, хатуу сархдын дэргэд тэдний аж төрөхүй дэндүү онхи ондоо юм. Нюен Ай Как эзлэн түрэмгийлэгчид бус, эзэрхийлэлд өртсөн орнуудын ард иргэд өндийж босох цаг айсуй гэдэгт өчүүхэн ч гэмээнэ эргэлзэхгүй байна.
Тэрбээр Парист байхдаа Судан, Мадагаскар, Гайти зэрэг Францын бусад эзэмшил нутгаас ирсэн тав, зургаан хүнтэй гар нийлж, Францын колоничлох бодлогыг эсэргүүцэн “Шоовдорлогсод” нэртэй багашаархан сэтгүүл эрхлэн гаргаж байжээ.
Сэтгүүлийн ажилд гар бие оролцож асан хүн бүр хувиасаа хэвлэлтийн зардал, бас бус мөнгө гаргаж, огтоос шагнал урамшуулалгүй зүтгэдэг байж.
Тэглээ ч Аннам нутагт байдал дээрдсэнгүй. Эгэл иргэдийг ялих шалихгүй хэргээр шийтгэж, хэдэн зуун хүнийг цаазалсан байх юм.
Нюен Ай Как цогтой тэмцэгчийн маягаар өмнөх яриагаа ийн дэлгэрүүлэв. “Аннам нутгийнханд сахил санваартан, Европ зүгийн ёсонд байх тогтсон дэг жаягтай шашин ном гэж үгүй. Өтгөс бууралдаа мөргөж, ихэс дээдсийнхээ үгийг сонсдог нь бараг л бидний шашин, нийгмийн уламжлалт зан үйл юм шүү дээ. Тосгоны хамгийн ахмад хүн зон олныхоо төлөөнөө нийтийн бүхий л ажлыг удирддаг.
Тийм байтал францчууд Ленин, большевик зэрэг үгсийг бидэнд анх таниулсан. Нэг ч коммунист байхгүй байхад л тариачдыг хайр найргүй хилс хэрэгт унагаж, шийтгэсэн”.
Ингэж яриад Нюен Ай Как дахиад л дөлгөөн, хүлцэнгүй мэт боллоо. Дорнын ард түмний энэ аг жиг байдал, намуухан хоолойны цаанаас маргаашийн дуун түрэх шиг болно. Тэр дуу чимээг нь би дэлхий дахины ахан дүүгийн барилдлагат түмэн олны үүтгэх далай тэнгисийнх мэт үл тасалдах гүн аниргүй гэж нэрийдмээр байна.
Дөлгөөхөн аннам эрийн бичгийн ширээн дээр өргөх бичиг шиг харагдах нэг хуудас байна. Тэр тухай нь лавлахул бүр 1947 онд болох Коминтерний их хуралд хэлэх үгээ одооноос зэхэж байгаа нь тэр гэнэ. Тэр цагт юм бүхэн өөрчлөгдөж, өөдөлсөн байна гэдэгт бид хоёул найднам.
Г.ЛХАГВА