“Музей бол соён гэгээрлийн их ордон, хүн төрөлхтний багш юм” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Юутай үнэн. Үнэхээр л музей хэмээгч нь хүн төрөлхтний түүх, соёл урлаг, ёс заншлын баялаг түүхийг өгүүлж, цаг хугацаагаар аялуулдаг билээ.
Тийм ч учраас гадаадын зочид, төлөөлөгчид тухайн улс орны түүх соёлтой танилцахын тулд музейг зорьдог шүү дээ. Ийнхүү музейн тухай ярих болсон учир нь, Монголын түүх, соёлын хосгүй үнэт цуглуулгын бүрдэл болсон Монголын урлагийн музей хэмээх нэгэн их айл өнгөрсөн баасан гаригт өндөр үүдээ дэлгэсэнтэй холбоотой юм.
Энэхүү музейг үүсгэн байгуулагч эрхэм бол “Модун” группийн ерөнхийлөгч, яруу найрагч Должидын Батбаяр. Тэрбээр хүүхэд наснаасаа түүх, уран зохиол шимтэн сонирхдог байсан бөгөөд 1990-ээд оноос Монголын түүх, соёл, угсаатны зүй, урлагийн холбогдолтой дурсгалт зүйлс цуглуулж эхэлснээр арвин цуглуулгатай болжээ.
Энэ нь хүн хэчнээн ихийг хийж бүтээж, хойч үедээ үлдээж болдгийн жишээг харуулж буй юм. Монгол түмэнд оюуны хөрөнгө оруулалт хийсэн түүний энэ үйлсэд бид талархах учиртай. Монголын урлагийн музей дөрвөн танхимаас бүрджээ.
Тэнд Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчдийн уран зургууд, угсаатны зүйн түүхийг өгүүлэх хувцас хэрэглэл, монголчуудын өвөг гэгддэг хүннүчүүдийн түүхэнд холбогдох археологийн олдворууд, шашны холбогдолтой эд зүйлс, морин хуур, бийбаа, их бүрээ, хуучир тэргүүтэй хөгжмийн зэмсэг, уран баримлууд байх аж.
Тэдгээрээс олны сонирхлыг татаж байсан нь сархинаган тоонотой иж бүрэн монгол гэр байв. XIX-XX зууны заагт халх гэрийн тооно нь хэлхээ буюу “сархинаг”, сараалжин буюу “цамхраа”, хорол буюу “хүрдтэй тооно” гэж ялгагддаг байжээ.
Монголчуудын нүүдлийн аж амьдралын түүхийг өгүүлэх эл өргөөнд тулга, домбо, авдар, хөхүүр, араг, эмээл, даллаганы уут, номын шогол байв. Сархинаган тооно нь уньтайгаа холбоотой, голчоороо хоёр салдаг юм байна.
Сонирхуулахад, барилга угсралт, барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Модун” групп нь дэлхийн жишигт нийцсэн 20.000 ам метр талбай бүхий музей барьж буй юм байна. Буянт-Ухаад барьж буй уг цогцолборын ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй аж.
Магадгүй бид Парисын Лувр, Нью-Йоркийн Метрополитан, Лондоны Мадам Тюссегийн музей шиг дэлхийд алдартай урлагийн музейтэй болох цаг тун удахгүй ирэх бололтой. Хэрвээ та бүхэн түүх соёлын гайхалтай үзмэрүүдтэй танилцахыг хүсвэл “Barilga mega store” төвийн B1 давхарт байрлах тус музейг зориорой.
Ж.СУВДМАА