Өнгөрөгч долоо хоногт шүүгч, төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлж, авьяасаа гайхуулсан хүн бол барилгачин А.Отгонбаяр. Баргил хоолойгоор классик уянгын дууг дуулахдаа барууны бүсгүйчүүдийг байлдан дагуулж байсан Элвис Преслигийн хэв маягаар хувцаслаж, үсээ ч мөн л тийм стилиэр засуулсан байсан. Гэхдээ гадаад донж маягаас олон таван үггүй, эгэл даруухан зан нь үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хамгийн их татсан.
Харин энэ долоо хоногт хагас шигшээ шалгаруулалтын хоёрдугаар хэсэгт бөмбөрчин И.Баярхүү, түргэн хэллэг уншсан А.Пунсалдулам, эгч дүүс Б.Монголжин Б.Мандухай, язгуур урлагийн "Манан", ардын бүжгийн "Янзган хүрээ", уран нугаралтын "Нарны охид" хамтлаг нар оролцсоноос мөн л баргил хоолойтой дуучин О.Баярсайхан үзэгчдийн анхаарлыг татлаа.
Энэ удаагийн хагас шигшээ шалгаруулалтын хамгийн сүүлийн оролцогч болох О.Баярсайхан ч бас үзэгчдийн суудлаасаа босож, хүндэтгэл үзүүлэхүйц үзүүлбэр бэлдсэн байв. Энэ удаагийн шалгаруулалтад ч баргил хоолойтой дуучин залуу илүүрхэх бололтой.
Дууны сонголт, үзэгчдийн суудлаас хүүгийнхээ ээждээ зориулсан дууг сонсохдоо нулимс дуслуулан суугаа ээжийнх нь төрх үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн нь гарцаагүй.
Өөрт таалагдсан оролцогчдоо 1900-1199 дугаарт залгаж, эсвэл 151199 дугаарт оролцогчийнхоо дугаарыг мэссэжээр илгээж саналаа өгөөрэй.