Үзэгчдийн дэлгэцийн өмнө “уяж” байгаа нэгэн сонирхолтой нэвтрүүлэгч бол “Монгол HD” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу гэдэгтэй уншигчид маргахгүй байх. Энэ нэвтрүүлгийн оролцогчид нь олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчдийг талцуулж ч амжсан. Шилдэг 32 оролцогч тодорч, тэдний эхний найм нь өнгөрсөн ням гаригт тоглолтоо үзүүлсэн. Тэдний дундаас барилгачин залуу А.Отгонбаярыг илүү олон үзэгч дэмжсэн гэдэг.
Шоуг зохион байгуулагчид оролцогчдодоо бэлтгэлээ сайн базааж, шоунаас өөр зүйлд анхаарлыг нь хандуулуулахгүйн тулд бусад телевиз, радио, сонинд ярилцлага өгөхийг нь хоригложээ.
Тэр ч бүү хэл шүүгч нар ч ачаалалтай байгаа учраас бараг л ярилцлага өгөхгүй хэмээн зохион байгуулагчид ярьж байсан. Мэдээж олон улсад алдаршсан шоуг эх орондоо маш өндөр түвшинд зохион байгуулж байгаа тэдэнд баярлаж буй ч оролцогдоо “өмчилсөн” нь арай л шударга бус байна хэмээн зарим үзэгч шүүмжилж байлаа.