“CAC pictures”, МN 25 дугаар суваг телевиз хамтран Монголын анхны реалити шоу “Миний гэр” цувралыг хийж байсан түүхтэй. Монголын телевизийн урлагийн түүхэнд анхны тодотголтой олон сонирхолтой нэвтрүүлэг хийж байсан МN 25 дугаар суваг телевизийнхэн өнгөрсөн жилээс хойш “21000” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож буй. Энэ шоуны дөрөв дэх цуврал ирэх сарын 7-ноос үзэгчдийн хүртээл болно.
10 хоногийн турш нэвтрүүлгийн хоёр оролцогч 21 мянган төгрөгөөр хүнс, хоолоо базааж аж төрөх ёстой бөгөөд өмнө нь “нүүрний буян”-аа ашиглан хүнсний бүтээгдэхүүний үнийг хямдруулж авдаг байсан бол энэ дугаараас эхлэн үүнийг хоригложээ. Дэлгүүр, зах, худалдааны төвд ямар үнээр борлуулж байна, тэр дагуу худалдаа хийхийн зэрэгцээ, нэвтрүүлгийн багийн өгсөн даалгаварыг оролцогчид биелүүлдэг.
Энэ шоуны анхны дугаарт УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “ Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нар оролцож, 10 хоногийн дараа Э.Ганболор 440 төгрөгийн илүүтэйгээр ялагч болжээ. Энэ шоунд оролцсон 10 хоногийн хугацаанд дуучин бүсгүй хоёр килограмм жин “хаясан” тухайгаа ярьж байсан.
Ямар ч бүсгүйчүүд илүү тооцоотой, тэвчээртэй гэдгийг Э.Ганболор харуулж чадсан юм.
Хоёр дахь цувралд өрсөлдсөн “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөрөөс мөн л 440 төг илүү хэмнэж, ялагч болсноор гурван сая төгрөг гардсан юм. Тэд шоуны турш 2-2.5 кг жин хассан гэдэг.
Сүүлийн “21000” шоунд жүжигчин Б.Навчаа, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар оролцож жүжигчин бүсгүй түрүүлжээ.
Харин энэ удаа жүжигчин Д.Оюунтуул, “Хоолондоо” нэвтрүүлгийн хөтлөгч, тогооч Я.Энхээ нар 21000-ын аянд нэгджээ. Тэдний хэн нь илүү хямгач байхыг үзэгчид ирэх сард үзэх нь.
Энэ шоу нэвтрүүлгийн найруулагч нь Д.Эрдэнэбаяр, редактор нь В.Зоригтбаатар юм. Харин эвлүүлгийн найруулагчаар Батбаяр, Батболд нар ажиллаж, закадр текстийг нэвтрүүлэгч Цэрмаа уншдаг аж.