“Пентатоник” академийн ерөнхийлөгч, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион интернэтээр цацагдаж буй “Монгол дуу дэлхийд” нэртэй уралдаан зохион байгуулж байгаа. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
-Таныг “Монгол дуу дэлхийд” хэмээх уралдаан зохион байгуулж байгаа гэж сонслоо. Энэ тухай яриач?
-Зохион байгуулалцаж байгаа гэвэл зөв болно. Гол зохион байгуулагч нь БСШУЯ юм. Сайд Л.Гантөмөр санаачилж, Соёлын бодлого зохицуулалтын газар хариуцан ажиллаж байгаа.
-Сайд яг ямар санаа гаргасан юм бэ?
-Монгол дууг экспортлох нэг арга бол орчуулж дуулуулах явдал юм. Гадаадынхан монгол дууг дуулахад хэлний баялаг, хэллэгийн онцлогоос шалтгаалаад бэрхшээлтэй байдаг. Тиймээс үгийг нь гадаад хэл рүү хөрвүүлэн дуулуулах нь үр дүнтэй.
Сайдын гаргасан санаа нь ердөө л энэ. Энэ санааг хэрэгжүүлэх ажилд хамтрах санал тавьсан, би зөвшөөрсөн. Энэ удаа рок поп дууны төрлөөр дагнаж байгаа болохоор надад ойр.
-Уралдааны бичлэгүүдийг YouTube-д байршуулсан байна билээ. Монгол дууг гадаад хэлээр сонсоход сонин санагдсан шүү.
-Ер нь аливаа үндэстэн, ард түмний дууг өөр хэл рүү орчуулж, дуулна гэдэг амаргүй. Дуу гэдэг тухайн ард түмнийг илэрхийлэх толь. Ялангуяа дуу хуурын ертөнц илүү сонирхолтой, бас түвэгтэй.
Уртын дууг маань өөр хэл рүү орчуулж дуулна гэдэг юу л бол. Тиймээс арай хялбар гэдэг утгаар нь рок поп дууны төрлийг чухалчилж байгаа юм.
-Өмнө нь ийм зүйл байсан байх. Намайг бага байхад “Аяны шувууд”-ыг гадаадын нэг дуучин дуулсан шиг санах юм?
-Байсан. Гэхдээ тун ховор. Оросоор дуулсан цөөн тохиолдол бий. Харин эсрэгээр гадаад дууг монгол хэл рүү орчуулж дуулсан нь олон. Би хүртэл “Ялла”-гийн “Сүүлчийн найраглал” дууны үгийг орчуулж, “Киви” хамтлаг дуулсан байдаг.
Бас Фрэнк Синатрагийн “Some¬thing stupid” дууг монголчилж байлаа. Орчуулагч Ж.Буд-Эрдэнэ “Битлз”-ийн хамгийн алдартай дуунуудыг орчуулж цомог гаргаж байсан.
-Тэгэхээр энэ уралдаан гадаад сурталчилгааны нэг том гүүр болох нь ээ?
-Дуугаар ард түмнээ таниулах нэг гүүр болно. Мөн монгол аялгуу, Монголын рок попыг таниулах зам юм. Тийм ч учраас бид уралдааны эхний шатны шалгаруулалтыг цахимаар зарласан. Нас, хүйс, үндэс угсаа гээд хязгаар байхгүй.
-Уралдаанд оролцогчдын дууны үгийг ямар хүмүүс орчуулж байгаа вэ?
-Шүлгийн орчуулгыг хянах, шалгахад хэлний мэргэжилтнүүд ажилласан. Дууны утга алдагдах ёсгүй шүү дээ.
-Уралдааны шувтаргын шатанд хэчнээн оролцогч үлдэв?
-Нийт 65 хамтлаг, дуучин өөрсдийн орчуулж, дуулсан хувилбараа ирүүлснээс 15 оролцогч шалгарсан. Уралдааны шувтаргын шатаа интернэтээр биш, телевизээр үзүүлэх болно. Нэгдсэн тоглолт зохион байгуулж, оролцогчдоо байр эзлүүлнэ. Шалгарсан дуунуудаар цомог гаргаж, клип хийлгэхээр төлөвлөж байна.
А.ХАЛИУН