Т.ГАЛСАН
Ардын уран зохиолч
1971 оны долдугаар сарын 7. Нийслэлээс зүүн урагш өртөө орчим газарт түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Монгол ноёд, хатагтай, хятад наймаачин, төвд лам, орос цэрэг, лалын хуварга таван хэлийн хүн зон морьтой, явган хөлхөлдөж, эрээн асар майхан энд тэндгүй алаглана.
Монголын түүхийн эгзэгтэй ээдрээтэй үеийн тухай кино туульсын хоёрдугаар анги “Тэмцэл” киног Улсын их баяр наадмын янар дуусгаж дэлгэцэнд гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн уран бүтээлчид цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа нь энэ ажээ.
Хэрвээ эл киног наадмын урьд өдөр дэлгэцнээ шилжүүлж эс амжваас нэгдүгээрт, “Монгол кино” үйлдвэрийн уран бүтээлийн төлөвлөгөө тас үсрэх. Тасаг цехүүд бангадуулж, дагзаан халцартал нойр, хоолгүй зүтгэх. Хоёрдугаарт, үзэл суртлын ажилд хашин хойрго хандаж хариуцлага алдсан дарга нар тамгаа шилжүүлэх нээнтэгтэй байлаа.
Гэтэл тэнгэр киночдын зовлон, нам засгийн даалгаврыг ойлгосонгүй. Долоон өдөр бороо орж, нар гарсангүй. Нар бол хэдийгээр дэлгэцэнд нэр нь гардаггүй ч киног хамтран бүтээгчдийн нэг билээ.
-Хар ус биш, энэ чинь шар тос. Орвол орог! гээд инээж байсан кино найруулагч, Төрийн шагналт Д.Жигжид гуай хүртэл “Хур-аан болиоч! Нар-аан хайрлаач” гэж дархад хүний зангаар луут хөх тэнгэрт сэм залбиран сэржим өргөсөн гэхэд хилсдэхгүй.
Тоглолтдоо бэлдсэн жүжигчид, зураг авахаар зэхсэн О.Уртнасан, Г.Цэрэн тэргүүтэй зураглаач, хээрийн хойморт залхсан хэдэн мянган хүний сэтгэл яг л уйлагнаа тэнгэрийн аясаар баргархан бас үймэргэн байлаа. “Тэнгэрийн муу арилдаг” гэж монголчууд ярьдаг үнэн ажээ... Найм дахь хоногийн үдээс хойш үүл сийрч, хясамхай наран доогтойхон мушийлаа. Олон хоног бэлтгэл сургуулилалтаа ягшуулсан киночид зураг авалтдаа шаламгайлав.
“Зургандаа!” гэж Жигжид гуай дархад дуу аялгаар хашгирав. Зургийн талбарт найруулагчаас том жанжин байдаггүй хойно доо. Чингис хааны зарлигийг есөн өрлөг нь яаж ягшуулдаг байсанчлан бүх хүн үүрэгт ажилдаа шоргоолжийн арми шиг шамдлаа.
Шадар бараа бологсдоо дагуулсан Богд гэгээн (БНМАУ-ын ардын жүжигчин Н.Цэгмид) улаан шарыг тунаруулсаар Ардын засгийн наадамд заларлаа. Хэдийгээр Ардын засагт эрх дарх нь хумигдаж, сүр сүлд нь баахан дарагдсан ч, сүсэгтэн олны сэтгэлд яг л амьд бурхны дүрээр буугч Богд хаандаа наминчлан мөргөж, гишгэсэн газрынх нь шороог атган булаалдах аж.
Мэлмий бүдгэрсэн их хаантан гуниглуун атлаа ихэмсгээр намс намс алхлан шар эрээн асартаа морилж, алтан манжлагат сэнтий дээрээ заларлаа. Энэ хэсгийн зургийг гуравхан аваад больсон нь сайн жүжигчин, туршлагатай зураглаач нартаа найруулагч итгэснийх.
Уг номоороо бол 6-12 удаа давтан авдаг журамтай. Хамгийн гол нь тэнгэрийн баруун хаяа руу тонгойсон нарыг жаргахаас өрсөж, бүх зургаа авч амжуулах гэсэн хашир найруулагчийн дотор тооцоо лугаа холбоо байгаа бололтой.
Одоо, ялсан төрийн шинэ эзэд Засгийн газрынхаа хөх асарт морилох зургийг авах л үлджээ. Бүх хүн жин тан. Орос, монгол цэргүүдийн жагсаал жигдэрчээ. Гайхалтай нь хамгийн гол хүн жанжин Сүхбаатар (жүжигчин Дашнамжил) л алга!
“Сүхбаатар зургандаа!” гэх Жигжид гуайн хашгираа тэнгэрийн дуу шиг тодхон цууриална. Сүхбаатар-Дашнамжил алга. Дашнамжил бол “Өглөө” кинонд Д.Сүхбаатарын дүрийг бүтээсэндээ ихэд урамшсан, дуулгавартай, соёлтой залуу жүжигчин билээ.
Улс хувьсгалын 50 жилийн ойд бэлэг болгон өргөх “Тэмцэл” киног хойшлуулахгүйн тулд, хяслантайяа туссан мухар олгойгоо эмчээс гуйн байж архагшуулаад ирсэн жүжигчин маань энэхэн мөчид алга байдаг нь юуных вэ?
- “Арай олгой нь хагарчихав уу? Аль эсвэл гай дайрав уу?” Мах комбинатын ясчнаас “Монгол кино”-ны зохион байгуулагч болж дэвшсэн өчүүхэн миний бие зургийн дарга С.Эрдэнэ гуайн тушаалаар Д.Сүхбаатарын гэрт гүйн очлоо.
Гэтэл... жанжин маань жанжин ч гэж дээ Дашнамжил маань уйлж сууна. Инээснийг асуу. Уйлсныг бүү асуу гэдэг. Одоо яалтай вэ? Хажууд нь аргадан суугаа эрийг харцаараа дуудан, гадаа дагуулан гарч шивнэн асууваас:
-“Дашнамжилын таван настай хүү нь үүрээр нас барлаа. Би Дашнамжилыг аваачихаар ирээд байна” гэх нь тэр ээ.
Зохион байгуулагч гэдэг бол зургийн даргын зарц. Дамбий “Жа”-гийн тоодон гэсэн үг. Би бол тоодонгийн тоодон. Яахаа мэдэхгүй гүйн дэгдэж, зургийн талбайд ирээд найруулагч, зураглаач нарт гашуудлын мэдээг хулчгардуухан дуулгалаа. Найруулагч тэргүүтэй томчуул уй гунигт автсан жүжигчнийхээ гэр өөд царай баргар, толгой гудгар алхацгаалаа. Зургийн талбайд үлдэгсэд:
-Одоо яана аа?
-Энэ кино цагтаа гардаг өнгөрлөө...
-Оршуулга өнгөрөхийг хүлээвэл гурав хоног...
-Үрээ алдсан эцгийн гуниг нимгэрэхийг хүлээвэл лав нэг жил...гэж туслах найруулагч Б.Бадар-Ууганаас алдарт жүжигчин Д.Чимид-Осор гуай хүртэл гаслан бухимдана. Би томчуулын цугласан гэрт хулчгардуухан явж орлоо.
Тэд энэ зуур юу ярьсныг яахин мэднэ. Харин Жигжид гуай уй гашуудлын буруут эзэн нь өөрөө юм шиг, Дашнамжилын нүүр өөд эгц харж чадахгүй дальдран байснаа
“За хүү минь! Чи одоо үрээн алдсан эцэг Дашнамжил биш, төрийнхөө их наадмыг эхлүүлэх гэж байгаа их жанжин Сүхбаатар шүү” гэх нь тэр! Гэрт ялаа нисэх нь тодхон дуулдана. Нэгэн зуурын зовлонтой чимээгүйг эвдэн:
“За, миний нүүрийг ахиад нэг будчих даа” гэж Дашнамжил хэллээ.
Нулимсны үерт халтайсан нүүр төдхөн их жанжны галтайхан төрхийг олов. Жанжныхаа араас зургийн талбай зорин яваа уран бүтээлчид нулимсаа нуун арчицгаана. Сүүлчийн зураг авахад нь туслах гэсэн шиг уярсан нар гэгээн гэрлээ хайр найргүй балгадан цацраасаар л...
Сүхбаатар (Дашнамжил) тэргүүтэй Ардын нам, төрийн жолоодогч нар наадмын талбай дундуур жавхалзан алхлаа. Гуулин хөгжмийн аялгуунаа ялалтын марш нүргэлсээр... Эрэлхэг баатрыг нь харуут л мэдэм өндөр нуруу, ханхар цээжтэй, оюун ухаан, баяр баясгалан нэвт гэрэлтсэн цоглог нүдтэй жанжнаа ард олон баярлан хөөрч, уухайлан угтав. Энэ бол байлдан олсон тусгаар тогтнолоо, ялсан хувьсгалаа талархсан ард түмний сэтгэлийн давалгаа аж.
Уран сайхны киноны хэсэгчилсэн зураг бүрийг 6-12 удаа авч, аль сайн болсныг нь шилэн угсардаг ёстойг би дээр дурдсан. Харамсалтай нь, энэ удаагийн зургийг нэгээс илүү авч зүрхэлсэнгүй. Учир нь уй гашууд дайруулсан эцэг уйлаад суучих нь тэр ээ. Зургийн дарга хотын зүг яаран давхилаа. Үдэш эргэж ирэхдээ мөнөөх өдрийн авсан зургийг угаалгаад иржээ.
Уран бүтээлчид догдлон, халшран байж дэлгэц ширтлээ. Ёслолын жуузаар дайрах эзний омоггүй атлаа эр хүн, эрхэм удирдагчийн шинж тэгширсэн жанжин маань юутай сүр жавхаалаг, сүлд хийморьтой, баяр баясгалантай харагдана вэ? Бүгд алга ташин, нулимсаа арчин уухайллаа. Жүжигчний зүрх цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн атлаа шийдсэн үед ширээсэн ган шиг хаттай болж чаддагийг бид гайхав.
Уй гунигийн бараан эргүүлэгт унасан эцгийн эмгэнэл, ялсан төрийн жанжны гэгээн баяр хөөр, нэгэн зүрхэн дундуур яаж багтан үерлэж чадсаныг одоо ч би гайхан биширдэг.
Ийнхүү Монголын киночид нэгэн шинэ бүтээлээ Улсын их баяр цэнгэл наадмын өдөр дэлгэцнээ амжин гаргаж билээ.
Үнэнийг хэлэхэд, “Тэмцэл” киноны Сүхбаатар бол ялалтын баяр, гашуудлын нулимсанд угаасан баатрын дүр бөлгөө.
ТАЙЛБАР:
Энэ кино улаан үзэл суртлын мангаануудын гайгаар түүхэн үнэнийг гуйвуулсан агуулгатай. Эл найруулалд киноны агуулгын тухай бус, Дашнамжил гэдэг жүжигчний тухай бичсэн юм шүү.