П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны гран при шагналыг хүртсэнээсээ хойш дэлхийн алдартай тайзнаа ээлж, дараалан тоглож байгаа гавьяат жүжигчин Г.Ариунбаатар удахгүй эх орондоо “Монгол сонгодог” тоглолтоо хийхээр болжээ. Гурван жилийн өмнө арванхоёрдугаар сарын 1-нд тэрбээр анх удаа “Монгол сонгодог” тоглолтоо хийж, М.Глинкийн уралдаанд түрүүлж, гавьяат жүжигчин болсоныхоо дараа ард түмэндээ уран бүтээлээ тайлагнасан. Тэгвэл энэ удаа хоёр дахь удаа эх орондоо бие даан тоглох нь. Тоглолтын тов болон хөтөлбөрийг хараахан зарлаагүй байгаа ч Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн “Ус мөрөн олон чиг” болон Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлийг хүргэх нь.
Денис Мацуев
Өдгөө дуучин залуу Улаан-Үдэд байгаа бөгөөд өнөөдөр Москвад очиж алдарт төгөлдөр хуурч Денис Мацуевтай бэлтгэл хийгээд, тэд хамтдаа Тюмень хотод тоглолт хийх аж. 11 дэх удаагийн П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны ялагч Денис Мацуев энэ шагналыг 23 настайдаа хүртсэн байдаг. Түүнчлэн дараа нь буюу энэ сарын 28-нд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Улаан-Үдэд бие даасан тоглолтоо хийх юм. Өнгөрсөн хавар тэрбээр анх удаа Буриадын үзэгчдэд уран бүтээлээ толилуулж байсан бол олон улсын уралдааны гран при шагналыг хүртсэнийхээ дараа тоглолт хийх гэж буй нь энэ.
Улаан-Үдэд тоглолтоо хийсэн даруйдаа тэрбээр эх орондоо ирэх юм билээ.