Хип хоп хөгжмийг 1970- аад оны үед Нью-Йорк хотоос үүссэн гэдэг. Дижей нар үдэшлэг зохиох үедээ бусад дуунаас бөмбөрийн дуугаралттай хэсгийг авч эвлүүлэн хэмнэл гаргасан нь хип хоп урлагийн эхлэл болжээ. Гол төлөөлөгч нь дижей Клайв Кэмпбелл буюу Күүл байсан бөгөөд тэрбээр үдэшлэг дээрээ уриа, зарлалын шинжтэй зүйлсээ хөгжмийн хэмнэлд тохируулан үглэх байдлаар хэлдэг байсан нь реп үүсэж хөгжихөд голлох үүрэг гүйцэтгэжээ.
Харин Монголд MTV, MCM, “Channel V” зэрэг барууны хөгжмийн сувгууд орж ирсэн нь Ванилла Айс, Ву-Танг, Тупак, Күүлио, Доктор Дре, Снүүп Дог гэх мэт хамтлаг, дуучдыг Монголын хүүхэд залуучууд мэддэг болоход нөлөөлжээ. Яг энэ үеэс реп, хип хоп хөгжим сонирхогчид хүчээ авч эхэлсэн гэдэг. Тэр бол 1995-1996 он байлаа.
Тухайн үед нийслэлийн тавдугаар сургуульд багшилдаг байсан Жейсон Готфрейд хэмээх англи залуугийн тухай дурдалгүй өнгөрч болохгүй.
“Ву-Танг Клан” хамтлагийг шүтдэг, “хип хоп мессенжер” гэж өөрийгөө цоллодог байсан энэ залуу хип хоп цомгийн арвин цуглуулгатайгаас гадна “Хөх тэнгэр” радиод нэвтрүүлэг хөтөлдөг байсан нь монгол залуусын сонирхлыг өдөөхөд том хувь нэмэр болсон гэдэг. Тэрбээр “Люмино” хамтлагийн нэрийг өгч байжээ. Эндээс “Люмино” хамтлагийн түүх эхэлнэ.
БАГЫН НАЙЗАА УРУУ ТАТАВ
“Люмино” хамтлаг анх Д.Анхбаатар, Чинзориг, Тамир гэсэн бүрэлдэхүүнтэй байжээ. 1998 оны намар Д.Тэмүүжин дижей Өөжийтэй хамтран нэгэн хип хоп шоу зохион байгуулсан байна. Тэр тоглолтын үеэр Д.Тэмүүжин (МС) Д.Анхбаатартай танилцжээ.
Д.Тэмүүжин “Анхаа надад хамтлагтаа нэгдэх санал тавьсан. Би ч шууд зөвшөөрөөд бид хоёр уулзахаар тохирсон. Тэр үед ямар гар утас гэж байсан биш. “ТБД Андууд”-ын өмнөх автобусны буудал дээр уулзахаар болзсон. Гурван цаг хүлээж байж уулзаж байсан даа” гэж дурссан юм.
Тэр өдрөө “Нью стар” студийн захирал С.Гантөртэй уулзаж, хамтлагийн бүрэлдэхүүнээ өөрчилж, шинэ уран бүтээл хийж эхлэх болсон тухайгаа дуулгажээ.
“Би чамд хайртай” дууг “Трио” хамтлагтай хамтран дуулсан байдаг. Тус хамтлагийн нэг гишүүн нь Б.Батхишиг байлаа. Уг дуу нь ч багагүй амжилт авчирч, хүмүүсийн аманд аялагддаг дуу болжээ. Энэ үеэс тэд Б.Батхишигийг хамтлагтаа урвуулахаар оролдож эхэлсэн гэнэ.
Д.Анхбаатар “Батхишиг бид хоёр нэг байранд өссөн, дөрөвдүгээр ангиасаа л нөхөрлөсөн найзууд. Тийм болохоор ятгахад тийм ч хэцүү байгаагүй” гэсэн. Ингээд Ганхөлөгийг хамтлагтаа нэмж элсүүлснээр “Люмино” хамтлаг албан ёсоор таван гишүүнтэй болжээ.
НЭГ ШӨНӨ ГУРВАН ДУУ
Анхны “Өвөл” дуугаа “Хөх тэнгэр” радио станц буюу FM 100.9-ийн нэвтрүүлэг явуулдаг өрөөнд бичүүлж байжээ. Өмнө нь дуу бичлэгийн студид орж үзээгүй байсан болохоор их сонирхолтой санагдаж, бас туршлагагүй учир удаан бичүүлснээ одоо тэд дурсдаг. Ингээд 1999 онд “Би чамд хайртай”, “Их гүрэн”, “Өвөл”, “Цагаачид”, “Хайрла” зэрэг дуунууд ар араасаа цацагдсанаар тус хамтлаг олонд танигдаж эхэлжээ.
“Люмино” хамтлагийн уран бүтээлүүд ихэнхдээ Д.Анхбаатарын гэрт төрсөн гэнэ. Б.Батхишиг “Анхаа голдуу гэртээ ганцаараа байдаг, найзууд нь их цугладаг байлаа. Ээж нь ч биднийг их ойлгодог, дэмждэг байсан. Бид тэднийд нэг шөнийн дотор гурван дуу ч хийж байсан түүхтэй” гэсэн. Тухайн үед FM 102.5-аас хит дуу шалгаруулдаг байлаа.
Тус хамтлагийн дуунууд хит парадад байнга дээгүүр жагсдаг байв. Хамтлагууд бүгд шахам un-derground, hardcore, gangsta rap гэх мэтийн хараалын үгс олонтой хүнд хэлбэрийн хэв маягийг сонгож байсан. Иймд олон нийтэд хандсан арилжааны зорилготой, хайрын дуу гаргах нь амжилт олох хамгийн дөнгүүр зам байсан.
Түүний нэг жишээ бол “Люмино” хамтлагийн “Бүтэлгүй хайр” дуу. Энэ дуу жинхэнэ хит болсноор хип хоп хамтлагуудыг олонд таниулах гол хөшүүрэг болсон юм.
90 САЯ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЖЭЭ
Монголд хип хоп дуундаа клип хийлгэсэн анхны хамтлаг “Люмино”. Тэд 2000 оны гуравдугаар сард “Бүтэлгүй хайр” дууныхаа клипийг үзэгчдэд хүргэжээ. 1999 оноос радиогоор цацсан, хит дуу учраас клип хийлгэхэд бэрхшээл тулгарсангүй. Тус клипний зураг авалтыг хийхдээ өөрсдөө графит зурсан гэдэг. Тэр оны намар тэд “Танихгүй охины захидал” кинонд хамтлагаараа тоглосон байдаг.
Тухайн үед хип хоп хамтлагийн гишүүд кинонд тоглосон нь шинэлэг зүйл байлаа. Шинэ бүхнийг сэтгэдэг тус хамтлагийн “Намайг дагаад цэнгэ” дууны клипийг МҮОНТ-ээр гаргахыг хориглосон. “Намайг дагаад цэнгэ” дуугаараа 90 сая төгрөг олсон” гэж тус хамтлагийн ахлагч Д.Тэмүүжин “Репийн нууц” номондоо дурджээ.
Хамтлагийнхан анхны тоглолтоо 1999 оны аравдугаар сарын 30-нд “Топ тен” клубт хийжээ. “Хонгилоор дүүрэн хүмүүс хүлээгээд зогсчихсон. “Люмино” гээд зарлахад хүмүүс орилолдоод л. Биднийг үзэх гээд ирсэн шүү дээ гээд бодохоор л баярлах, сандрах мэдрэмж зэрэг төрөөд, уйлмаар ч юм шиг санагдаж байсан” гэж тэд дурссан.
Тэд 2000 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд хоёр дахь тоглолтоо хийсэн. Монголын хип хоп хөгжмийн түүхэнд анх удаа амьд хөгжимтэй тоглосон юм. “Никитон” хамтлагийн хөгжимчид уг тоглолтод оролцож байжээ.
АНХНЫ ХИП ХОП ЦОМГИЙН ЭЗЭД
“Люмино” хамтлагийнхан Монголын хип хоп хөгжмийн түүхэнд их олон зүйлээр анхдагч болсон аж. Тэд мөн л анхны цомгийн эзэд. “Энд гарч ирэв” хэмээх цомгоо 2001 онд “Сонор” студид бичүүлсэн. Үүний дараа 2002 онд “Ирээд буцсан хайр минь”, 2004 онд “Гэрэлт хорвоод”, 2004 онд “Ламбагуайн нулимс”, 2006 онд “Хуучин сургууль” цомгоо гаргажээ.
Б.Батхишиг “2001 онд би гадаад руу сургуульд явчихсан. Өвөлдөө энд байдаггүй байлаа. Зуны амралтаараа ирэхдээ клипний зураг авалтдаа оролцож, шинэ дууныхаа бичлэгт ордог байлаа. Намайг явсны дараа яг л байгаа юм шигээр шинэ дуунууд цацагдаж, цомог худалдаанд гардаг байсан. “Гэрэлт хорвоод” бол манай хамтлагийн хамгийн шилдэг цомог.
Бидний хамгийн шилдэг уран бүтээлүүд багтсан” гэсэн. “Люмино”-гийн “Гэрэлт хорвоод” цомог 15 мянган хувь борлогдсон нь хамгийн сайн зарагдсан цомгуудын хоёрдугаарт жагсдаг гэнэ. Харин Д.Тэмүүжин “Гадаадын соёлыг монгол хөрсөн дээр яаж буулгах вэ гэж их удаан бодсоны үндсэн дээр “Ламбагуайн нулимс” цомог бүтсэн.
Үндэсний хөгжмийг хип хоп хөгжимтэй хослуулах оролдлого л доо” гэж цомгоо магтдаг. “Хуучин сургууль” цомгоо гаргасны дараа хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээ хийж эхэлжээ. Энэ хугацаанд Д.Анхбаатар хөгжмийн “Introduction to nomads”, Д.Тэмүүжин “Platinum beatz”, “Romantic beatz” цомгуудаа гаргасан бол Б.Батхишиг R&B урсгалаар уран бүтээлүүд хийж байгаа.
2011 оноос “Люмино” хамтлаг уран бүтээлүүдээ түлхүү хийж эхэлсэн. Давтагдсан тоогоор олон улсад болон орон нутагт 150 гаруй бие даасан тоглолт, таван цомог, 24 видео клипийг сонсогчдын хүртээл болгосон тэд одоо “Хэмнэл нэрэгч” төслөө үргэлжлүүлж буй.
Уг төслийнхөө хүрээнд тэд өнгөрсөн наймдугаар сард бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулсан. Мөн энэ төслийн нэрээр нэрлэсэн цомгийг гаргахаар ажиллаж байгаа юм. Тэд “Тайзан дээр байх мөч, үзэгчид уран бүтээлийг чинь дагаж дуулах үе маш их эрч хүч өгдөг” гэсэн.
А.ХАЛИУН